Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл манай улсад 60 сая ам.долларын санхүүжилт олгохыг баталжээ. Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж, худалдааг хөнгөвчлөх, хүртээмжтэй өсөлтийг бүрдүүлэхэд ач холбогдолтой, 311 км авто замд их засвар хийн, сайжруулахад үүнийг зориулах аж.
Тус банкны Зүүн Азийн газрын Тээвэр, харилцаа холбооны хэлтсийн дарга Сужата Гупта “Аюулгүй, найдвартай авто замын сүлжээ нь худалдаа, аялал жуулчлалыг дэмжин, Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлөх юм” гэжээ. Манай улсын авто замын сүлжээ 48 538 км үргэлжилдэг ч 13.2 хувь нь л хатуу хучилттай аж.
Энэ нь ажлын байр, худалдаа зэрэгт сөргөөр нөлөөлж болзошгүйг тэд сануулж буй. Энэхүү “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл” болон үүнтэй холбогдох техникийн туслалцааны хүрээнд авто замын үндсэн хөрөнгийн менежментийг сайжруулах нь.
Монголыг Хятад, Оростой холбосон коридорын хэсэг болох Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замд их засвар хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулснаар худалдааны эргэлт нэмэгдэж, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал сэргэн, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжинэ хэмээн тооцсон байна.
Авто замд тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашлага, мэдээлэх самбар байршуулахын сацуу аюулгүй байдлын хараат бус аудит хийх гэнэ.