ХҮМҮҮЖЛЭЭ ХАЯЖ, ОРЛОГО ОЛДОГ
Хахир өвлийн хүйтэн орой зуны даавуун гутал өмссөн 10 орчим насны хүү хоолойгоо цахирттал дуулан, гуйлга гуйхыг би зөндөө харсан. Зуны халуунд ч тэр хүү өдөр, шөнөгүй пөөнийчихөөд сууж л байдаг юм. Улсын их дэлгүүр, “Мөнгөн завъяа”-гийн орчимд тэр “ажилладаг”. Энэ сурвалжилгыг бэлтгэхээр гарахдаа би хамгийн түрүүнд түүнийг зорьсон. Ярилцах гэж оролдсон ч баргийн хүнд сэтгэлээ нээхээргүй “хатуу самар” болсныг та доорх ярианаас харах биз.
-Чамайг хэн гэдэг вэ, хэдэн настай юм бэ?
-Яах гэж байгаа юм. Танд ямар хамаатай юм бэ.
-Би сэтгүүлч юм. Чи яагаад энд байнга суудаг, хаана амьдардаг талаараа ярьж болохгүй юу?
-Мөнгө олох хэрэгтэй байна. Ээж, эмээ, дүүдээ хоол авч өгөх гэсэн юм.
-Ээж чинь ажил хийдэггүй юм уу?
-Танд ямар ч хамаагүй.
Тэр ингэж хэлээд цаасан хайрцагаа чирээд, намайг дагах вий гэсэн шиг эргэн эргэн харсаар яваад өгөв. Баянгол дүүргийн III, IV хороолол орчимд гуйлга гуйдаг бас нэг хүү бий. Түүнийг тус дүүргийн цагдаа нар анддаггүй юм билээ. Учир нь хүүгийн ээж “ажлын байранд” нь хүргэж ирээд, өдөр гуйлга гуйхыг нь машин дотроосоо хараад сууж байдаг гэх. Тэгээд ажил нь дуусахаар хүүхдээ аваад, замаараа дэлгүүр орж, гуйлга гуйж олсон мөнгөөрөө хүнс цуглуулаад харьдаг аж.
Саяхан “Гэрэлт гудамж”-ны орчимд найзуудтайгаа тоглолт үзчихээд харьж явтал 00.00 цаг нэлээн өнгөрсөн хойно 6-7 насны охин “Ах аа, эгч ээ, бохь авчих тэгэх үү” гэчихсэн ганцаараа явж байв. Хөлсний тэрэг барих гээд замын хажууд зогсож байсан бид түүний өрөвдөлтэй царайг хараад, авахгүй байж чадалгүй нэг боодол бохь авав. Бусад газарт үсрээд л 1000 төгрөг гэдэг бохийг түүнээс 2500 төгрөгөөр авахдаа үнэнээ хэлэхэд жаахан “татганасан” ч энэ шөнөөр ийм балчир охин ингээд явж байгааг бодоод авсан юм.
Гэтэл наймаалцаж дуусав уу, үгүй юу нөгөө охины өрөвдөлтэй, царайчилсан харц ор мөргүй хийсэн одоод, бидний хажууд тамхи татаад зогсож байсан хоёр эмэгтэй рүү очоод “За болчихлоо, явъя ” гээд нийлж аваад алга болов. Ийм жаахан охин яаж тийм хуурамч, хэнэггүй байж чаддагийг бид баахан гайхаад л хоцорсон. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар хүүхдээрээ гуйлга гуйлгадаг байсан хүмүүс одоо жижиглэнгийн худалдаа эрхлүүлдэг, голчлон шөнө оройн цагаар шорлог, бохь, тамхи заруулах нь түгээмэл болсон гэсэн.
Эрхэлж тоглох, сурч боловсрох насан дээрээ гуйлга гуйж, хулгай хийж, наймаа үсэргэж яваа хүүхдүүдийн хүмүүжлийн доголдол хэрээс хэтэрсэн гэдэг нь дээрх жишээнүүдээс харагдах биз. Тэд хэнээс ч айхгүй, бас юу ч хийхээс буцахгүй болон өсөж байна. Ийм хүүхдүүдийн сэтгэл зүйд шингэсэн тэр сөрөг өөрчлөлтийг мэргэжлийн хүмүүс эмгэг хэмээн тайлбарлаж буй. Гуйлга гуйгаад, эсвэл гэмт хэрэгт орооцолдоод Түр хамгаалах байранд хүргэгдсэн хүүхдүүдийг сэтгэл заслын эмчилгээнд хамруулж, хүндэрсэн заримыг нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилдэг аж.
Тэдний олонх нь сургуульд сурч, эрдэм номын мөр хөөхөөс төвөгшөөж, гуйлга гуйж, наймаа хийхийг илүүд үздэг. Улирал тутамд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ийм хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, эсвэл Түр хамгаалах байр, асрамжийн газруудад хүргэдэг ч тэндээ удаан “тэсдэггүй”. Оргож босоод алга болдог. Зарим нь сайн дураараа “мэргэжил” нэгт нөхдөө хараад, дагаад явдаг бол нөгөө хэсэг нь хэн нэгний дарамт шахалтаар оргож, гуйлга гуйх ажлаа хийдэг.
“ЧИ НАДАД ӨДӨРТ 40, 50 МЯНГАН ТӨГРӨГ ӨГӨХ ЮМ УУ”
Өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиосон. Энэ үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн төлөө болон хуулийн байгууллагууд хамтран хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг илрүүлэн, тэднийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгч, заримыг нь Түр хамгаалах байранд хүргэжээ. Энэ талаар нийслэлийн Хүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын хэлтсийн мэргэжилтэн С.Тунгалаг “Хүүхдээр гуйлга гуйлгана гэдэг нь
хүнд хөдөлмөрт тооцогддог. Ийм хүүхдүүд ихэвчлэн ар гэрийн хараа хяналт султай, эсвэл бүүр ямар ч хараа хяналтгүй байдаг. Сүүлд явуулсан арга хэмжээний хүрээнд ямар ч хараа хяналтгүй нэг хүүхдийг асрамжийн газарт хүлээлгэн өгсөн. Хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэх тухайлбал, гуйлга гуйлгах, гар дээрээс жижиглэнгийн худалдаа эрхлүүлэхийг хориглосон зүйл заалтууд Эрүүгийн, Хөдөлмөрийн, Зөрчлийн тухай хуульд бий. Торгох, зорчих эрхийг хязгаарлах болон цаашлаад нэг жил хүртэл хугацаагаар хорихоор хуульчилсан байдаг.
Хүүхэд гуйлга гуйж буйн гол шалтгаан нь ар гэрийнхнийх нь хөдөлмөр эрхэлдэггүйтэй холбоотой байдаг. Аргагүйн эрхэнд хүүхэд нь гуйлга гуйдаг, олсон мөнгөөр нь ар гэрийнхэн нь гол зогоодог айл олон бий. Тухайлбал, аав нь, эсвэл ээж нь хөгжлийн бэрхшээлтэй, түүнээс өөр ажил хийж ар гэрээ тэжээх хүнгүй хүүхэд ч цөөнгүй. Нэг айлд хөгжлийн бэрхшээлтэй 2-3 хүн байх тохиолдол ч байдаг.
ИНФОГРАФИК
Тийм айлын хүмүүст “Хүүхдээрээ гуйлга гуйлгаж, элдэв ажил хийлгэж болохгүй” гэж тайлбарлахаар “Чи тэгвэл надад өдөрт 40-50 мянган төгрөг өгөх юм уу” гэдэг. Түүнчлэн хүүхэд нь хөдөлмөр эрхэлж буй өрхийн гишүүдийн боловсролын байдал их нөлөөлнө. Өөрсдөө боловсролгүй, хог түүж, гуйлга гуйгаад олсон жаахан мөнгөөрөө амьдраад сурчихсан хүмүүс хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэх тухай ойлголтгүй байдаг. Тийм хүмүүсийг ажилд оруулсан ч ажиллаж чаддаггүй. “Оруулаад өгсөн ажлаас яагаад гарчихав аа” гэхээр “Тэд чинь цалингаа өгөхгүй байсан” гэдэг.
Цалинг нь өгөхгүй болохоор хаана, хэнд гомдол гаргаж, цалин хөлсөө нэхэмжлэхээ мэддэггүй. Энэ жилээс бид хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдтэй биш, тэднийг ажиллуулаад байгаа ар гэрийнхэн, ажил олгогчдод зориулсан сургалт зохион байгууллаа. Өмнөхөө бодвол хүүхдийг хөдөлмөрлүүлэх нь харьцангуй багасаж л байна. Гэхдээ хүүхдээс илүү томчуудыг энэ талын мэдлэг ойлголттой болгоход анхаарах нь зүйтэй. Дараагийн арга хэмжээгээрээ бид аав, ээжүүд, ажил олгогчид буюу насанд хүрэгсэдтэй илүү “тулж” ажиллахаар төлөвлөсөн” гэж ярив.
Зарим тохиолдолд ар гэрийн хараа хяналт султай хүүхэд өөр хэн нэг этгээдийн дарамт шахалт дор гуйлга гуйдаг, худалдаа хийдэг, гэмт хэрэг үйлдэх нь ч бий. Тийм хүмүүс хүүхдийг засарч, сургуульдаа явж, жирийн хүүхэд шиг амьдрахад нь саад болдог. Хүүхдийг ингэж уруу татдаг, дарамталдаг хүмүүстэй хүүхдийн төлөөх болон хуулийн бйгууллагууд чадах ядахаараа л тэмцэж байгаа аж. Сүүлийн үед энэ төрлийн хэргийн тоон мэдээ нь харьцангуй буурч байгаа ч бүрмөсөн арилахгүй байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна.
ГУЙЛГА ГУЙХААС ӨӨР АМЬЖИРГААНЫ ЭХ ҮҮСВЭРГҮЙ ЗУРГААН ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЖЭЭ
Гуйлга гуйдаг, гар дээрээс элдэв зүйл худалддаг хүүхдүүд ихэвчлэн хэсэг бүлгээрээ явдаг, эв нь таарвал хөлчүү нэгний халаасыг сэгсэрчихдэг гэдгийг цагдаа нар хэлдэг. Одоо ч Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст халаасны болон орон байрны хулгайн хэргээр шалгагдаж байгаа жаалууд нэг бус байгаа аж.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн Цагдаагийн газарт 242 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон гэх тоо байна. Тэдний хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд амьжиргааны эх үүсвэргүй зургаа, согтуудаа хоёр, ашиг олох, шунахайн сэдлээр 115 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.
Өнгөрсөн жил нэг танил минь “Гэрэлт гудамж”-ны задгай талбайд байрлах уушийн газарт сууж байхад хоёр жаал орж ирээд “Хүүхдэдээ үлгэрийн ном аваач” гэж гуйгаад хэдэн ширхэг ном гарган, ширээн дээр нь дэлгэн үзүүлжээ. Ингээд түүнээс 3500 төгрөгөөр нэг ном худалдан аваад явуулсны дараа гар утсаа алга болсныг мэдсэн аж. Ингээд ном зарсан хүүхдийг холдож амжаагүй байхад нь барьж, тэндхийн цагдаад хүлээлгэн өгөхөд зарж байсан номныхоо ард талд зажилсан бохь наагаад, түүгээрээ гар утсыг нь аваад явсан байж.
Энэ мэтээр гуйгаад өгөхгүй бол гуядаад авдаг гэдэг шиг хулгайлаад ч хамаагүй ашиг олоод сурчихсан хүүхэд өөрөө энэ ажилдаа дуртай болдог гэсэн. Гэмт хэрэгт уруу татагдахаас эхлээд ирээдүй нь хар бараан, бүрхэг болсон хүүхэд цөөнгүй. Бага дээр нь л засаж авахгүй бол ийм хүүхдүүд насанд хүрэхээрээ хэнийг ч өрөвдөж хайрладаггүй, хүндэлдэггүй, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн болж хувирах нь дамжиггүй.
Өөрийг нь хэн ч хайрлаагүй юм чинь тэр бас хэнийг ч хайрлахгүй. Байсхийгээд л тэднийг барьж аваад, Түр хамгаалах байр, асрамжийн газарт хүргэж өгөөд нэг их үр нөлөөтэй байхгүй л болов уу. Тэдэнтэй биш тэднийг ингэж явахад хүргээд буй шалтгаантай нь тэмцэх тэмцлээ нэн яаралтай эрчимжүүлэхгүй бол амьдралыг бараанаар хардаг дараагийн үе гарч ирээд, өс хонзонгоо биднээс авах вий.
Бэлтгэсэн: А.Сүлд