Гүйлгэж, огиулж бөөлжин, халуурсан хүүхдүүд эмнэлгийн үүд сахих нь сүүлийн үед нэмэгджээ. Гэдэсний халдварт өвчин зургадугаар сараас нэмэгдэн аравдугаар сар хүртэл үргэлжилдэг аж. Өөрөөр хэлбэл, урин дулааны цагт сэдэрдэг уг өвчин нь хүүхдүүд тэр дундаа тав хүртэлх насны багачуудад хамгийн халгаатай гэнэ.
Төрөл бүрийн халдварт өвчтэй иргэдийг хүлээн авч, эмчилдэг ХӨСҮТ-д энэ сарын 3-нд 65 хүн үйлчлүүлсэний 35 нь эмнэлэгт хэвтжээ. Тэдний 27 нь гэдэсний халдварт цусан суулгаар өвчилсөн байж. 60 гаруй хувь нь тав хүртэлх насны хүүхэд гэнэ.
Нэгэн танилын минь найман сартай хүү нь өдөрт 10 гаруй удаа гүйлгэж, халуурч бөөлжиж Баянгол дүүргийн эрүүл мэндийн VII төвд хэвтсэн юм. Гэвч өвчин нь эдгэрэх нь бүү хэл, нэмж халдвар авч, арга буюу өндөр төлбөртэй хувийн эмнэлэг барааджээ. Тус төв нь гэдэсний халдвар, хоолны хордлоготой хүүхдүүдийг тусгаарлахгүй нэг өрөөнд хэвтүүлж, цэвэрлэгээгээ ч олигтой хийдэггүй аж. Толгойгоо ч даахгүй болтлоо тамирдсан энэ бяцхан хүүгийн адил олон хүүхэд урин дулааны улиралд гэдэсний халдварт өвчинд өртөж, хүндрүүлэх тохиолдол цөөнгүй гардаг.
Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 25 төрлийн 17 530 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цусан суулга 604, гонококкт халдвар 209, сальмонеллёз 82, халдварын гаралтай гастроэнтерит ба суулга 21, нярайн бактерт үжил гурав, бактерийн гаралтай бусад хоолны хордлого хоёроор нэмэгджээ.
Эл өвчний талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа “Гэдэсний халдварт өвчин аравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Бороо, шар усны үерийн улмаас хөрсний бохирдол нэмэгддэг нь гэдэсний халдварт өвчний нян үржих таатай нөхцөл болдог юм. Сургууль, цэцэрлэг амарч, эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт суларсан нь багачууд өвчинд өртөх байдлыг нэмэгдүүлдэг. Мөн зуны улиралд гар дээрээс худалдаа наймаа хийх нь ихэсдэг.
Зориулалтын бус зам, талбайд самар, жимс борлуулах нь гэдэсний халдварт өвчин үүсэх нэг эх сурвалж. Манай эмнэлэгт хандаж буй хүүхдүүд цусан суулга, сальмонеллёзоор өвчилсөн нь түлхүү байна. Иймд эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангаж, орны ачааллаа зохицуулж, яаралтай тусламжийн үед ажиллах эмч, сувилагчийн тоог нэмэгдүүлэн, эм бодис, хувцас хэрэглэлээ нэмж ажиллаж байна. Халдвар тарааж буй эх уурхай нь өвчтэй хүн.
Гүйлгэх, суулгах, халуурах, өтгөн цус залхагтай, ногоон өнгөтэй гарах, олон давтамжтай бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж, зөв эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Гэтэл иргэд ам дамжсан яриагаар элдэв эм ууж өвчнөө хүндрүүлж байна. Эрт эмчлүүлбэл олон хүнд халдвар тараахгүй, өвчнөө архагшуулахгүй байх сайн талтай. Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвөөс гадна 24 цагаар ажиллаж буй Яаралтай түргэн тусламжийн 103, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд хандан зөвлөгөө авч болно.
Гэдэсний халдварт өвчин үү, хоолны хордлого уу, наршилтаас болсон ходоод, гэдэсний хямрал уу гэдгийг эмч оношилсны дараа ХӨСҮТ-д хандах хэрэгтэй. Гэдэсний халдварт өвчин илэрвэл манай төвд хэвтэн эмчлүүлдэг” гэв. Мөн тэрбээр гар бохирдох бүрт тогтмол зөв дарааллын дагуу савандаж угаах нь гэдэсний болон амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг хэлэв.
Тиймээс хүүхдийг бага наснаас нь эхлэн зөв дарааллын дагуу гараа угааж хэвшүүлэх, ил задгай зарж буй бүтээгдэхүүн авахаас татгалзах, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацаа, хаяг шошгын бүрэн бүтэн байдлыг шалгах, амархан муудах хүнсийг гэртээ зөв хадгалах нь хоолны хордлого, гэдэсний халдвараас сэргийлэх энгийн арга гэлээ. Ялангуяа баяр наадмын өдрүүдэд гадуур хооллохдоо гар угаах боломжтой асар майхан, худалдааны цэгээр үйлчлүүлэхийг зөвлөв.
Гэдэсний халдварт өвчин болон хоолны хордлого, наршихаас сэргийлэх энгийн аргуудыг мэддэг, үүнийг амьдралдаа хэвшүүлбэл өвчлөхгүй байх боломжтой. Ялангуяа эл өвчнөөр тав хүртэлх насны багачууд голдуу өвчилж буй учраас эцэг, эхчүүд хүүхдэдээ өгч буй хоол хүнсэндээ онцгой анхаарах хэрэгтэй байна.
Гэдэсний халдварын хөнгөн хэлбэрийг эмчийн заавраар гэрээр эмчлэх боломжтой бол өтгөний шинжилгээнд эмгэг төрөгч нян илэрсэн тохиолдолд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг гэнэ. Эмчлүүлсний дараа ч эмчийн хяналтад байж, тодорхой хугацааны дараа дахин шинжилгээ өгч эдгэсэн, эсэхээ мэдэх шаардлагатай.
Гэдэсний халдварт өвчний улмаас аминд нь эрсдэл учирч, сэхээнд орсон тохиолдол одоогоор гараагүй ч хоруу чанар ихтэй, хүүхдийг амархан тамирдуулдаг, шингэн дутагдах аюултай учраас шинж тэмдэг илэрсэн даруйд мэргэжлийн эмчид хандах шаардлагатайг ХӨСҮТ-ийнхөн хэлж буй. Орон нутагт эл өвчний хүндэрсэн тохиолдол гарвал тус төвийн эмч нар цахимаар зөвлөгөө өгч, шаардлагатай үед газар дээр нь очиж ажилладаг аж.
Муудсан хоол, хүнс, ус, халдвартай хүн, бохир гараас уг өвчин дамждаг учир ахуйн ариун цэврийг сайн сахих нь өвчлөхгүй байх эхлэл юм. Эмчийн зааврын дагуу эм уухаас гадна шингэн алдахаас сэргийлж буцалсан ус, хорсол, баахуу цай, будааны шүүс зэргийг ойр ойрхон бага хэмжээгээр уухыг эмч зөвлөж буй.
Мөн энэ үед хоолны дэглэм баримтлах нь чухал. Олон төрлийн эрдэс агуулсан хүнс, хайрч хуураагүй хоол идэж, өдөрт гурваас доошгүй удаа хооллодог байна. Шарсан, тосонд чанасан боов боорцог, хонь, гахайн өөхтэй мах, борц, шарсан загас, амьтны гаралтай өөх, бялуу, шоколад, хийжүүлсэн ундаа, архи, пиво, өтгөн кофе уухыг хориглодог аж.
Баяр наадмын өдрүүдэд хоолны хордлогод орсон, наршсан гэх дуудлага эрс нэмэгддэг. Хүнс бохирдох нь хоолны хордлого үүсэх нэг шалтгаан болдог байна. Өвчтэй мал, амьтан, загас, тахиа шувууны мах, сүү, ариун цэврийн шаардлага хангаагүй ус хүнсэнд хэрэглэхэд хордлого үүсдэг. Өөрөө өвдөхгүй ч нян тээгчид хүнсний үйлдвэрт ажиллах, хүнстэй харьцах, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм муу сахисны улмаас хүнс бохирдож, хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг аж.
Дотор эвгүйрхэх, ходоод, гэдэс базалж өвдөх, суулгах, бөөлжих, халуурах зэрэг нийтлэг шинж илэрвэл эмчид хандах хэрэгтэй. “Хүн, хүнс, хүн” гэсэн зарчмаар хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин дамждаг учраас ариун цэврээ сайн сахиж, гараа тогтмол угааснаар халдвараас сэргийлэх боломжтой аж. Ингэхдээ бага насны хүүхдийнхээ ариун цэвэрт санаа тавихаа мартав.