Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт албан томилолтоор ажиллахдаа 15 мВт-ын “Гэгээн” нарны цахилгаан станцын нээлтийн ёслолд оролцлоо.
Замын-Үүд суманд Японы “Шигемицү шожи” болон “Шарп” корпорац, Монголын “Эрчим тээг” компанийн хөрөнгө оруулалтаар “Наран тээг” компани барилга, угсралтыг нь хийж, гүйцэтгэн ашиглалтад оруулсан уг станц жилдээ 32 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, эрс тэс цаг агаарын нөхцөлд тэсвэртэй, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгджээ.
Ингэснээр байнгын 20 ажлын байр бий болж, 25 жилийн дотор 37.1 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолсон байна.
Мөн зорчигч, ачаа тээвэр эрхэлдэг иргэдийн дунд “гаальтай машин” хэмээн нэрлэгддэг “УАЗ-469” автомашин эзэмшигч, жолооч нарыг БНХАУ-ын “Эрээний хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байгаагаас үүдэн жолооч нар болон хил, гаалийн ажилтнууд, хэв журам сахиулах цагдаагийн алба хаагчдын дунд үл ойлголцол үүсээд байгаа талаар иргэд ярьж, оновчтой гарц, шийдэл гаргахыг Ерөнхий сайдаас хүссэн юм.
Ерөнхий сайд Хятадын талаас тавьж буй шаардлагыг биелүүлж, автомашины бүрэн бүтэн байдал, өнгө, үзэмжээ сайжруулан, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан, олон улсын стандартад нийцсэн тээвэр эрхлэхийг жолооч нарт уриалж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд ажлын хэсэг байгуулж, богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Мөн иргэд, жолооч нарыг хилийн зурвас, улсын онцгой бүсэд танхайрахгүй байхыг хатуу анхаа руулсан юм.
Дараа нь тус аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын суурийг тавилаа. Уг ёслолд Ерөнхий сайдын урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх манай оронд айлчилж, биечлэн оролцсон юм. Энэтхэгийн Засгийн газраас манайд олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр уг үйлдвэрийг барина.
Энэ үеэр Ерөнхий сайд “Монголчуудын олон жил хүлээсэн, газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, барилгын дэд бүтцийн ажлыг эхлүүлж байна. Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэр. Энэ бол Монгол, Энэтхэгийн харилцаа хамтын ажиллагааны хөгжлийг шинэ шатанд гаргаж байгаа үйл явдал” хэмээн онцолсон.
Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай уг үйлдвэр санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой бөгөөд 2022 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж буй.