Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундаас хойш ам.долларын ханш чангарч буй. Энэ нь хөгжиж буй орнуудын зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг мэдээлэв. Ам.долларын ханш өссөн нь Аргентин, Гана, Монгол, Пакистан, Шри-Ланк, Турк, Замби зэрэг улсын гадаад валютын нөөц буурахад нөлөөлөхийг дурджээ. Тэгвэл Чили, Колумб, Индонез, Малайз улс ойрын хугацаанд тийм ч “эмзэг” байхгүйг тайланд тэмдэглэсэн байв. Дансны алдагдал, гадаад зээлийн эргэн төлөлт, Засгийн газрын өр нь өндөр улсад америк мөнгөн тэмдэгтийн ханшийн өсөлт сөргөөр нөлөөлөхийг тус агентлагийнхан дурджээ. Гадаад хөрөнгийн урсгалаас бага хамааралтай Бразил, Хятад, Энэтхэг, Мексик, Орос улсад дээрх нөлөө хамгийн бага байх аж.