Хотын захад байрлалтай нэгэн цайны газрын туслах ажилтан 07.00-22.00 цаг хүртэл ажиллаад 10 000 төгрөгийн цалин авдаг аж. Цагийн хөлс нь 670 орчим төгрөг гэсэн үг. Энэ нь хөдөлмөрийн мөлжлөг бөгөөд нэг цагт ногдох цалингийн доод хэмжээнээс хоёр дахин бага буй хэрэг. Ер нь арав ба түүнээс дээш цаг ажиллуулаад өдрийн 10- 15 мянган төгрөгөөр цалинжуулдаг газар цөөнгүй. Үүнээс хоол, унааны мөнгийг хасвал ажилчдад өчүүхэн хөлс ногдоно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 000 төгрөг, түүнээс ч бага орлогоор амь зуудаг хүмүүс манайд цөөнгүй байна. Тэдний олонх нь орцны жижүүр, цайны газарт туслах, худалдагч зэрэг ажилтай. Манайд 1.1 сая гаруй хүн ажил эрхэлж буй бөгөөд тэдний долоо хүртэлх хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг тухай Монголын үйлдвэрчний эвлэлийнхэн дуулгасан. Тэгэхээр 70 орчим мянган иргэний сарын орлого 240 000 төгрөг гэсэн үг. Нэг хүний ард 3-4 “ам” бий гэвэл 250 гаруй мянган хүн ийм орлогоор амь зууж буй хэрэг. Мөн цалингийн доод хэмжээ нь тухайн улсын суурь цалин болох бөгөөд нэг цагт авч болох хамгийн бага хөлсийг тодорхойлдог аж. Манай улсын хувьд нэг ажилчин долоо хоногийн таван өдөр, сард 168 цаг ажиллаад, нэг цагт багадаа 1428 төгрөг авна гэсэн үг. Энэ дүн өндөр хөгжилтэй орнуудынхаас даруй 10-25 дахин бага бөгөөд бидний хувьд цагийнхаа цалингаар нэг талх л авч болохыг харуулна. Энэ талаар Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороолол, 19 дүгээр хорооны нэгэн байранд орцны жижүүрээр ажилладаг Ч.Булган “Манайх ам бүл гурвуулаа. Сард миний цалингийн 240 000 төгрөгөөр л амьдарцгаадаг улс. Энэ хавийн “мэргэжил нэгтнүүд” маань ч адилхан. Цалин үнэндээ хүрэлцдэггүй, хугацаандаа ч буудаггүй. Байрны цэвэрлэгээ муу гэх мэтээр багасна уу гэхээс нэмэгдэхгүй. Жижүүр болохоор байр, цахилгаан, усны мөнгө төлдөггүй тулдаа амь зууж байна. Цалингийн доод хэмжээ нэмэгдвэл аштай юу” хэмээсэн юм. Улс орон бүр цалингийн доод хэмжээгээ хуульчлан тогтоож, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлтэй мэргэжил, боловсролгүй иргэдийнхээ эрхийг хамгаалдаг байна. Манайх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг анх 1991 онд тогтоосон бөгөөд тэр үед сард 560 буюу нэг цагт 2.87 орчим төгрөг байхаар заажээ. Үүнээс хойш 2017 он хүртэл цалингийн доод хэмжээ 20 удаа нэмэгдэж, өнөөдрийн байдлаар дээр дурдсан дүнд хүрээд буй. Үүнийг хоёр жилд нэг удаа шинэчлэх журамтай ба өнгөрсөн дөрөвдүгээр сараас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос уг хэмжээг 400 000 төгрөгт хүргэх, ирэх оноос мөрдүүлэх санаачилга гарган, холбогдох газарт нь хүргүүлсэн ч ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Ямар ч мэргэжил, ур чадвар шаардахгүй энгийн ажил эрхлэгч нэг сард багадаа 240 000 төгрөгийн цалин авах эрхтэй. Мөн хувиараа нийгмийн даатгал төлөгч нь багадаа уг дүнгийн 11 хувь, ихдээ арав дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөнөөс тооцон шимтгэл төлөх ёстой аж. Мөн цалингийн доод хэмжээг тогтоохдоо хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний хамгийн өндөр үзүүлэлтээс их байхаар хуульчилжээ. Харин амьжиргааны доод түвшнийг жил бүр бүсчлэн, шинэчлэн тогтоодог. Одоогоор энэ дүн нийслэлд 198 600 төгрөг ба нэг хүн, сард үүнээс бага орлоготой бол “албан ёсоор” ядууд тооцогдох гэнэ. Монгол Улсын хувьд цалингийн доод хэмжээ “албан ёсоор” ядуу гэгдэх түвшнээс 41 400 төгрөгөөр л дээгүүр байна. Харин ихэнх аж ахуйн нэгж энэхүү доод хэмжээгээр ажилчдаа цаЭ.ХАРЦАГА линжуулдаггүй, үүнийг нэмлээ гээд нийт ажилчдад хүртээлгүй гэх хүн бий. Энэ талаар Монголын үйлд - вэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Цалингийн доод хэмжээг 400 000 төгрөг болгон нэмж, хамгийн бага цалинтай хүмүүсийн орлогыг өсгөх зайлшгүй шаардлага бий. Бид одоо байгаа хэмжээг 65 хувиар нэмэгдүү- лэх санаачилга хүргүүлсэн. Үүнийг сүүлийн хоёр жилийн эдийн засгийн байдал, инфляцын түвшин болон ирэх хоёр жилийн төлөвийг бодолцон гаргасан. Суурь цалингаа нэмснээр цалин авсан ч иргэдийн амьжиргаанд хүрэлцдэггүй байдлыг багасгах, эмзэг давхаргынхны орлогыг нэмэгдүүлэхийг зорьж буй. Төсөвт ирэх ачаалал нь 20 гаруй тэрбум төгрөг гэж тооцсон” хэмээсэн юм. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхнаас цалингийн доод хэмжээг нэмэх, энэ нь ямар үр дүнд хүрэх болон эдийн засгийн дарамт үүсгэх, эсэх талаар тодруулахад “Одоохондоо хариулт өгч чадахгүй, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр шийдэх асуудал. Шууд 400 000 хүргэх боломж байхгүй” гэлээ. Хүний хөдөлмөрийн хамгийн бага үнэлэмжийг тухайн цаг үеийн эдийн засгийн нөхцөл, инфляц, суурь үнийн өсөлт зэргээс үүдэн нэмэх шаардлага үүддэг байна. Үүнийг нэмснээр манай улсын хувьд сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийн сард төлөх мөнгөн дүн ихсэх боловч хүртэх халамж, тэтгэвэр нь өсөх ба даатгалын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх эерэг талтай гэнэ. Мөн зарим аж ахуйн нэгж нийгмийн даатгалд бага мөнгө төлөхийн тулд ажилчдынхаа даатгалыг цалингийн доод хэмжээгээр тооцож шимтгэл төлдөг. Энэ нь тэдний авах банкны зээлийн хэмжээ, шаардлагатай тэтгэвэр, тэтгэмжээс хүртэж болох мөнгөн дүнг бууруулж ашиггүй байдалд хүргэдгийг халахад нөлөөлөх аж.