Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Олон улсын Мерси Кор байгууллагын Суурин төлөөлөгч Рамеш Сингхийг Монгол Улсын “Онцгой байдлын тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа. Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулалтыг дэмжих, хөдөө аж ахуй, онцгой байдлын салбарыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлснээ Шадар сайд онцлон тэмдэглэв.
Мерси Кор байгууллагын Суурин төлөөлөгч Рамеш Сингх “Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эхлүүлсэн төслөө дахин нэг жилээр сунгах хөрөнгийг босгож чадсаныг дуулгахад таатай байна. Өмнөх уулзалтын үеэр Шадар сайд Таны зөвлөж чиглүүлсний дагуу бид Монгол орны хил орчмын бүсэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа” гэв. Түүний Монгол Улсад ажиллах томилолтын хугацаа дууссан бөгөөд Мерси Кор-ын Африк дахь Суурин төлөөлөгчөөр томилогдоод байгаа юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол Улс дахь Мерси Кор байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд малчид маань хотондоо цаг агаарын болон малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хугацаа алдалгүй гар утсаараа мессеж хэлбэрээр хүлээн авдаг болсон нь техникийн том дэвшил юм. Малчдын ахуй амьдралд хэрэг болох илүү баялаг мэдээлэл бүхий мессеж хүлээн авах цаг ойрхон гэдэгт итгэж байна” хэмээн талархлаа илэрхийлэв