-“Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн хүрээнд хилийн чанад дахь монголчуудаас санал авчээ-
ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга өмнө нь “Монгол Улс байгалийн асар их нөөцтэй. Харин Германы газар шороонд байхгүй. Гэхдээ бидний “ашигт малтмал” оюун ухаан, тархинд бий” гэж хэлж байв. Тэгвэл тус улсын ноу-хау, технологи, стандартыг Монголд нутагшуулах, хөрөнгө оруулалтыг татах зорилготой “Invest in Mongolia” уулзалтыг энэ сарын 13-нд Франкфуртэд, “Deutsche bank”-ны төв байранд зохион байгууллаа.
Уг хот нь Европын эдийн засаг, санхүүгийн гол төвийн нэгд тооцогддог. Франкфуртийн хөрөнгийн бирж зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд тэргүүлдэг тул Европын эдийн засгийн төлөвийг илэрхийлэгч гэгддэг биз ээ. Тэнд сард дунджаар 122 тэрбум ам.долларын арилжаа хийдэг аж.
Үндэсний хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Deutsche bank” хамтран зохион байгуулсан, Хөгжлийн банк, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон дээрх уулзалтын үеэр Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, татварын хуулийн шинэчлэл зэргийн талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнбат Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд дараалан тэлсэн, гадаад валютын албан нөөц нэмэгдсэн, төсвийн алдагдал буурч байгааг дуулгахын сацуу хууль, эрх зүйн орчны талаар танилцуулсан.
Түүнчлэн уул уурхай, эрчим хүч, үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулах боломжийн талаар мэдээлэл өгөв. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат уулзалтыг нээсэн юм. Үүний дараа Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Энэхүү уулзалт нь хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газар Гурван тулгуурт хөгжлийн бодлого баталсан. Үүний хүрээнд 2018-2021 онд нэн тэргүүнд хэрэгжүүлэх томоохон 115 төсөлд хөрөнгө оруулалт шаардлагатай” гэв.
Тэдгээрт барилга, хот байгуулалт, зам, тээврийн, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, шинжлэх ухаан, уул уурхай, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарын төсөл багтаж буй. Сүүлийн жилүүдэд Германаас манайд оруулж буй хөрөнгө оруулалт “зогсонги” байгаа, үүнийг өөрчлөхийн тулд өндөр үр ашиг бүхий төслүүдийг танилцуулан, хамтран ажиллах санал тавьж буйгаа Б.Баярсайхан дурдаад, “Харилцан түншилж, шинэ технологи бүхий нэмүү өртөг, мэдлэг шингэсэн, европ стандартад нийцсэн үйлчилгээ, үйлдвэрлэлийг манай улсад эрхлэхийг уриалж байна” хэмээн тодотголоо.
Төслүүдийн талаарх мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгөхөөр цахим систем ашиглалтад оруулжээ. Монгол Улсад өдгөө 6000 үйлдвэр байгаагаас 3600 нь аймгуудад байршиж буй. Тэдгээрийн мэдээллийг цахим системээс (дэлгэрэнгүйг nda.gov.mn-ээс мэдэх боломжтой) харж болох аж. Тэгэхдээ сонирхож буй салбарынхаа мэдээллийг сонгох боломжтой бөгөөд гар утасны аппликэйшн хийснийг одоогоор монгол хэлээр ашиглах боломжтой бол энэ онд багтаад англи руу орчуулах нь.
Цахим системд тухайн компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний зураг, танилцуулга, таван жилийн төлөвлөгөө зэрэг мэдээлэл бий юм байна. Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон үнийн төсөөлөл, дотоод, гадаад зах зээлийн нийлүүлэлтийн сүлжээ, ложистикийнх нь талаар ч мэдэж болох нь.
Уулзалтын үеэр Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, Налайхын Барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулах боломжийн талаар Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд танилцуулсан юм. Тавантолгойн нүүрсийг эцсийн хэрэглэгчид хүргэх хүртэл дөрвөн удаа шилжүүлэн ачих явцад жингийн алдагдал гарч, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гээд олон асуудал тулгарч буй аж.
Гэхдээ төмөр зам барьж, Өлзий цагаан дэл, Ханги Мандал зэрэг боомтыг нээх замаар экспортоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртгийг өсгөхийн тулд нүүрсээ угаах боломжтой талаар ч дурдсан. Нүүрсээ угаачихвал 30-40 хувь илүү үнээр зарах тооцоо гарчээ. Тэрбээр хөдөө аж ахуй, эрчим хүчний төслүүдэд ч хөрөнгө оруулалт шаардлагатайг тэмдэглэснээс гадна Улаанбаатараас зүүн зүгт, Өндөрхаан орчим дахь вольфрам, молибдений ордын талаарх мэдээллийг өгсөн. Уг төсөлд 300 орчим сая ам.долларын хөрөнгө шаардлагатай юм билээ.
Тэгвэл оролцогчдын зүгээс төрийн өмчит компаниудад 100 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулахад тухайн аж ахуйн нэгжтэй шууд харилцах боломжтой, эсэх, Тавантолгойд нүүрс баяжуулах үйлдвэр баривал усны хэрэглээг хэрхэн шийдэх зэргийн талаар тодруулж байв. Дашрамд дурдахад, хувийн аль ч компани Үндэсний хөгжлийн газарт хандаж болох гэнэ. Тус газрынхан хөрөнгө оруулагчидтай холбож өгөхөд анхаарахаа илэрхийлж байлаа.
Лондон, Франкфуртэд болсон уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын сангуудтай холбоо тогтоосныг Үндэсний хөгжлийн газрынхан тэмдэглэснийг онцлууштай. Тухайлбал, Дубайн нэгэн сангийнхан манай улсад хөрөнгө оруулахыг нэлээд сонирхож буй юм билээ. Хонконгод болсон чуулга уулзалтын үеэр Монголын холбогдох хүмүүстэй танилцаад, ач холбогдол өгч Лондонд очсон байх жишээтэй. Ер нь уулзалтуудыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк, “Deutsche bank” зэрэг хөрөнгө оруулалтын банктай хамтран зохион байгуулж буй нь ч цаанаа учиртай.
Тэдний ард томоохон хөрөнгө оруулагчид байдаг бөгөөд мэдээллийг дамжуулан хүргэдэг. Франкфуртэд болсон уулзалтын үеэр “Morgan Stanley”-гийн санхүүгийн хэлтсийн шинжээч А.Баярмаа “Би 2014 оноос АНУ-ын, хөрөнгө оруулалтын “Morgan Stanley” банкинд ажиллаж байна. Гадаадад ажиллаж, амьдардаг над шиг хүмүүст энэхүү арга хэмжээ маш хэрэгтэй байлаа. Европын, тэр дундаа Германы хөрөнгө оруулагчид Монголын тухай бодитой мэдээлэл авахыг хүсдэг. Тэднийг Монголын хөрөнгө оруулалтын орчны тухай лавлахад нь бодит мэдээлэл өгөхөд бэрхшээлтэй байдаг л даа.
Өдөр бүр мэдээлэл авч чаддаггүй учраас тэр. Энэ уулзалтаар аль салбарт, ямар төслүүд хэрэгжүүлэх талаар мэдэж авлаа. Хөрөнгө оруулагчид катерингийн үйлчилгээ, аялал жуулчлал, уул уурхай зэрэг салбарт хөрөнгө оруулах боломжийн тухай асууж байсан” хэмээн ярилаа.
Үндэсний хөгжлийн газрынхан “Дэлхийн монголчууд” хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд мөн Германы Берлин, Чехийн Прага дахь монголчуудтай уулзаж, саналыг нь авчээ. Уг хөтөлбөрийн зорилго нь хилийн чанадад амьдарч байгаа монгол иргэдэд хандсан цогц бодлого хэрэгжүүлэх, тэдэнд тулгарч буй асуудлын шийдлийг тодорхойлох, тэднээс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэх аж. Хөтөлбөрт олон улсад “brain circulation” хэмээн томьёолж буй, иргэд мэдлэг, боловсрол, үйл ажиллагаа, харилцаа холбоогоор дамжуулан эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг дэмжих, нийгэмлэг, холбоодтой хамтран ажиллах зорилтыг тусгажээ.
Бас монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэх нь. Ер нь гадаадад амьдарч буй монголчууд хөрөнгө оруулалтын “холбогч” болсон гэхэд хилсдэхгүй. Тэд томоохон банк, хөрөнгө оруулалтын санд ажиллаж буй учраас тэр. Гадаадад буй монголчууд эх орондоо ирэхээсээ өмнө юу хийж болох вэ гэдгийг урьдчилан төлөвлөхөд цахим платформ тустай гэнэ. Үүнийг ашиглан Монголд заавал ирэлгүйгээр хөгжлийн бодлого, төлөвлөлтөд зөвлөгөө өгч, саналаа хэлэх боломжтой юм.
Нөгөөтэйгүүр, өөрийн хамтрагч, хөрөнгө оруулагчдад шаардлагатай бүх л мэдээллийг хүргэх боломж бүрдэнэ гэсэн үг. Гадаадад буй монголчууд утаа бууруулах, эмнэлгийн шинэ технологи нэвтрүүлэх талаар санал, зөвлөмж өгчээ. Өөрөөр хэлбэл, гадаадад нэвтэрч буй технологи, инновацын талаар Монголд мэдээллийг цаг алдалгүй хүргэх нь.
Одоо бол хилийн чанадад амьдарч буй монголчуудын дуулсныг нь сонсдог хүн байхгүй байгаа бөгөөд цаашид цахим платформоор дамжуулсан мэдээллийг нь Үндэсний хөгжлийн газар судалж, холбогдох яам, газарт хүргүүлж, хариу өгөх аж. Тухайн хүн шинэ санаа, технологиороо бизнес эрхлэхийг ч үгүйсгэхгүй шүү дээ. Нэг ёсондоо “Хүрээд ир” гэж даллачихаад орхичихгүй гэсэн үг.
“Invest in Mongolia” уулзалтын үеэр зарим хүний илэрхийлсэн байр суурийг хүргэе.
Б.Баярсайхан (Үндэсний хөгжлийн газрын дарга):
-Үндэсний хөгжлийн газар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиг үүргийнхээ хүрээнд Лондон, Франкфуртэд “Invest in Mongolia” уулзалт зохион байгуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хөгжилтэй холбоотой мэдээлэл хүргэлээ. Хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцож байна.
Тэд хууль, эрх зүйн орчноос гадна Монголд томоохон төсөл хэрэгжүүлбэл төрийн байгууллагуудын уялдаа холбоо ямар байх талаар нэлээд асуусан. 2016, 2017 онд хөрөнгө оруулалт татах уулзалтыг гадаадад төдийлөн зохион байгуулж чадаагүй. Харин өдгөө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, зээлжих зэрэглэл тогтвортой болсон тул улс орноо сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалт татахад идэвхтэй ажиллахаар төлөвлөсөн.
Он гарснаас хойш Хонконгод “Invest Mongolia” чуулган зохион байгуулсан. Сүүлийн хагаст Улаанбаатар, Сингапур, Токиод зохион байгуулахаар ажиллаж байна.
О.Батболд (Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн дэд захирал):
-Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийг Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны даалгавраар хэрэгжүүлж буй. Хөрөнгө оруулагчдад зориулсан энэхүү арга хэмжээг Герман улсын санхүүгийн төв Франкфурт хотод дэмжин зохион байгуулж буйдаа баяртай байна.
Бид Үндэсний хөгжлийн газартай хамтран Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхийг дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлэхээр сонгосон аймгуудад ажиллаж байна.
Д.Эрдэнэбаяр (Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга):
-Монголын 3600 үйлдвэрийн талаарх мэдээллийг аж үйлдвэрийн цахим мэдээллийн санд байршуулаад буй талаар хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Цаашид хөрөнгө оруулалт шаардлагатай, бүх салбарын компаниуд уг системээр дамжуулан мэдээллээ хүргэх боломжтой. Энэ нь олон улсад бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд нь ач холбогдолтой юм.
Бид Японы Засгийн газартай хамтраад зургадугаар сарын 25-нд Монголд “Япон улсад экспорт хийх боломж” сэдэвт уулзалт зохион байгуулах бөгөөд дээрх системийн талаар танилцуулна. Хөрөнгө оруулагчид компанийн засаглалын талаарх мэдээллийг илүү тодорхой болгооч гэж хүссэн. Энэ чиглэлээр хийсэн судалгааг ч мөн танилцуулна.
Гадаадад амьдардаг монголчууд өмнө нь Монголд хөрөнгө оруулагч дагуулж оччихоод, мэдээлэл авах гэж, ажилд орох гэж хайдаг байсан бол “Дэлхийн монголчууд” хөтөлбөр хэрэгжүүлж, цахим платформтой болсноор байгаа газраасаа Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ. Зөвхөн Монгол руу хөрөнгө оруулахаас гадна монголчуудад бас төрийн үйлчилгээг яаж хүргэх боломжтой талаар иргэд санал, хүсэлтээ илэрхийлж байна.
Ирэх есдүгээр сарын дундуур Дэлхийн монголчуудын чуулга уулзалтыг Монголд Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газар, Хилийн чанад дахь монголчуудын холбоо хамтран зохион байгуулна.