Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулахаар тогтоол батлав. Шинэ агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын зохицуулалтыг хангах, тэдгээр иргэний хөгжил, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх, тэдний талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэх юм.
Агентлаг байгуулах шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Цаашид Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарлаа хандуулж, цогц арга хэмжээ авна. Тухайлбал, тусгай хэрэгцээтэй иргэдэд зориулж асрамжийн төв байгуулах шаардлагатай. Хүүхдийн халамжийн төвүүдийн дөрөв нь л төрөөс санхүүждэг” хэмээн онцолсон.
Уг байгууллагын хүний нөөцийг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс бүрдүүлэх юм байна. Тодруулбал, тус төвийн 121 ажилтнаас 35-ыг нь төрийн захиргааны албанд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлэх аж. Ингэхдээ шаардагдах төсвийг нь ч шилжүүлэн зохицуулах гэнэ.
Харин Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн харьяанд Протез, ортопедийн үйлдвэр, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль болон Сэргээн засах төв гэсэн улсын төсөвт гурван үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах юм. Орон нутагт тус агентлагийн чиг үүргийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар (хэлтэс)-т ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэхээр тооцжээ.
Гэхдээ цаашид хоёр орон тоо нэмж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх гэнэ. Түүнчлэн тус агентлагт хөгжлийн бэрхшээлтэй хүний зовлон, жаргалыг аль болох ойлгож, мэддэг, мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулахыг Засгийн газрын тэргүүн чиглэл болгожээ.
Өнгөрсөн оны байдлаар манай улсад нийт хүн амын 3.3 хувь нь буюу 103.6 мянган иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Тэдгээрээс 15-59 насны иргэдийн 28 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Түүнчлэн ийм иргэдийн 42 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байгаа тул өвчнийг нь эрт илрүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа хандуулах нь тус агентлагийн зорилго байх аж.
Дашрамд дурдахад, мэдээллийн үеэр сайд С.Чинзоригоос ОУВС-гийнхантай тохиролцоонд хүрсэн, эсэхийг тодруулахад “Манай яам ирэх долоо хоногийн эхээр гурван талт улсын хэлэлцээрээ эхлүүлэхээр МҮЭХ-ныхонтой ярилцаж байна. Цалин нэмэгдүүлэхтэй холбоотой саналаа Засгийн газарт ирэх долоо хоногтоо багтаан танилцуулахыг зорьж байгаа.
Мөн ирэх оны төсөвт 17 орчим тэрбум төгрөг суулгаж, МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор ярьж эхэлсэн. Үүнийг бидний саналын дагуу шийдвэрлэх болов уу гэсэн хүлээлттэй байна” гэв.
“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ХӨТӨЛБӨР БАТЛАВ
Уг хөтөлбөрийг 2018-2022 онд 37 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэлээ. Санхүүжилтийг улсын төсөв болон гадаадын зээл тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, бусад эх үүсвэрээс хангах юм байна. Үүнийг хэрэгжүүлснээр хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулахыг зорьж байгааг Эрүүл мэндийн сайд онцлов.
Сайдын хэлснээр уг хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны бүх хүүхдийг үнэгүй эмчилж, эрүүл шүдтэй болгох гэнэ. Ингэхдээ өрх, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд төрөлжсөн тасаг байгуулж, тоног төхөөрөмжөөр хангаж, шүдний эмч нарын орон тоог шинээр бий болгох, төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2-16 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалын хүрээнд төлбөргүй болон хөнгөлөлттэй, ижил үнээр үйлчлүүлэх боломж бүрдүүлэх юм байна.
НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛЬД 390 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХ НЬ
УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахад шаардагдах төсвийг 390.6 сая төгрөг байхаар УИХ баталсан. Үүнийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тогтоолыг өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийт зардлын 228.1 сая төгрөгийг Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт зарцуулах бол бусдыг нь Булган, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Орхон, Хэнтий, Завхан, Говь-Алтай аймагт тус тус болох орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулиудад хуваарилах юм байна.