Төвбанкны худалдан авсан алтны хэмжээ энэ сарын 20-ны байдлаар 8.3 тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлт аж. “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд Төвбанк төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран олон ажил зохион байгуулж, мэдээллийг шуурхай хүргэн ажиллаж буй гэнэ. Түүнчлэн алтны үнийг өдөр бүр Лондоны металлын биржийн ханшаар шинэчлэн тогтоож, олон улсын зах зээлийнхтэй дүйцүүлэн худалдан авч байгаа гэв. Өчигдрийн байдлаар тус банк нэг грамм алтыг 97 090 төгрөгөөр худалдан авч байлаа. Дашрамд дурдахад, Төвбанк 2013 онд зургаа, дараа жил нь 12.7, 2015 онд 15.1, 2016 онд 18.3, өнгөрсөн жил 20 тонн алт худалдан авсан дүн бий. Сонирхуулахад, сүүлийн нэг долоо хоногийнхоо дээд түвшинд дөхөөд буй алтны ханш өчигдөр тогтвортой байсан бөгөөд унци нь 1231 ам.доллартой тэнцлээ.