Хүн амын дунд бичил тэжээлийн дутал байнга өсөн нэмэгдсээр байна. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Батзориг, Ц.Гарамжав нараас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Хүн амын бичил тэжээлийн дутлыг хамгийн бага зардлаар нөхөх гарц, шийдэл нь хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг амин дэмээр баяжуулах явдал юм.
Уг хууль нь 4 бүлэг 13 зүйлтэй, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааны дүнг үндэслэн эрүүл мэндийн болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран албан журмаар баяжуулах хүнсний саналыг Засгийн газарт хүргүүлэх бөгөөд тухайн саналыг үндэслэн албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтыг Засгийн газар батлах гэнэ. Улмаар албан журмаар баяжуулах хүнсний төрөл тус бүрээр Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь бүтээгдэхүүний үндэсний стандартыг батална. Үндэсний стандартын хүрээнд тухайн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ баяжуулж үйлдвэрлэхээр болжээ.