Хаврын улирал эхлэнгүүт л зарим хүн хамар ам нь битүүрч, нус нулимстайгаа холилдон, толгой өвдөж, нойргүй хонох нь энүүхэнд боллоо гэж халаглаж эхэлдэг. Хүмүүсийг ийм байдалд хүргэдэг хүчин зүйл нь ургамлын болон тоосны харшил юм. Сүүлийн жилүүдэд энэхүү өвчлөл нь эрс ихсэж байгаа нь нийслэлийнхний толгойны өвчин болоод байна. Иймд 100 хувь эдгэдэггүй харшлын өвчлөлийн талаар УНТЭ-ийн Харшлын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Т.Рэгзэдмаатай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд хот суурингийнхан харшлаар нь өвчлөх нь эрс нэмэгдэж байна. Тэгвэл харшил гэж ямар өвчин юм бэ. Хүний амь насанд аюултай юу?
-Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлааны тогтолцоо хариу урвал өгөхийг харшил буюу аллерги гэдэг. Харшлыг өөрөөр XX зууны өвчин ч гэж нэрлэдэг. Сүүлийн үед уг өвчнөөр өвчлөгсдийн тоо эрчимтэй ихсэж байгаа нь хүн амын нягтаршил болоод агаар, хөрсний бохирдлоос үүдэлтэй. Харшлыг дийлэнх хүн дархлааны системийн гажуудал гэж ойлгодог боловч үнэн хэрэг дээрээ тийм биш. Харин ч эсрэгээрээ ямар нэг зүйлд мэдрэг болоод ирэхээрээ уг өвчнөөр өвчилдөг.
-Дархлаагаа л дэмжиж байвал харшил тусахгүй гэсэн ойлголт үнэн үү?
-Хүмүүс дархлаа сулраад ирэхээрээ харшилтай болчихлоо гэж ярьдаг. Энэ бол буруу ойлголт. Эсрэгээрээ дархлааны систем нь хэт идэвхжээд ирэхээрээ харшлаар өвчилдөг. Өөрөөр хэлбэл, дархлаагаа сайжруулах биш дархлаагаа “дарангуйлах” эмчилгээ хийлгэж байж харшил дарагддаг юм.
-Ургамлын тоосны харшил хэдэн сараас идэвхжиж эхэлдэг вэ, мөн шинж тэмдэг нь яаж илэрдэг вэ?
-Дөрөвдүгээр сарын 10-наас зургадугаар сарын 10-ны хооронд модлог ургамал тоосоо гөвдөг. Зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-н хүртэл үет ургамлын тоосжилт ихэсдэг. Харин наадмын дараагаас ихэнх хүний харшил хөдөлдөг нь бидний ярьж заншсанаар хогийн ургамал буюу хөл газрын ургамлын тоосжилт ихэсдэгтэй холбоотой. Ер нь дөрөвдүгээр сараас есдүгээр сарын дунд үе хүртэл ургамлын тоосны тоосжилтын хугацаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ үед маш болгоомжтой байх нь чухал.
Шинж тэмдгийн үед юун түрүүнд ханиадтай ижил шинж тэмдэг илэрнэ. Хамар битүүрэх, нус гоожих, нүд загатнах, нулимс гоожих гэх мэт. Цаашлаад хамар, чих, тагнай загатнах, хоолой сэрвэгнэх, ханиалгах зэрэг шинж тэмдэг илрэхээр хүмүүс буруу эмчилгээ хийлгээд байдаг. Нүд нь өвчилсөн нь нүдний эмч рүү, хамар битүүрэхээр чих, хамар, хоолойн эмч рүү явах жишээний. Иймд хамгийн түрүүнд нэгдүгээр шатлалын эмнэлэг буюу өрхийнхөө эмчид үзүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотын бүх өрхийн эмнэлгийн эмч нар харшлын талаарх анхан шатны тусламж үзүүлэх хэмжээнд мэргэшсэн байгаа.
-Харшил халдварладаггүй харин удамшдаг өвчин гэсэн. Эхээс хүүхдэд удамших магадлал хэдэн хувьтай байдаг вэ?
-Эцэг, эх нь хоёулаа харшлын өвчтэй бол хүүхэд нь харшилтай байх магадлал 70-80 хувьтай байдаг. Харин эцэг, эхийнх нь аль нэг нь харшилтай бол хүүхдэд удамших магадлал 50 хувьтай байдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Гэхдээ ургамлын харшилтай хүнээс яг тэр төрлийн харшилтай хүүхэд төрнө гэсэн үг биш. Юманд мэдрэг буюу харшламтгай шинж чанар нь гениэр дамжин удамшдаг юм. Иймд та өөрөө аливаа нэг зүйлээс харшилдаг бол хүүхдээ харшлаас урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамруулах нь зүйтэй юм.
-Бага насны хүүхдүүдийг ханиадаас илүү харшил их зовоодог. Эцэг эх нь юунаас үүдэж харшилтай болсныг мэдэхгүй цаг алддаг тал бий?
-Харшлын өвчин улам бүр залуужсаар байна. Дөнгөж төрсөн нярай хүртэл харшилтай байх тохиолдол цөөнгүй гарч байгаа. 1-3 насны хүүхдүүдэд ч тохиолдсоор байна. Иймд хүүхдийг багаас нь идэж байгаа хоол хүнс, амьдарч буй орчин нөхцөл, хэрэглэж байгаа эм тарианд нь ч анхаарч байх нь чухал юм.
-Харшилтай хүүхдэд ямар хоол хүнс хэрэглэхийг хориглодог вэ?
-Ер нь харшлын өвчнийг сэдрээх хүчин зүйлүүд гэж бий. Ялангуяа харшлын ид үед нь онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд, исгэлэн болон цитрусын төрлийн жимснүүд буюу жүрж, лемон, чацаргана, исгэлэн тараг, сүү, айраг, халуун ногоо, амтлагчууд зэрэг харшил сэдрээгч хүнсний бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр хэрэглэх ёстой. Огт хэрэглэхгүй байж болохгүй. Витамины дутагдалд орох магадлалтай. Мөн үнээний сүүнээс харшлах тохиолдол их байдаг. Иймд буцалсан устай хольж, шингэлж хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна.
-Шарилжны харшлын эсрэг вакцинжуулалт хэдэн сараас эхэлж явагддаг вэ. Тус вакцинжуулалтад иргэд хэрхэн хамрагдаж байна вэ?
-Хамгийн сүүлийн үеийн вакцины эмчилгээ Монголд орж ирэхгүй байна. Одоо хийгдэж байгаа нь ахмад үеийхний үеэс хэрэглэж ирсэн шарилжны тоосноос бэлтгэсэн вакциныг Арьсны өвчин судлалын төв дээр бэлтгээд, хаврын улиралд дөрөвдүгээр сараас хийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, шарилж тоосоо гөвж эхлэхээс өмнө угтуулж хийдэг вакцин юм. Ингэхдээ зөвхөн энэ төрлийн харшилтай хүн л хийдэг. Өөр ургамлын харшилтай хүн огт хийж болохгүй. Иймд юун түрүүнд харшлын сорил тавиулаад, ямар ургамлынх вэ гэдгээ мэддэг болох нь хамгийн чухал.
-Нэгэнт харшилтай болсон бол бүрэн эмчлэгддэггүй гэдэг. Эмчилгээний хувьд ямар байх вэ?
-Монголд шинж тэмдэгийн эмчилгээ зонхилдог. Өөрөөр хэлбэл, харшил хөдөлсөн үед гарч буй шинж тэмдэгийг дарах, зовиураас нь салгах эмчилгээнүүд буюу төрөл бүрийн дусаалга, цацлагууд хийгддэг. Мөн харшил дарах эмийн бэлдмэлүүд хангалттай орж ирдэг болсон. Тэдгээр нь үйлчлэлээрээ 1-3 зэрэгт хуваагдсан байдаг.
-Манайд тоос, тоосонцроос гадна иргэд юунаас харшилж байна вэ?
-Ургамлын буюу амьсгалын замын харшил тэргүүлдэг. Энэ нь хүндэрвэл гуурсан хоолойн багтраа болж хувирдаг. Хоёрдугаарт, арьсны харшил бичигддэг бөгөөд гол төлөв хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн зэргээс шалтгаалдаг. Гуравдугаарт, эмийн харшил ордог. Тухайлбал, эм тариаг дур мэдэн их хэмжээгээр хэрэглэдгээс болдог. Ер нь эмийн зохистой хэрэглээ манай улсад алдагдаад удаж байна. Эмчийн жоргүй таарах, таарахгүй эм хэрэглэх нь эм, бодисын харшлыг үүсгэгч гол хүчин зүйл болдог.
-Улиасны цагаан хөвөнгөөс болж зарим хүн харшилж байна гэж ярих юм. Тэгэхээр улиасны цагаан хөвөн харшил өгдөг үү?
-Улиасны цагаан хөвөн энд, тэндгүй хийсч байгаа нь харшил үүсгэх хүчин зүйл болдоггүй. Хөвөн нь тоосжилтынхоо сүүлийн шатанд гардаг учраас ямар ч хүчгүй гэсэн үг.
-Амьдралын зөв дадал хэвшилд дадвал өөрийгөө болоод гэр бүлийнхнээ харшлаас урьдчилан сэргийлж чадах байх.
-Ургамлын тоосны харшилтай хүмүүс хурц нартай болон бороо орсны дараа гадуур их явах хэрэггүй байдаг. Энэ үед тоосонцор маш идэвхждэг юм. Мөн өглөө үүрийн цагаар цонхоо хааж байгаарай гэж захидаг нь үүрээр ургамлын тоос ихэсдэг учраас тэр. 09-10 цаг хүртэл цонх хаалттай байж, хувцас, үсэнд тоос хамгийн их наалдаж үлддэг болохоор зуны өдөр явж ирсэн хувцсаа гэртээ ирээд шууд сольж байх хэрэгтэй. хоёрдугаарт, гэртээ хуурай биш чийгтэй цэвэрлэгээ хийх, харшлын ид үед гэр, тасалгаандаа цэцэг, ургамал аль болох байлгахгүй байх нь зүйтэй гэхмэтчилэн хамгийн энгийн дүрмүүдийг мэддэг байх нь чухал юм.
-Нэг төрлийн эм удаан хугацаанд уувал дасал болдог тал бий. Энэ төрлийн харшилтай хүмүүс ямар эм уувал үр дүнтэй вэ?
-Юун түрүүнд эмчид үзүүлээд, сорилоо тавиулах ёстой. Дараа нь эм бэлдмэлийг нэгдүгээр зэрэг буюу хамгийн хөнгөн чанартайгаас нь эхлээд хэрэглэнэ. Энэхүү эмэнд нь харшил дарагдаад байвал заавал дээд талын шатныхыг нь хэрэглэх албагүй. Ер нь харшлын эм элгэнд хор нөлөө үзүүлэхгүй, элэг гэмтэх зэрэг асуудал байдаггүй учир олон сар хэрэглэхэд асуудал үүсэхгүй. Харин эм дотроо нойрсуулах үйлчилгээтэй, нойрсуулах үйлчилгээгүй гэсэн хоёр төрөл бий. Хөгшид, хүүхдүүд нойрсуулах үйлчилгээтэйг хэрэглэхэд зүгээр байдаг бол жолоо барьдаг, ачаалалтай ажилладаг хүмүүсийн хувьд нойрсуулах үйлчилгээгүйг сонгох нь зөв юм.
-Голионы бөгс сорох, шоргоолж, зөгий зэрэг хатгуурт амьтны хор нь харшлыг нам дардаг гэсэн зэрэг монголчуудын ам дамжсан яриа байдаг шүү дээ. Энэ хэр үнэний хувьтай вэ?
-Тэд бол өөрсдийнх нь зохиосон, шинжлэх ухааны үндэслэлгүй цуу ярианууд юм. Үнэхээр голионы бөгс сороод, шоргоолжны үүрэн дээр хэвтээд харшил нь дарагдсан хүн байхгүй. Харин Мал, эмнэлгийн хүрээлэнгээс голио, царцааны бэлдмэл авч хэрэглэдэг юм билээ. Үүнд буруу зүйл байхгүй. Гэхдээ ямар үед уух ёстой вэ гэдгээ мэдэхгүй байж харшлын яг идэвхтэй үед нь хэрэглээд буруудчихаад байдаг юм. Иймэрхүү бэлдмэлүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор намар аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл хэрэглэж болно.