Д.БЯМБАЖАВ
Тохокүгийн их сургуулийн судлаач, доктор
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанаас үзүүлж буй хүний эрхийн нөлөөллийн үнэлгээг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс хөндлөнгийн шинжээчдийн багтай хамтран хийж байна. Би бээр энэ үнэлгээний багийн гишүүний хувиар 2018 оны гуравдугаар сард Цогтцэций суманд ажилласан юм. Энэхүү нийтлэлд Цогтцэций сумын төвийн иргэдийн санааг хамгийн ихээр чилээж буй тоосжилт, агаарын бохирдлын асуудлыг хөндөж байна.
НҮҮРСНИЙ УУРХАЙН ТООСЖИЛТ БА ЭРҮҮЛ МЭНД
Нүүрсний ил ба гүний уурхайд ажиллагсдын дунд “хар уушги” буюу уушги тоосжих, мөн зүрх судасны өвчин тусах магадлал өндөр байдгийг хэн хүнгүй мэднэ. Үүний эсрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн арга хэмжээ зайлшгүй авч хэрэгжүүлдэг. Харин нүүрсний уурхайн орчимд амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн эмзэг байдлын талаар төдийлөн ярьдаггүй.
Олон улсын хандлагаас үзэхэд энэ байдал өөрчлөгдөж байна. Учир нь нүүрсний ил уурхайн үүсгэсэн тоосжилт, агаарын бохирдол нь ойролцоо амьдарч буй иргэдийн дунд амьсгалын тогтолцооны, зүрх судасны, эхчүүд, хүүхдүүдийн өвчлөл, арьсны өвчнийг ихэсгэдэг болохыг судалгаагаар нотлох болсон юм.
Иймээс төрийн холбогдох байгууллага, уурхайн компаниудын хувьд тоосжилтыг тогтмол хэмжих, агаарын чанарыг хамгаалах, орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх ажлуудыг хийх хариуцлага үүсдэг.
ЦОГТЦЭЦИЙ ЮҮ, ТООСЦЭЦИЙ ЮҮ
Цогтцэций сумын төв нь Тавантолгойн уурхайгаас 10 орчим километрийн зайтай, уурхайн салхин дор буюу уурхайн зүүн хойхно байрладаг. Говийн цөлөрхөг, хуурай бүс нутгийн хувьд салхи, шуургаар тоос шороо дэгдэж, түүнээс хэдэн арав, зуун километр хол хийсэх нь элбэг. Иймээс Тавантолгойн уурхайн олборлолт, нүүрс тээвэрлэлтээс үүсдэг тоосжилт нь Цогтцэций сумын төв болон уурхайн ойр орчимд маш ихээр мэдрэгддэг.
Уурхайн тэсэлгээ, хөрсний овоолго, “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн талбай дахь шороон замаарх нүүрс тээвэрлэлт, сумын төвөөс тус компанийн кэмп хүртэлх шороон зам зэрэг нь уурхайтай холбоотой үүсэж буй тоосны гол эх үүсвэр юм. Тоосжилт ихсэхэд өөр хүчин зүйлс нөлөөлж байгааг ч орон нутгийн иргэд сайтар ойлгож байлаа. Ялангуяа сумын төвийн дотоод замын тоос шороо, өвлийн улиралд айлуудын яндангийн утаа агаарыг ихээхэн бохирдуулдаг ажээ.
Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн төв нь Тавантолгойн Зүүн Цанхийн уурхайн хөрсний овоолгоос хоёр километр хүрэхгүй зайд байна. Овоолго тэлэх тусам энэ зай улам багасна. Анх Тавантолгойн ордын Зүүн Цанхийн ордын ашиглалтын лицензийг олгохдоо энэ багийн төвийг лицензийн талбайд оруулаад, бүхэл бүтэн засаг захиргааны нэгжийн төвийг хөрсний овоолгын талбай байхаар тооцжээ.
2009 оноос уурхайн үйл ажиллагаа өргөжин тэлэхэд уг багийн төвийн 200 орчим өрхийг нүүлгэн суурьшуулах, ингэхдээ тэдний газар, хашаа, байшин, бусад эд хөрөнгийн үнэлгээ, нөхөн олговрыг шийдэх асуудал тулгарчээ. “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөг хүртэл үүнийг шийдэлгүй байсаар байгаа нь иргэдийн эрүүл мэнд, амьжиргаа, өмч хөрөнгийн хохирлыг улам л даамжруулсаар.
Энэ асуудлаар хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэдэг мэдээлэл бий ч Засгийн газрын түвшинд дорвитой шийдвэрт хүрч, асуудлыг ул суурьтай шийдэх нь үр дүнтэй гэдэгт орон нутгийнхан болон компанийн төлөөлөл санал нэг байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛҮҮД БА АГААРЫН ЧАНАРЫН ХЭМЖИЛТ
Цогтцэций сумын удирдлага болон иргэд амьсгалын замын өвчлөл, харшил, жирэмсний ба жирэмсний дараах үеийн хүндрэлүүд, ялангуяа хүүхдийн дунд амьсгалын замын өвчин улам ихсэж байгааг халаглан өгүүлж, бухимдаж байлаа. Сумын эмнэлгээс гаргасан статистик тоо баримт ч үүнийг нотолж байна. Харамсалтай нь, өнөөг хүртэл эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийгдээгүйн улмаас системтэй суурь мэдээлэл бага, тодорхой давтамжтай харьцуулан үзсэн судалгаа алга байна.
Нөгөөтэйгүүр, агаарын бохирдлын эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл нь урт хугацаанд илрэх нь нийтлэг байдаг учраас сумын эмнэлгээс гаргасан статистикаар баталгаа, нотолгоо гаргах нь бэрхшээлтэй. Олон улсад хийсэн судалгаатай жишиж бодвол Тавантолгойн уурхайн олборлолт огцом нэмэгдсэн үеэс хойш буюу ирэх 5-10 жилд иргэдийн эрүүл мэндийн эмзэг байдал улам хүндрэх магадлал өндөр юм.
Монгол Улсын хэмжээнд агаарын чанарыг Улаанбаатар хот, аймгийн төвүүд, томоохон хот суурин газруудад түгээмэл тархалттай 2-6 төрлийн бохирдуулах бодисын хэмжилтийг тогтмол хийдэг. Цогтцэций сумын хувьд томоохон хот суурин газар гэдэг ангилалд хамаарахгүй учраас агаарын чанарын суурин хэмжилт хийдэггүй. Бодлогын энэ хөшүүн байдлыг өөрчилж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангах хэрэгцээ улам ихсэж байна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дагуу дээрх гурван компани тус бүртээ орчны агаарын чанарын хэмжилт хийдэг. “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн хувьд зөвхөн уурхайн орчиндоо нарийн ширхэгт (PM2.5) болон том ширхэгт (PM10) тоосонцрын хэмжилт хийдэг боловч мэдээллээ зөвхөн дотоод хэрэгцээндээ ашигладаг.
“Энержи ресурс” компани нь орон нутгийн иргэдийн зөвлөлтэй хамтран агаарын чанарын хэмжилт хийхдээ уурхайн орчин ба сумын төвийг хамруулдаг нь сайшаалтай. Гэвч хэмжилтийн тайланд нь зөвхөн нарийн ширхэгт тоосонцрын мэдээлэл л байх юм. Сумын төвийн хувьд өвлийн улиралд, ялангуяа нэг, хоёрдугаар сард нарийн ширхэгт тоосонцор стандарт хэмжээнээс хэтэрсэн дүн нэжгээд жил давтагджээ.
Үүнээс Цогтцэций сумын төвийн агаарын бохирдол нь айл өрхүүдийн нүүрсний хэрэглээ, яндангийн утаанаас үүдэлтэй буюу уурхайн орчмоос сумын төвийн агаарын чанарт үзүүлж буй нөлөө бага гэдэг учир дутагдалтай дүгнэлт хийхэд хүргэжээ. Тус сум нь 2016 оноос агаарын чанарын явуулын төхөөрөмж ашиглан нарийн ба том ширхэгт тоосонцрыг хэмждэг болсон.
Уг хэмжилтийн дүнгээс үзэхэд том ширхэгт тоосонцор үндэсний стандартын хязгаараас өвөл, хаврын улиралд 2-3 дахин давдаг хандлага байна. Тиймээс Цогтцэций сумын төвийн орчны агаарын чанарын хэмжилтийг орон нутгийн удирдлага, тэнд үйл ажиллагаа явуулж буй компаниуд хамтран хэмжилтийн чанарын болон жинлэх зэрэг олон аргыг хослуулан, үр дүнтэй хийх шаардлага тулгарч байна.
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР БА ШУДАРГА ЁС
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлангийн системээс авсан мэдээллээр 2017 онд дээрх гурван компани Агаарын бохирдлын төлбөрт нийт 20 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Агаарын бохирдлын төлбөр гэдэг нь “бохирдуулагч нь төлөх ёстой” гэдэг зарчимд суурилагдсан ойлголт юм.
Үүний дагуу байгаль орчны бохирдол үүсгэсэн этгээд нь бохирдлын хэмжээндээ дүйцэх төлбөр төлдөг учраас эдийн засгийн үр ашгаа тооцох агаад ингэснээр бохирдлын хэмжээг аль болох бууруулах сэдэлтэй болно. Бохирдлын хэмжээгээ бууруулсан бол төлбөр нь багасахын зэрэгцээ урамшуулал, хөнгөлөлт эдлэх боломж олгох нь нийтлэг байдаг. Түүнчлэн төлбөрийн зохих хувийг бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, дүйцүүлэн хамгаалах зэрэг үйл ажиллагаанд зарцуулах ёстой.
Монгол Улс 2010 оноос Агаарын бохирдлын төлбөрийн хуулийн дагуу төлбөр хурааж эхэлсэн. Мэдээж нүүрсний салбар гол төлбөр төлөгч нь болсон. Дээрх төлбөрийг 2011 оноос “Цэвэр агаар” сангаар дамжуулан зарцуулж эхэлсэн ч тус сангийн үйл ажиллагаан дахь авлигын асуудал хүндэрч, улмаар 2015 онд татан буугдсан.
Түүнээс хойш агаарын бохирдлын төлбөрийн ихэнх нь улсын нэгдсэн төсвийн том “тогоо” руу орох болж, зарим хэсэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Агаарын бохирдлын эсрэг үндэсний хороогоор дамжин зарцуулагдах болсон. Одоо УИХ-аар хэлэлцэж буй Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өмнөх санг “Агаарын бохирдлын эсрэг сан” гэдэг нэртэйгээр дахин байгуулах санал “явж” байна.
Энэхүү хуулийн үзэл баримтлал, мөн Агаарын бохирдлын эсрэг үндэсний хөтөлбөрт нүүрсний уурхай орчмын агаарын бохирдлын асуудал, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийн талаар орхигдсон нь шударга ёсонд нийцэмгүй зүйл юм.
Үндсэндээ 2010 онд Агаарын бохирдлын төлбөрийг хурааж эхэлснээс хойш нүүрсний уурхайн шууд болон дам нөлөөнд автсан Цогтцэций суманд агаарын бохирдолтой тэмцэх, тус сумын бүртгэлтэй 7000 гаруй, мөн тооны бүртгэлгүй иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж нэг ч төгрөг зарцуулаагүй байна.
ЦААШДЫН АЛХМУУД ЮУ БАЙХ ВЭ
Тавантолгойн уурхайн хам буюу хуримтлагдсан нөлөөллийг бууруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд уурхайнуудын хоорондын болон орон нутгийн удирдлагын ажлын уялдаа холбоо, харилцан ойлголцол маш чухал юм.
Энэ сард “Эрдэнэс Тавантолгой” компани Өмнөговь аймаг болон Цогтцэций сумтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд үүний хүрээнд уурхайн амнаас Гашуунсухайтын засмал зам хүртэлх найман километр орчим зам тавьж холбох, уурхайн кэмпээс Цогтцэций сумын төв хүртэлх 13 километр гаруй засмал зам барих ажлыг тусгасан нь хэрэгжвэл тоосжилтыг бууруулахад чухал алхам болно.
Цаашид уурхайнууд хуримтлагдах нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих ажлуудаа уялдуулах, нэгдсэн зохион байгуулалт, бүтцийн дор зөвшилцөж ойлголцох шаардлага өндөрсөж байна.
Тиймээс Тавантолгойн олон талт зөвлөлийг байгуулан, тогтмол яриа хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарсан бодлого, үйл ажиллагааны чиглэлүүдээ тогтох хэрэгтэй. Ийм яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны олон талт механизм хэрхэн үр дүнтэй ажиллаж болдгийг “Оюутолгой” компани, Өмнөговь аймгийн Хамтын ажиллагааны хороо, мөн Ханбогд сумын орон нутгийн удирдлага, компани, малчдын гурван талт зөвлөлийн амжилтаас бэлхнээ харж болно.
Туршлагаас харахад ийм зөвлөл хорооны суурийг зөв тавьж, зүгшрүүлэхэд Хүний эрхийн үндэсний комисс шиг хөндлөнгийн байгууллагын дэмжлэг, зуучлал чухал байдаг. Хамтын ажиллагааны ийм олон талт механизм нь өмнө өгүүлсэн хам шинжтэй асуудлуудыг шийдвэрлэх, төр, засагт нэгдсэн байр суурь илэрхийлж, бодлогын өөрчлөлт хийх, орон нутагтай зөв ойлголцож, хамтран ажиллахад чухал үүрэгтэй.
Орон нутгийн удирдлага, иргэдийн ийм хүлээлтийг ажил хэрэг болгож, зөв жишиг тогтооход компаниудын удирдлагын алсын хараатай манлайлал, хичээл зүтгэл зайлшгүй хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй буй заа.