“Бие өвдлөө” гээд эмчид бус, эмийн санд “бараалхдаг” “гажиг” улс, бид. Алхам тутамд таарах эмийн сангууд ТҮЦ шиг үйлчилдэг учраас хэн ч хүссэн эм, тариагаа авч болдог. Хэдэн өдөр хөөцөлдөөд хөнгөлөлттэй эм авч чаддаггүй нэг хэсэг байхад олон арваар нь нөөцөлчихдөг бүлэг байдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлдэг. Эмийн замбараагүй хэрэглээ газар авсан энэ үед хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчилж, “их цэвэрлэгээ” хийв.
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчлэн баталсан. Эл жагсаалт нь эмийн зохисгүй хэрэглээг цэгцлэх, чухал шаардлагатай нэр, төрлийн эмийг багтааснаараа онцлог болсныг мэргэжлийн хүмүүс нь хэлэв. Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршил, 651 худалдааны нэрийн эмэнд 20-80, хүүхдийн зайлшгүй шаардлагатай худалдааны 170 гаруй нэрийн эмийн үнийг 50-80 хувь хөнгөлөхөөр болсон юм. Уг жагсаалтыг энэ сарын 16-наас мөрдөх учиртай. Гэвч ихэнх эмийн сангийн эрүүл мэндийн даатгалаас авдаг санхүүжилт дууссан учраас ирэх сараас л шинэчилсэн жагсаалтын дагуу эм олгох гэнэ.
Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хуучин жагсаалтад орсон эмээс 241-ийг хасаж, 351 нэр, төрлийн эмийг шинээр нэмжээ. Өнгөрсөн онд Монгол Улсын эмийн бүртгэлд шинээр бүртгүүлсэн эм ч оруулсан байна. 2017 онд эмийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 30 тэрбум төгрөг төсөвлөсөн бол энэ онд 29 тэрбум, нэмж элэгний В, С вирусийн эмийн хөнгөлөлтөд 18.4 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Шинэчилсэн жагсаалтаар жоргүй олгодог эмүүд болон бүх төрлийн амин дэмийг хассан байх юм. Мөн ахмадуудын өдөр тутам шахуу хэрэглэдэг эмүүдийг оруулаагүй гэх шүүмжлэл дагуулаад байна.
Манай улсад хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог өвчнүүдийн үед хэрэглэх эмийг амин чухал гэж үзэж, үнийг нь 80 хүртэл хувиар хөнгөлсөн аж. Өмнө нь ямар нэг судалгаанд үндэслэлгүйгээр эмийн үнийн хувь, хэмжээг тогтоодог байсан бол энэ удаа нотолгоонд үндэслэн, хувь хэмжээг нь зохистой хуваарилсан гэнэ. Гэвч эрүүл мэндийн сайдын үүрэг болгосончлон хөнгөлөлттэй эмийг сарын турш хүртээмжтэй олгох боломж эмийн сангуудад бүрдээгүй, дараалал их хэвээр л байгаа юм. Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчлэлийн эерэг, сөрөг тал болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтний яриаг хүргэе.
ЭЕРЭГ ТАЛ
“Нони” эмийн сангийн эмзүйч:
-Хуучин жагсаалтад багтсан олон нэр, төрлийн аминдэмийг хассан нь зөв. Зүрх судас, амьсгалын замын өвчний үед хэрэглэдэг болон вирусийн эсрэг эмийг түлхүү оруулж өгсөн нь сайн болжээ. Өмнө нь жоргүй олгодог эм, аминдэмийг хөнгөлөлтөд багтаасан учраас иргэд замбараагүй авдаг байсан. Харин энэ жагсаалтаар бүгдийг нь хасчээ. Гэхдээ цусны даралт бууруулах зарим эмийг хассанд хүмүүс гомдолтой байгаа.
Бид одоо элэгний В, С вирусийн эсрэг эмүүдийг хөнгөлөлттэй үнээр олгож байна. Сарын эхэнд даатгалаас олгодог санхүүжилт дууссан учраас бусад эмийг өгч чадахгүй байгаа. Манайх Эрүүл мэндийн даатгалын сангаас сард 800 мянган төгрөгийн санхүүжилт авдаг. Энэ мөнгөөр эхний хоёрхон өдөр 20-30 хүнд л эм олгож хүрдэг. Төсөв ихтэй эмийн сангууд сарын турш хөнгөлсөн үнээр эм олгож чаддаг байх. Сая шинээр байгуулсан гэрээгээр санхүүжилтийн хэмжээг нэмээгүй. Шинэчилсэн жагсаалтад хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмүүдийг тусад нь оруулж өгсөн нь олзуурхууштай. Гурван жилийн өмнөх зах зээлийн үнээр эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгодог байв. Харин эл жагсаалт одоогийн ханшинд тааруулж эмийн дээд үнийг гаргажээ.
“Тавин ус” эмийн сангийн эмзүйч:
-Хөнгөлөлттэй үнээр олгох эмийг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар бичиж байгаа. Тэдэнд шинэчилсэн жагсаалтын талаар мэдээлэл сайн өгөх хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалаар эм авах иргэдийн цөөнгүй нь шинэ жагсаалтаар хасагдсан эмийн нэр бичсэн жортой ирж байна. “Яахаараа энэ эм хасагддаг юм” гээд хэл ам таталдаг. Гэтэл “хасагдсан” гээд эмийн бүртгэлийн программд орчихсон байгаа юм. Шинэчилсэн жагсаалт гарснаар иргэд харьяалал харгалзахгүй, даатгалаар эм олгодог бүхий л эмийн сангаар үйлчлүүлэх боломжтой болсон нь авууштай.
СӨРӨГ ТАЛ
“Нуган фарм” эмийн сангийн эрхлэгч:
-Манайх шинэ жагсаалтын дагуу эм олгож эхлээгүй байна. Эмийн үнийн хөнгөлөлтийн хувь хэмжээ өмнөхөөсөө буурчээ. Хуучин жагсаалтад байсан олон нэр, төрлийн эм хасагдсан байна. Ахмадуудын гол хэрэглэдэг нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутагдлыг нөхөх зориулалттай мезим форте, зүрхний үйл ажиллагааг дэмжих панангин, хоол боловсруулалтыг сайжруулах панзинорм зэрэг эм хасагдсан учраас өндөр настнууд бухимдаж байна.
Дийлэнх эмийн үнийн хөнгөлөлтийн хувь, хэмжээ буурчээ. Энэ нь иргэд хөнгөлөлттэй эм худалдан авахдаа урьдынхаасаа илүү мөнгө төлнө гэсэн үг. Тухайлбал, өвчин намдаах налгезин гэдэг эм эл жагсаалтад дээд үнэ нь 8500 төгрөг гэжээ. Манай эмийн сан уг эмийг 7000 төгрөгөөр борлуулдаг. Энэ тохиолдолд бид хямд үнэ буюу 7000 төгрөгөөс хөнгөлж борлуулах юм. Ерөнхийд нь харахад эмийн үнэ нэмэгдсэний дээр хөнгөлөх хувь хэмжээ нь буурсан нь иргэдэд чирэгдэл учруулах болов уу.
“Тун эрдэнэ” эмийн сангийн эмзүйч:
-Шинэ жагсаалтыг албан ёсоор харж амжаагүй байна. Эмийн үнийг цэгцэлдэг тусгай мэргэжилтэн манайд бий. Эссенциале болон ходоод, цөс өвдсөн үед хэрэглэдэг зарим эмийг хассанд иргэд бухимдалтай байсан. Аминдэмийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг учраас хасаж, нэн шаардлагатай эмүүдээ оруулах хэрэгтэй. Бид хөнгөлөлттэй үнээр олгодог эмийг нэг сарын хугацаанд өгөхийг хичээж байгаа ч төсөв хүрэлцдэггүй.
Манай эмийн сан өмнө нь сард зургаан сая төгрөгийн санхүүжилт авч байсан бол 600 мянга болж 90 хувь буурсан. Харин энэ сард ЭМДЕГ-тай 10 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Санхүүжилтээ нэмсэн ч сарын эхний 10 хоногт эм олгоод л дуусчихдаг. Одоо харьяалал харгалзахгүй олгодог болсноор илүү хурдан дуусах байх. Эмийн үнийн дээд хязгаарыг эргэн сайн харахгүй бол үнийн зөрүү ихтэй байна гэсэн. 22 мянган төгрөгийн эмийг манайх 25 мянгаар зарж байвал алдагдалд орох учраас уг эмийг хөнгөлөлтөөр олгох боломжгүй.
П.ОЮУНБАТ: Аминдэм болон жоргүй олгодог эмүүдийг хассан
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эмийн үнийн бодлого, хөнгөлөлттэй эмийн жагсаалт хариуцсан мэргэжилтэн П.Оюунбатаас зарим зүйл тодрууллаа.
Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчлэх болсон гол үндэслэл нь юу байв?
-Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг 2017 онд шинэчилсэн. Үүнийг дагаад хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчлэх шаардлага гарсан. Эл жагсаалтыг 2016 оноос хойш шинэчлээгүй. Эмийн бөөний болон жижиглэнгийн үнэ валютын ханшнаас хамаарч өссөн. Тиймээс хөнгөлөлттэй үнээр олгох эмийн үнийн дээд хязгаарыг тогтоох хэрэгтэй болсон. Эмийн сангийн төсөв хүрэлцэхгүй байгаагаас хөнгөлөлттэй үнээр олгох эмийг нэг сарын хугацаанд өгч чадахгүй байна гэх гомдол манай байгууллагад их ирдэг. Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран өрхийн эмнэлэг болон эмийн сан нийлсэн 120 байгууллагыг шалгасан юм. Үнийн хөнгөлөлтийн хувь хэмжээ зарим эмэнд хэтэрхий өндөр, заримд нь хэт бага байгааг олж харсан. Эдгээр нөхцөлийг үндэслэн жагсаалтыг шинэчилсэн.
-Эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосноор эмийн сангууд уг үнээс илүү өртгөөр худалдаалж болохгүй гэсэн үг үү?
-Тийм. Эмийн үнийг бууруулж зарж болно. Улсын хэмжээнд 860-аад эмийн сан хөнгөлөлттэй үнээр эм олгож байгаагийн 364 нь Улаанбаатарт бий. Тэдгээр эмийн сан бидний тавьсан дээд үнээс хэтрүүлж зарах ямар ч эрхгүй.
-Дээд үнийг ямар жишгээр тогтоосон юм бэ?
-Хэд хэдэн үндэслэлээр тогтоосон. Өнгөрсөн оны байдлаар эм ханган нийлүүлэх 36 байгууллага, орон нутгийн эмийн сангууд, эмийн холбоод, төлөөлөгчийн газар, Гаалийн ерөнхий газрын 2017 оны үнийн саналыг харьцуулан дээд үнийг гаргасан.
-Хэд хэдэн эмийн сангаар орж, эмийн үнэ сонирхсон. Та бүхний тогтоосон хөнгөлөлттэй үнээр олгох эмийн дээд үнэ зарим газрынхаас илүү байгаа учраас худалдах боломжгүй гэх юм. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Эхний сард иймэрхүү асуудал үүсэх байх. Бид залруулга хийх гэж байна. Эмийн үнийн хөнгөлөлтөд зөрүү гарч байгаа учраас аж ахуйн нэгжүүдээс хүсэлт авч, хувийг нь тэнцүүлж, залруулах юм.
-“Манайх дээд үнээс илүү өртгөөр зарж буй учраас өөр эмийн сангаас ав” гэж хэлэх эрх эмийн сангуудад бий юү?
-“Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад байгаа бүх эмийг худалдана, тасалдуулах ёсгүй” гэсэн гэрээг эмийн сангууд манай байгууллагатай хийсэн. Тиймээс тогтоосон үнээс шалтгаалж “худалдахгүй” гэх асуудал гарахгүй.
-Бүх төрлийн аминдэм, ахмадуудын гол хэрэглэдэг эмийг хассан гэх юм. Яагаад хасав?
-Жортой болон жоргүй олгодог эм гэж бий. Жороор олгох эмийг зөвхөн эмчийн заавраар өгдөг. Харин жоргүй олгох эмийг авахын тулд заавал өрхийн эмчид хандаж, дугаарлаж, хүндрэл учруулах шаардлага байхгүй. Тиймээс аминдэм, жоргүй олгох эмийг хассан. Панангин, эссенциале форте эмийн үнийг өмнө нь хөнгөлдөг байв. Эдгээр нь Монгол Улсын эмийн бүртгэлд “жоргүй олгох эм” гэсэн байгаа учраас хассан. Азийн хөгжлийн банкны гадаад мэргэжилтнүүд эмийн үнийн хувийг тогтоож өгсөн.