“Эхийн хэвлийд бүрэлдэн тогтсон найман долоо хоногтойгоос төрөх хүртэл өсөж буй хүний хөгжлийг ураг” гэнэ хэмээн анагаахын шинжлэх ухаанд тодорхойлжээ. Энэ үед хүүхдийн гар, хөлийн хуруунууд үүсэж, тархи, мэдрэлийн систем үргэлжлэн хөгждөг байна. Ингэж нэгэн шинэ хүн бүрэлдэн бий болж байхад “үр хөндөх” гэсэн боловсон нэрийн дор амийг нь тасалдаг бусармаг явдал дэлхийд хаа сайгүй. Үр хөндүүлэхтэй зэрэгцэн эхийн хэвлийд буй ургийн эрхийн асуудлыг олон улс хөндөх болжээ.
Ялангуяа Англи, Америкт үүнийг тусгайлан асуудал болгон ургийг хүний дайтай үзэж, эрхийг нь хамгаалах ёстой гэдэг байна. Дэлхийн хөгжингүй орнууд үр хөндөх зайлшгүй тохиолдол бүрийг хуульд тодорхой тусгахаар зорьдог аж. Тиймээс хуульд заасан зайлшгүй тохиолдол биш л бол үр хөндөж, хөндүүлэхийг ургийн эрх зөрчиж буй асуудал гэж энэ чиглэлээр судалгаа хийдэг хуульч хэлэв.
Манай улсад үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгааг статистик мэдээнээс харж болно. Жилд дунджаар 18 мянган ургийн амийг тасалдаг гэнэ. Хүчирхийлэлд автсанаас болж жирэмсэлж эсвэл эрүүл мэндийн шалтгааны улмаас үр хөндүүлэхийг үгүйсгэхгүй. Гэтэл түр зуурын зугаа цэнгэлийн “төлөөс”-нд ирсэн хүний амийг албадан таслахыг манай улсад хүлээн зөвшөөрдөг гэхэд буруудахгүй. Стандарт бус орчинд хууль бусаар үр хөндөж буй эмнэлгүүд үүний баталгаа юм. Хууль бусаар үр хөндөх нь ургийн эрхийг зөрчиж буй ноцтой асуудал гэдгийг олон улс хэдийнэ хүлээн зөвшөөрсөн байтал манайд эрх зүйн орчин ямар байна вэ. Төрсөн хүүхдээ хамгаалж чадахгүй байхад эсэн мэнд мэндлэх, эсэх нь тодорхойгүй ургийг хамгаалах боломжтой юу гэсэн асуулт гарч ирнэ.
Монгол Улс иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг Үндсэн хуулиараа хамгаалсан. Хүүхдийн эрхийн конвенцод “Хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн хамгаалалт шаардлагатай” гэжээ. Үүнээс харахад манай улс төрөхөөс өмнө болон төрсний дараах хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах үүргийг олон улсад хүлээжээ. Гэвч зарим судлаач “Эхийн хэвлийд байгаа хүүхэд иргэний эрх зүйн чадваргүй. Ийм чадвартай болохын тулд хоромхон хугацаанд ч гэсэн амьдарсан байх хэрэгтэй” гэж үздэг аж. Өв залгамжлалын тухайд ч гэсэн хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн хууль ёсны өмчлөгчөөр тооцдог.
Ургийн эрхтэй холбоотой тулгамдаж буй өөр нэг асуудал нь эхийн хэвлийд байхдаа гуравдагч этгээдийн буруугаас болсон хохирлыг нөхөн төлүүлэх асуудал. Эхэд буруу эм өгснөөс хэвлий дэх хүүхэд эрүүл мэндийн хувьд асуудалтай, ямар нэг гажигтай төрөх, эмчийн болон өөр нэгний буруутай үйлдлээс шалтгаалан ургийн эрүүл мэндэд хохирол учрах тохиолдол манайд цөөнгүй. Эмч буруу эм уулгаснаас, янз бүрийн тариа тарьснаас, эсвэл хэн нэгэн балмад этгээдийн буруугаас гэдсэн дэх хүүхдийн хөгжил зогсох, эндэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрх нь бий ч тэр бүр асуудлыг эергээр шийдүүлж, хохирлоо барагдуулсан нь хэд бол.
Хэдийгээр эхийн хэвлийд бүрэлдсэн 120 хоногтойгоос ургийн амьдрал эхэлсэн гэж үздэг ч жирэмсэн эмэгтэйг хөнөөсөн тохиолдолд хоёр хүний аминд хүрлээ гэж Эрүүгийн хуулиар үздэггүйг хуульчид тайлбарладаг юм билээ. Манай шүүх байгууллагад ч ургийн эрхийг хамгаалсан шийдвэр байхгүй. Харин хэн нэгний буруугаас болж ургаа зулбуулснаас үүсэх сэтгэл санааны хохирол барагдуулахыг шаардан шүүхэд хандсан тохиолдол бий. Францад эрх зүйн хувьд ураг амьд төрөхөөс илүү амьдрах чадвартай байхыг чухалчлан үздэг байна. ХБНГУ-д гэм хор учруулснаас үүсэх хохирлыг нөхөн төлүүлэх тухай Иргэний хууль дахь заалт нь төрөөгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалахтай төсөөтэй хэрэглэгддэг гэнэ. Тэр ч бүү хэл, эхийн хэвлийд байхдаа гэмтсэн бол түүнийг төрөх цагт нь хүний биед учирсан гэмтэлд тооцдог бөгөөд хохирлоо бие даан нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй болдог аж.
Дэлхийн олон эрдэмтэн, судлаач ургийн эрхийг хүлээн зөвшөөрөх хандлагатай байгааг энэ талаар судалгаа хийсэн хуульч А.Түвшинтөгс илтгэлдээ онцлон бичсэн байна. Мөн тэрбээр ургийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалт Монгол Улсад дутмаг байгаа учраас ХБНГУ, Польш улсын адилаар урагт учирсан хохирлыг эх нь шаардах боломжийг Иргэний хуулиар тодорхой зохицуулах, Эрүүгийн хуульд заасан хууль бус үр хөндөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах шаардлагатайг хэлсэн юм. Түүнээс зарим зүйлийг тодруулав.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
А.ТҮВШИНТӨГС: Ургийн эрхийн асуудалд анхаарал хандуулах цаг болсон
-Та ургийн эрхийн хамгаалалтын талаар яагаад судлах болов. Манай улсад ийм эрхийн талаар ярих болсон гэж үзэж байна уу?
-Асуудал байгаа цагт тойрч гарна гэж үгүй. Шийдэх зохистой, зөв арга замыг тодорхойлох шаардлагатай. Манай улс 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш 26 жилийн хугацаанд хараахан таниж мэдээгүй хууль зүйн шинэ ойлголт, үзэл санаанууд гарч ирсээр байна. Үүний нэг нь ургийн эрх хэмээх шинэ ойлголт юм. Хууль зүйн ухааны хувьд ургийн хөгжил талаас бус, эрхийн талаас сүүлийн 30-40 жилийн хугацаанд нарийн судлах болсон. Учир нь Барууны орнуудад үр хөндөх асуудлыг хурцаар хэлэлцэж, үүнийг бүрэн хориглох, эсвэл эхийн эрүүл мэндээс шалтгаалан тодорхой шаардлагын дагуу үр хөндөх арга зам сонгохыг иргэд шаардаж байна.
Энэ асуудлаас үүдэн эхийн хэвлийд бойжиж буй үр хөврөл, цаашлаад урагт ямар нэгэн эрх бий юү, тэр нь ямар эрх вэ гэсэн асуулт гарч буй. Өнөөдрийн байдлаар зарим улс ургийн эрхийг хуулиараа баталгаажуулсан. Энэ нь хүний эрхийн асуудал улам нарийсаж буйг харуулна. Үр хөндөлтөөс гадна эхэд хохирол учруулсны улмаас ургийн хөгжилд саатал учрах, тээх боломжгүй болох, ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй төрөх зэрэг эрсдэл бий болсон учир ургийг гэмтээсний хариуцлагыг хохирол учруулсан этгээдээс шаардах боломжийг олон улс эрэлхийлж байна. Тиймээс энэ асуудлыг судлах шаардлагатай.
-Олон улсад эхийн хэвлий дэх ургийн эрхийг хууль ёсоор хамгаалдаг гэсэн. Ийм хууль ёсны эрх үүсвэл сайн тал нь юу вэ. Үр хөндөлт буурна гэж үзэж болох уу?
-Ургийн эрхийн талаар манай улсад төдийлэн ярьдаггүй. Хүний эрх гэдэг ойлголт ч манай оронд бүрэн төлөвшөөгүй байгаа шүү дээ. Хэвлий дэх ургийн эрхийн тухай ярих нь заримдаа манай улсын эрх зүйн тогтолцоо, уламжлалтай зөрчилдөх нь бий. Яагаад гэвэл манай уламжлалаар төрснөөс нэг сарын дараа хүн боллоо гэж үздэг. Харин эрх зүйн тогтолцооны хувьд хүүхэд эхийн хэвлийгээс гарч эхний амьсгал авснаар хүн боллоо гэж тайлбарладаг. Энэ бол онолын, үзэл баримтлалын асуудал. Харин сэтгэл, бие махбодоороо хохирох явдал гарсаар байгаа учраас анхаарал хандуулах цаг болсон.
-Эмч болон бусдын буруугаас болж ураг хохирсон тохиолдолд төрснийх дараа эх нь хохирол барагдуулах талаар гомдол гаргах эрх зүйн орчин манай улсад байна уу. Ийм тодорхой тохиолдлын жишээ хэлэхгүй юү?
-Эмчийн буруутай үйл ажиллагаанаас болон гуравдагч этгээдийн учруулсан хохирлыг шаардах боломж манай улсад нээлттэй. Харин эмчийн болон гуравдагч этгээдийн буруугаас урагт хохирол учирч, эх сэтгэл санаагаараа хохирсон тохиолдолд Иргэний хуулиар шаардах эрх бий боловч тэрхүү шаардлагыг шүүхийн зүгээс хангах, эсэх нь ихээхэн эргэлзээтэй байна. Шүүхийн зүгээс эхийн сэтгэл санааны хохирлыг барагдуулахын тулд шалтгаан нөхцөл, нотлох баримтыг түлхүү анхаарч хэргийг шийдвэрлэдэг учраас тэр. Тодруулбал, өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл хэдийд ч шүүхэд хандах эрх нь иргэн бүрт нээлттэй. Иймээс урагт болон эхэд хохирол учруулсан гэж үзвэл шүүхэд хандаж болно гэсэн үг.
Бэлтгэсэн: Ч.Болор