“2500 төгрөг тушаах гэж очоод 4000 төгрөгийн шимтгэл төлдөг гайхалтай банкны үйлчилгээтэй улс зөвхөн бид билээ” хэмээн нэгэн найз маань бичсэн байсныг олж уншив. Үнэхээр ч бид ийм л арилжааны банкны системд амьдарч байна. Дээрээс нь бүх зүйл нь үнэтэй. Дэлхийн хамгийн үнэтэй хотуудыг дүйцэхээр болно гээд хэлчихвэл нэг их зөрөхгүй болов уу. Ядаж байхад, өөрөөсөө харамлан байж уван, цуван авдаг цалингаас нь банк дор хаяж 100-300 төгрөг хумслана. Банк хоорондын шилжүүлгийн шимтгэлийг дурсаад ч хэрэггүй. Монголд топ гэгдэх хоёр банкны хооронд 100 төгрөг шилжүүлэхэд ч 2000 төгрөгийн шимтгэл төлнө. Харин гадаад руу гуйвуулга хийхийн тулд бараг 20-30 доллар халааснаасаа гаргах хэрэг гарна.
Тодруулбал, өнөөдөр ам.долларын ханш арилжааны банкууд дээр 2453 төгрөгтэй тэнцэж байна. Ингээд бодохоор гадаад руу 100 доллар буюу монгол мөнгөөр 245.300 төгрөг шилжүүлэхдээ хамгийн багаар бодоход 40.000 төгрөг нэмж төлөх шаардлага ард иргэдэд тулгарч байна. Гэтэл зарим банк бүр хуучирсан мөнгө авдаггүй гэнэ. Үүнийг албаны хүнээс тодруулахад “Долларын нууцлалын тэмдэгтүүд гэмтсэн бол цаашаа гүйлгээнд явах боломжгүй. Хүлээж авч байгаа гадаадын банк нь авдаггүй юм” гэсэн тайлбарыг өгсөн юм. За, хуучин дэвсгэрт гэхээ болье. Шинэ 100 долларын дэвсгэртийг АНУ, Англи зэрэг улсууд руу шилжүүллээ гэж бодъё. Тэгэхэд Худалдаа хөгжлийн банк 5000 доллараас доош дүнтэй мөнгийг дансны дугаараар шилжүүлэхэд 15 мянган төгрөгийн хураамж авч, дамжуулагч банкны шимтгэл гэж нэмж 20 ам.доллар авдаг. Харин Хаан банк 40 мянган төгрөгийн хураамж аваад дамжуулагч банкных гэж 20 доллар, бүр баталгаатай явуулахыг хүсвэл дахиад 8 ногоон нэмж төлөх гэнэ. Уг нь явуулж л байвал бүгд л баталгаатай баймаар банк шүү дээ. Гэтэл үгүй бололтой.
Бусад банкны хувьд, Хас банк 8.5 доллар дээр нэмээд 20 доллар, Голомт банк 15 мянган төгрөг дээр 30 ам.доллар нэмдэг аж. 100-хан доллар шилжүүлэхэд л ийм их мөнгө төлж байхад үүнээс илүүг гуйвуулахад төдий чинээ ихийг төлнө гэж бодохоор бид ийм л арилжааны банкны супер системд амьдарч байгааг дахин нэг сануулах шиг.
Банкууд үнээ тогтоох эрхээ арай л хэтрүүлээд байх шиг...
Гадаадын банкуудын хувьд шимтгэл, хураамж гэдэг үйл ажиллагааныхаа өртөг зардлыг нөхөх нэг хэлбэр болдог. Өөрөөр хэлбэл, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой бүхий л улсад шимтгэл хураамж авдаг. Тухайлбал, эдийн засгийн чөлөөт зах зээлийн нийгэмд өөрийн үйлчилгээний чанар, хурд мэргэжлийн түвшин, тэнд ажиллаж байгаа хүний ур чадвар зэргээс шалтгаалж үйлдвэрлэгч өөрөө үнээ тогтоодог. Үүний нэгэн адилаар арилжааны банкууд ч мөн адил өөрийн зээл, хадгаламж, зэрэг үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд үнээ өөрөө тогтоох эрхтэй гэсэн үг. Гэхдээ л манай банкууд шиг АТМ-ээсээ мөнгө авахад хүртэл 100-500 төгрөгийн шимтгэл авдаггүй дэг. Ийм жишээний баримтуудыг интернэтээс хайвал түм бумаараа олдоно.
Уг нь Монголбанкны ерөнхийлөгч А.Баярсайханы 2016 оны аравдугаар сарын 27-ны өдрийн А360 тоот тушаалаар Монголбанкны үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөлийг шинэчилж баталсан байдаг. Энэ бол арилжааны банкны гүйлгээнээс зөвхөн Монголбанкны авах шимтгэлийг заажээ. Тус нөхцөлд АТМ ашиглан төгрөгийн виза, мастер, дотоодын UPI картаар шилжүүлэг хийхэд 40 төгрөгийн шимтгэл авах бол орлогын гүйлгээ хийхэд 100 төгрөг, дансны гүйлгээ шалгахад 10 төгрөг, сүүлийн гүйлгээний хуулга авахад мөн л 10 төгрөгийн шимтгэл авч байхаар тогтоосон байна. Мөн АТМ болон ПОБ төхөөрөмж ашиглан виза, мастер, дотоодын UPI картаар бэлэн мөнгө авахад 40 төгрөг, гадаадын UPI картаар гүйлгээ хийхэд 100 төгрөг байх ёстой аж (Тус мэдээллийг эндээс дэлгэрэнгүй харж болно). Монголбанк ийнхүү бууруулсан байхад арилжааны банкууд ч мөн дагаад буурах ёстой байтал харин ч эсрэгээрээ зарим банк нэмэгдүүлсэн байх юм. Жишээлбэл, Хаан банк гүйлгээний мөнгөн дүнгээс хамаарч 150-250 төгрөг, гар утсанд орлого, зарлагын мессеж ирдэг бол нэмж 50 төгрөг суутгадаг бөгөөд аль ч банкны АТМ-ээс өөр банкны картаар бэлэн мөнгө авахад 500 төгрөг суутгадаг нь жишиг болчихжээ. Тэр ч бүү хэл 2014 онд арилжааны банкууд шимтгэл авахын төлөө ШӨХТГ-тай шүүхдэлцэж байжээ. Тодруулбал, арилжааны банкууд олгосон зээлийнхээ нэг хувьд дүйх шимтгэл авдаг. 200 сая төгрөг зээлбэл хоёр саяыг нь шимтгэлд авдаг гэсэн үг. Үүнийгээ үйл ажиллагааны зардал гэж тайлбарладаг бөгөөд үүн дээрээ нэмээд 1000-40.000 төгрөгийн хураамж авдгийг зээлтэй иргэн бүр мэднэ. Ийм их хэмжээний шимтгэл, хураамж авах нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн ШӨХТГ-аас 2014 онд таслан зогсоох шийдвэр гаргасныг эсэргүүцэж, шүүхэд ханджээ. Ийнхүү ШӨХТГ-ын шийдвэр хүчингүйд тооцогдож, банкууд одоог хүртэл шимтгэл авсаар байгааг иргэд хэлж байна.
Санхүүгийн мэдлэггүй хэрэглэгчдээ хууран мэхэлж байжээ
Саяхан нэг бүсгүй байрны урьдчилгаа төлөхөөр нэгэн банкнаас цалингийн зээл авчээ. Гэтэл 5 сая төгрөгийн зээлийн шимтгэл гэж хүүгээсээ гадна 50-60 мянган төгрөг суутгаж орхиж. Үүнийгээ ч зээлийн эдийн засагч нь тайлбарлаж хэлээгүйгээс болж банкин дээр очоод нэлээд асуудал үүсгэсэн тухайгаа бүсгүй хуучлав.
Үүнээс гадна хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ санхүүгийн мэдлэггүйг нь далимдуулан залилан хийж байсан тохиолдол ч гарч байсан удаатай. Жишээлбэл, 2014 онд “Хас” банк зээл олгох нэрээр иргэдээс илүү шимтгэл, хураамч авч байсан нь тогтоогдсон хэмээн ШӨХТГ-аас мэдэгдэж байсан. Тодруулбал, ШӨХТГ-ын байцаагч нар нарийн шалгалт хийхэд “Хас банк” нь шимтгэл хураамж гэх нэрээр иргэдийн зээлсэн мөнгөнөөс 0.5-1 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр хураамжид 500-15 мянган төгрөгийг авдаг байсан нь тогтоогдсон байна.
Энэ мэтчилэн банкууд өдөрт хэдэн мянгаар нь иргэдийн халаасыг “ухаж” байна. Уг нь Төв банк шимтгэлийн дээд хязгаарыг тогтоодог. Ингэхдээ Төв банк аль болох бэлэн бус төлбөр тооцоог дэмжих, шимтгэлийг нь бага болгох тал дээр ажиллахаа мэдэгдэж байсан. Гэвч бодит амьдрал дээр энэ нь хэрэгжиж байгаа юм алга. Үүнийг зээлтэй иргэн бүр бухимдан ярьж байна. Өнөөдөр монголчууд хүнсний дэлгүүр, ресторан зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудад төлбөрийн бэлэн бус үйлчилгээг сонгох нь ихэссэн ч урьдын л адил банкинд дугаарласан хэвээр байна. Ингэх бүртээ 100-2000 төгрөг хумслуулсаар байвал “шүлс” шиг жаахан иргэдийн цалингаас юу үлдэх юм бол доо. Юманд учир, суманд гичир бий.