Монголбанкнаас зарласан ханшаар ам.доллар өчигдөр 2426.5 төгрөгтэй дүйлээ. Үүнийг гурван сарын өмнөхтэй харьцуулбал, “ногоон”-ы ханш 33 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм. Ам.долларын үнэ хэдийгээр гурван сарын өмнөөс аажмаар өсөж эхэлсэн ч сүүлийн долоо хоногт 11 төгрөгөөр огцом чангарсан үзүүлэлт Төвбанкны ханшийн мурийгаас харагдаж байна.
Монголбанк валютын зах зээл дэх дундаж ханшийг гаргаж, олон нийтэд зарладаг. Тэгвэл “Найман шарга” арилжааны төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг Монголбанкны зарласан ханшаас нэлээд өндөр дүнгээр борлуулж байв. Тодруулбал, ам.долларыг 2438 төгрөгөөр авч, 2445-аар зарж байсан юм. Санхүүгийн шинжээчид дотоодод ам.долларын ханш чангарч байгаа шалтгааныг БНХАУ-ын валютын зах зээлтэй холбон тайлбарлав.
Хятадад ам.долларын ханш 6.27 юаньтай тэнцэж суларсан. Тэгвэл өдгөө 6.47 юаньтай дүйж чангараад байгаа нь манайд нөлөөлсөн гэж тэд үзэв. “Найман шарга”-ын ченжүүд өчигдөр юанийг 376.5 төгрөгөөр авч, 377.8-аар зарж байлаа.