Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоосноор аль салбарынхны цалин яаж нэмэгдэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдэхдээ "9 дүгээр сарын 1-нээс эхлэн цалин нэмнэ. Багш, эмч нартай дүйцэхүйц албан тушаалтан болон тэдгээрээс бага цалинтай хүмүүсийн цалинг найман хувиар нэмнэ. Үүнд үйлчилгээ, төрийн захиргааны албан хаагчид ч бас хамаарна.
Нийт 145 мянган хүний цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмж байна.
Эхний ээлжинд боловсрол, эрүүл мэндийн салбарт хийгдсэн судалгаан дээр үндэслэн ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох ажлыг хийж байна. Эрүүл мэндийн салбарт хийгдсэн судалгаанаас хамгийн өндөр ачаалалтай нь сувилагч, боловсролын салбарт бага ангийн багш, цэцэрлэгийн багш гэж тодорхойлогдсон. Тиймээс сувилагч нарын ангиллыг хоёр ахиулах, бага ангийн багш нар, цэцэрлэгийн багш нарын ангиллыг нэг ахиулах шийдвэр гаргасан. Ингэснээр сувилагч нарын цалин 20-30 хувиар, бага ангийн багш, цэцэрлэгийн багш, тусгай хэрэгцээт сургуулийн багш нарын цалин 14 хувиар нэмэгдэнэ.
Соёл урлагийн салбарынхны цалинг 8 хувиар нэмэхийн зэрэгцээ ангилал зэрэглэлийг нь шинэчлэн тогтоож байгаа. Тиймээс энэ салбарынхны цалин 14-32 хувиар нэмэгдэнэ.