Ашиглалтад ороод олон жил болж буй өвгөн барилгуудад л зовлон байдаг гэж ойлгож болохгүй нь. 2014, 2015, 2016 онд оршин суугчдаа хүлээн авсан “Хангай” хотхоныхон зэвтэй, зэгэл шар усаар ундаалах болжээ. Тэд “СӨХ, орон сууцны конторынхонд хандаад нэмэргүй. Биднээс шалтгаалах зүйл байхгүй гээд ам таглачихдаг. Яагаад шаардлага хүлээж авдаггүй юм, бүү мэд” хэмээн манай сонинд энэ тухай “ховлосон” юм.
Тус хотхоны 513 дугаар байранд оршин суудаг иргэн Н “Хүйтэн нь гайгүй, халуун ус нээхээр зэв гардаг. Нэлээд гоожуулж байж хэрэглэнэ. Гэхдээ заавал буцалгадаг. Наадмын өмнө бүр аймшигтай байсан. Одоо (өнгөрсөн баасан гараг) гайгүй болчихоод байна. Өглөө гараад, шөнө гэртээ орж ирдэг болохоор энэ асуудлын учир начрыг олж, холбогдох хүмүүстэй нь уулзаж амжихгүй л явна” гэв. Ингээд тэрбээр цоргоныхоо усыг гоожуулж харуулав. Зэвтэй ус гэх ямар ч шинж тэмдэг харагдахгүй байлаа. Харин дараа нь чанамлын шил болон тунгалаг аяганд өнөөх усаа хийхэд, борооны ус гэмээр шар туяатай харагдав.
“Хангай” хотхоны оршин суугчдын фэйсбүүк группэд үүнтэй холбоотой шүүмжлэл байнга гардгийг цөөнгүй иргэн энэ үеэр онцолсон нь зэвтэй ус тус хотхоны ганц байрны асуудал биш гэдгийг “хэлж” өглөө.
514 дүгээр байрны оршин суугч Ч.Батбямба “Заримдаа нүүр, гар угааж болох уу, үгүй юү гэмээр шар ус гарна. Нэг их айхтар улаан өнгөтэй биш ч шар туяа байнга харагддаг. Бид зэвтэй ус уумааргүй байна. Үүнээс үүдэн арьсны янз бүрийн харшил, эмгэгтэй болохыг үгүйсгэхгүй. Хөгшин бид яах вэ, өнгөрсөн гэж бодъё. Ач, зээ нар минь үргэлж ийм усаар ундаалаад байвал хэцүү биз дээ” гэхэд түүнтэй хөөрөлдөж суусан буурай “Манайх баярын өдрүүдэд дэлгүүрээс цэвэр ус авч, хоол унд хийсэн. Шар туяатай ус гардаг нь үнэн. Үүнийг олон хүн хэлнэ” гэж хачирлав.
Бусад хотхон, хорооллынхонтой харьцуулахад “Хангай”-нхан холбогдох байгууллагуудад энэ тухай цаг үргэлж мэдээлж, сануулдаг аж. СӨХ-ныхонтой нь уулзахад ч үүнийг хэлж, зэвтэй ус гардгийг хүлээн зөвшөөрсөн. Харин 507 дугаар байранд байх “Хангай хотхон” орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн холбооныхон элдэв тайлбар хэлэлгүй мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт харуулсан юм.
Иргэн Ц.Дуламсүрэнгийн хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Б.Оюун өнгөрсөн тавдугаар сард 516 дугаар байрны цэвэр усны шугамын уснаас дээж авч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид шинжилжээ. Хариу нь эерэг гарчээ.
Дүгнэлттэй нь танилцвал “Цэвэр усны шугамын усанд нянгийн тоо 16, эширехи коли, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч илрээгүй. Цэвэр усны шугамын ус нь ундны ус, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж байна” гэжээ. “Зэвтэй ус гарч байна” хэмээн шүүмжлэл дэгдэх үед орон сууцны конторынхон эл бичгээр иргэдийн амыг тагладаг гэх. “Хангай” хотхон нийт 16 байртай. Бараг бүх байр нь “муухай” устай гэж уулзсан иргэд хэлж буй.
Гэтэл тэд ганцхан байрны цэвэр усны шугам хоолойн усыг шинжилсэн дүгнэлтээрээ бусдыг нь ч үнэлэх болж. Зэргэлдээ байтугай нэг байрны давхруудад очиж буй усны хэмжээ, чанар өөр байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Бас усны найрлага ч өдөр өдөрт тогтмол байдаггүй, өөрчлөгддөг. Энэ бүгдээс дүгнэвэл мэргэжлийн хяналтын эл бичиг “Хангай” хотхоны нийт оршин суугчийн бус, ганц иргэний гомдлын хариу аж.
Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт MNS 09005 2005 стандартад зааснаар бол усанд агуулагдах зэв буюу төмрийн агууламжийн хэмжээ 0.3 мг/л-ээс ихгүй байх ёстой гэнэ. Мөн нэг мл усанд байх нянгийн зөвшөөрөгдөх тоо 100 байдаг аж. Гэтэл дээрх дүгнэлтэд энэ стандартыг тодорхой дурдалгүй орхижээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын хяналтын байцаагч бүсгүй “Стандарт, журам нь ямар байдаг. Түүнийг хэрхэн хангаж байгааг шинжилгээний дүгнэлтэд тодорхой бичих ёстой” гэсэн юм.
Эл шинжилгээний хариунаас учир зүйн алдаатай нэг дүгнэлт бий болж байна. Ямар ч бохирдолгүй цэвэр болоод төмрийн агууламж, нянгаар бохирдсон усыг харьцуулан шинжлэхэд, “Цэвэр” гэсэн ижил хариу гарах магадлал өндөр, зэвтэй ус тийм ч аюултай биш гэсэн мэдээлэл “уншигдаж” байна. Магадгүй 0.29 мг/л төмрийн агууламжтай, нэг мл-т 99 нянтай ус байлаа гэхэд стандартын шаардлага хангасан гээд хариу нь “Онц” гарах боломжтой гэсэн үг. Эндээс зэв буюу төмрийн агууламж хүний биед ямар нөлөөтэй, ер нь цэвэр, бохир ус гэж байдаг юм уу гэсэн асуулт урган гарч байна.
Энэ асуултад хариулт авахаар судалгааны чиглэлийн хэд хэдэн байгууллагатай холбогдоход Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг зааж өгөв. Харин тус газрынхан “Мэдээлэл авахын тулд хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Бид заавал ярих ёсгүй” хэмээн цааргалав. Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан гол байгууллага атал мэргэжилтнүүд нь “Хариуцсан хүн нь амарчихсан. Бид энэ талаар судалдаггүй. Мэдээлэл хомс” гээд сууж байх нь хэр зохимжтой вэ.
Усны шинжилгээний лабораторитой учраас дорвитой мэдээлэл өгөх байх гэж найдан ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхнээс зэвтэй ус ямар нөлөөтэй талаар тодруулахад “Стандартаас хэтрээгүй бол тийм ч аюултай биш. Нэг их сенсаацлах хэрэггүй болов уу. Байнга ийм ус уудаг бол муу л даа” гэсэн бөөрөнхий хариулт хэлэв. Сонирхолтой нь, энэ хүрээлэнгийн нэгэн мэргэжилтэн уржнан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Хлортой, зэвтэй усыг шууд хэрэглэлгүй, саванд хийж хонуулах хэрэгтэй.
Зэвтэй ус хэрэглэх нь дотоод эрхтнүүдийг гэмтээдэг” хэмээн ярьж байж. Интернэт “ухахад” ч зэвтэй ус харшил, ханиад зэрэг хөнгөн хэлбэрийн эмгэгээс эхлээд хорт хавдар, арьсны хүнд хэлбэрийн эмгэгийн суурь болдог тухай мэдээлэл элбэг байна. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ж.Эрдэнэцэцэг “Хүний биед 4-5 гр төмөр агуулагддаг. Үүнээс хэтэрвэл ходоод үрэвсэж, хавдар үүсгэх эрсдэлтэй” гэж ярьсан нь баримттайгаа байх юм.
Төмрийн агууламжтай ус эрүүл мэндэд хортойгоос гадна хувцас хэрэглэлд ч халтай. Борооных аятай шар усанд угаасан цагаан хувцас ямар өнгөтэй болж, хувирах нь ойлгомжтой. Гэхдээ хүний эрүүл мэнд, гоо сайханд учруулах хор хохиролтой харьцуулах юм биш.
Халуун ус хязгаарласан, шугам хоолойн засвар хийсэн үед зэвтэй устай холбоотой гомдол, шүүмжлэл гарах нь түгээмэл. “Вива сити”, “Саруул”, “Богд-Ар”, “Рапид харш” хороолол, IV хорооллын XVI байрныханд ийм асуудал байнга тулгардаг гэхэд хилсдэхгүй. Гэвч цаг зуурын бус, байнгын ийм зовлонтой оршин суугчид “Алтай” хотхоныхоор хязгаарлагдахгүй Таван шард ч бий. Энэ бол Нэхмэлийнх гэх тодотголтой дөрвөн давхар шар байрныхан. Тэр дундаас I, II байрныхан бусдаас илүү “шийтгүүлжээ”.
Хан-Уул дүүргийн III хороонд оршин суудаг иргэн Батаагийнх (нэрийг нь өөрчлөв) сар бүр ус, цахилгааны мөнгө төлдгөөс гадна гурван сар тутамд 50-60 мянган төгрөгийн “татвар” хураалгадаг. Дэгж дэрвэн, бие бялдар нь ид хөгжих насандаа буй хоёр охиныхоо эрүүл мэнд, ирээдүйг бодсондоо тэд сайн дураараа ийм “татвар” тогтмол төлж хэвшжээ. Үүнийхээ үр дүнд л эрүүл, аюулгүй усаар хоол ундаа хийж, хувцас хунараа угаан, ариун цэврээ сахидаг гэнэ.
Гэрийн эзэгтэй “Хэрэв энэ ажиллахгүй бол бид хэцүүднэ” хэмээн гал тогооныхоо тосгуур доор байрлуулсан ус цэвэршүүлэгчийг заав. Эл төхөөрөмжийг хоёр жилийн өмнө суурилуулсан бөгөөд шүүлтүүрийг нь гурван сар тутам солиулдаг байна. Эдний орц, байранд ч ийм төхөөрөмжтэй “нөхөрлөдөг” айл өчнөөн гэнэ.
Харин II байранд оршин суудаг өндөр настан О.Хорлоо “Усаа хаагаад нээхээр зэвтэй ус гардаг. Хэзээнээсээ ийм асуудалтай. Эндхийн хэнээс нь ч асуусан хэлнэ. Зэвтэй ус гарахаар нь хэсэг гоожуулж байгаад, өнгө нь арай дээрдэхээр хэрэглэдэг. Гэсэн ч таагүй амт байж л байдаг. Тэглээ ч хэрэглэхгүй гээд яах билээ. Өөр байр руу нүүж чадахгүй, байнга цэвэр ус аваад хэрэглэх боломжгүй хүмүүс яах ч аргагүй” гэсэн юм. “Цэвэршүүлэгч суурилуулж болохгүй юу” хэмээн түүнээс асуухад “Тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр амьдралаа залгуулдаг мань мэтийн хөгшинд дийлдэхгүй байлгүй” гээд нэлээд бухимдангуй хариулсан.
Зэвтэй уснаас гадна чийг, мөөгөнцөр гэгч аюул энэ байрыг бүхэлд нь хэрсэн, ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас дөрвөн давхрын айлуудын тааз цуурч, дусаал гоожсон тухай ч тэрбээр “матсан”. О.Хорлоогийнхтой хөрш, нэг байрны долоон айлын хаалгыг цохиж, “Зэвтэй ус гарч байна уу” гэж асуув. Хүлээж авах хандлага нь өөр өөр ч цөм “Тийм” гэж нэгэн ижил хариулт хэллээ.
Бусдаасаа нэлээд зайдуу орших I байранд амьдардаг иргэн Ж-гийнд орлоо. Настай ээжтэйгээ амьдардаг тэрбээр “Зэвтэй ус байнга гоождог. Харагдах байдал нь гайгүй ч амт гэж авах юм байхгүй. Тунгалаг шил, саванд хийгээд, хэсэг хугацааны дараа харахад ёроолд нь шороо шиг бужигнасан юм туначихсан байдаг. Манайх жилийн өмнө ус цэвэршүүлэгч тавиулсан. Өмнө нь усаа заавал буцалгаж хэрэглэдэг байлаа. Цэвэршүүлэгчээ 300 мянган төгрөгөөр авсан санагдана. Суурилуулах гэж бас хэдэн төгрөг төлсөн. Цэвэр усаар хангагдахын тулд ингэж л зүдэрч байна” гэсэн.
“Нэхмэлийн шар”-ын I, II байрны оршин суугчдад зэвтэй ус хоёр сонголт тулгаж байгааг анзаарлаа. Боломжтой айлууд нь ус цэвэршүүлэгч суурилуулах, эсвэл цэвэр ус худалдан авч хэрэглэх гарцтай. Харин санхүүгийн чадамжгүй нь зэвтэй усаар байнга ундаалахаас өөр зам үгүй аж.
Хорооны иргэд энэ асуудлаар СӨХ-ндоо хандаж, гомдол мэдүүлэхээс ч залхаж, дөжирчээ. Оршин суугчид “Хэлэх хариулт нь тодорхой. Улаанбаатар хотын цэвэр ус дамжуулах шугам сүлжээ насжилт өндөртэй учир хаа сайгүй ийм зовлон бий гэдэг” хэмээв.
Хан-Уул дүүргийн II, III хорооны нутагт байх тэдгээр байрыг дахин төлөвлөж,барилгажуулах шийдвэрийг уг нь 2014 онд нийслэлээс гаргасан юм билээ. Гэвч өнөөдрийг хүртэл эл төсөл ажил хэрэг болоогүй. Зэвтэй ус, чийг, мөөгөнцөрт дарлуулсан иргэд “Манай байрыг дахин төлөвлөлтөд оруулчихаасай. Сонгуулиар биднийг долоох шахам байдаг гишүүд энэ асуудалд анхаараасай” хэмээн залбирч сууна.
“Ус зэвтэй гарч байна” гэсэн асуудал дэгдэхэд орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагууд нь “Нийслэлийн цэвэр усны шугам хоолой өндөр насжилттай, маш муу. Бүхэлд нь засвар шинэчлэл хийх боломжгүй учраас яах ч аргагүй” гэдэг. Харин үүнд хяналт тавих чиг үүрэгтэй хүмүүс нь “Усанд зэв байх нь хэвийн зүйл. Стандарт хэтрээгүй бол яах ч үгүй” гэж хүлээн зөвшөөрч байна. Зарим судлаач бүр “Зэвтэй усаар дамжуулж, зарим хүн биед агуулагдах төмрийн хэрэглээгээ хангадаг” гэсэн хошин шог шиг зүйл ярих юм. Ийм байхад нийслэлчүүд бид зэвтэй усны зовлонгоос хэзээ салах вэ. Аз жаргалтай гэдэг тодотголоор “гангарах” болсон Улаанбаатар хотын иргэд бид асуудал, зовлон дүүрэн ийм л нөхцөлд аж төрж байна.
Бэлтгэсэн: Ж.Сувд