Вирүст хепатитийн халдвар нь дэлхий дахины эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд элэгний үрэвсэл, хатуурал, элэгний өмөн үүсч хөгжихөд хүргэдэг голлох хүчин зүйлийн нэг юм. ДЭМБ-ын тооцоолсоноор 2 тэрбумаас илүү хүн хепатитийн В вирүс (ХВВ)-ийн халдвар авсан бөгөөд 240 сая хүн ХВВ-ийн, 130 -170 сая хүн хепатитийн С вирүс (ХСВ)-ийн халдвартай хүн манай дэлхий дээр амьдарч байна. Жилдээ 780.000 – 1.000.000 гаруй хүн ХВВ-ийн, 350000 – 500000 гаруй хүн хепатитийн С вирүсийн шалтгаант элэгний өвчлөлөөр нас бардаг гэсэн тооцоо бий. Иймд Дэлхий нийтэд вирүст хепатитын эмчилгээ нэвтэрч ДЭМБ-аас 2014 С вирүст халдварыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх удирдамж батлагдан гарсантай холбогдуулан Монгол Улс С вирүсийн эсрэг үр дүнтэй шинэ эмүүдийг бүртгэх, эмийн үнийг бууруулах санаачлагыг бодлогоор дэмжин эмчилгээнд нэвтрүүлснээр өдгөө 5000 гаруй хүн тус эмчилгээнд хамрагдсан байна.
Энэ жил ч мөн адил Хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан энэ сарын 27-нд нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэнэ. Энэ үеэр элэгний B, C вирусийн түргэвчилсэн шинжилгээ, элэгний эхо фиброскан үзлэг, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх гэнэ.