“Монголросцветмет” ХХК нь үйл ажиллагаа явуулсан 45 жилийн хугацаанд 23 сая тонн хайлуур жонш олборлож, баяжмал болгон ОХУ, Украин, Казахстан, Япон, Энэтхэг, БНСУ зэрэг 10 гаруй улсад борлуулжээ. Энэ том айлын нэрийн хуудас болсон Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр (УБҮ)-ийн нэг өдрийн амьдралыг сурвалжиллаа.
Нийслэлээс 300 гаруй км-т орших, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумыг зорьж очсон бид 1200 гаруй ажилтантай тус үйлдвэрийн нэг өдрийн өрнүүн амьдралыг ганц хүнийхээр төлөөлүүлж түвдсэнгүй. Тиймээс бульдозерчин Л.Сэргэлэнбаатар, баяжуулагч Б.Энхтуяа, малтагч Б.Эрдэнэбилэг нарын шилдэг ажилчдыг гол дүрээ болгож, үйлдвэр болон уурхайчдын амьдралын сонин, сайхнаас хуваалцахыг хичээлээ.
06.40 цаг. Бор-Өндөрийн УБҮ-ийн төв байрны гаднах талбай. Ажилчдын автобусанд 10-аад хүнтэй хамт суулаа. Бямба гариг учраас нэг автобус үйлчилгээнд гаргажээ. Харин техник мэддэггүй мань мэтэд бол цэргийнх болов уу гэмээр, хар ногоон өнгийн, битүү төмөр тэвштэй машин (уг нь “Урал” маркийнх юм билээ) автобустай зэрэгцээд зогсохтой хамт бас хэдэн залуу ар руу нь үсрээд гарчихав. Автобусны хамгийн урд талын суудалд тухалсан бүсгүйг эс тооцвол бүгд эрэгтэй. Тэд чанга чанга инээлдэн, бие биенээ шоглохоос гадна утсаа “маажихаа” ч мартахгүй.
07.00 цаг. 20 гаруй хүнтэй болж, автобус дүүрснээр хөдөллөө. Бидний очих газар УБҮ-ээс баруун хойш 20 км-т орших Баргилтын төмрийн хүдрийн ил уурхай. Бор-Өндөрийн УБҮ-ийн 12 цехийн хамгийн отгон нь ч гэж хэлж болно. Энд 2011 оноос хөрс хуулж, өрөмдөж, тэслээд, улмаар төмрийн хүдэр олборлож, ангилан боловсруулж буй. 2018 оны уулын ажлын төлөвлөгөөгөөр 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлож, 3.1 сая шоо метр хөрс хуулахаар ажиллаж байна. 2017 онд төлөвлөгөөгөө давуулан биелүүлснээ уурхайн дарга Н.Батчулуун онцолсон. Тэрбээр “Энэ оны төлөвлөгөө нэлээд шахуу ч түрүү жилийнх шиг ажралгүй давна” хэмээсэн юм.
07.25 цаг. Зорьсон газартаа ирж, хамгаалалтын цэгт шалгуулснаар уурхайн бүсэд нэвтэрлээ. Шөнийн ээлжийнхэн ажлаа хүлээлгэж өгөөд, автобусаа харуулдан зогсов.
07.30 цаг. Ээлж хариуцсан мастер, ахлах С.Адъяасүрэн уурхайчдыг бүртгэж, ажлыг нь хуваарилж, аюулгүй ажиллагааны зааварт гарын үсэг зуруулав.
07.50 цаг. Уулын чулуулгийг ухахад бэлтгэх буюу өрөмдөж, тэслэн, түүнийгээ экскаватораар ухаж, тодорхой зайд шилжүүлэн, автосамосвал өөрөө буулгагч машинд ачиж, шороогоо тээвэрлэн, хүдэр болон хөрсийг ялган овоолго руу зөөх ажил Баргилтад өрнөв. Улмаар хүдрээ баяжуулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн үг.
Бульдозерчин Л.Сэргэлэнбаатар энэ өдөр блок ¹ 15203-т хөрс хуулж, талбай түрэх ёстой. Тэрбээр Баргилтын уурхайн 168 ажилчны нэг. Хөрсний овоолгыг хүчит техникээр түрж, тэсэлгээний дараа талбайг цэвэрлэж, тэгшлэх нь уурхай ажиллаж эхэлсэн эхний өдрөөс өнөөдрийг хүртэл өдөр бүр хийж ирсэн түүний ажил. Харин тэрбээр Бор-Өндөрийн УБҮ-тэй хувь заяагаа холбосноос хойш хэдийнэ 26 жил өнгөрчээ.
Өвөрхангайн Усны аж ахуйн техникум (хуучнаар)-ын газар, шорооны машин механизмын ангийг төгссөнөөсөө хойш тэнд тасралтгүй ажиллаж буй нэгэн. Хэнтий нутгийн унаган хүү тэрбээр 1987 оны намар цэргээс халагдаж ирээд л Бор-Өндөрт суурьшсан юм билээ. Хоёр жил ажиллаад тэтгэвэртээ гарах санаатай буйгаа хуучилсан юм.
Уурхайд долоон бульдозорчин бий. Тэд хоёр бульдозорыг ээлжлэн жолооддог. Уг нь дөрвөн ээлжээр ажилладаг ч хүмүүс ээлжийн амралтаа авч эхэлсэн тул 12 цагаар тасралтгүй “явж” байгаа гэнэ.
08.00 цаг. Гинжит техник тачигнаж, талбай дээрх түүний ажил албан ёсоор эхэллээ. Төмрийн хүдрийн уурхай учраас өвөлдөө тэсгим хүйтэн, зундаа аагим халуун байдаг гэсэн. Л.Сэргэлэнбаатар бульдозер хоёр зугуухан боловч тасралтгүй ажилласаар өдөрт 10 орчим км явчихдаг гэсэн. Харин өнгөрсөн хугацаанд тэрбээр Оросын “130”, “170”-аас авахуулаад дөрвөн бульдозер элээж, өдгөө тав дахьтайгаа “нөхөрлөж” явна.
Баргилтад анх гаднын оператор компаниудаар уулын ажлыг гүйцэтгүүлдэг байсан юм билээ. Харин 2016 оноос томоохон хөрөнгө оруулж, дөрвөн экскаватор, есөн “Хово” автосамосвалоос гадна бульдозер, өрмийн машин худалдан авч, уулын ажлыг дангаараа гүйцэтгэдэг болжээ.
Ээлжинд хамт гарч буй нэвтлэгч нарын хамт
Явсан мөр, хийсэн зүйлийг нь хэн ч харахад тэгш, өөгүй талбай бэлдсэн байх нь түүний ажлын шаардлага. Үүнд хараа, мэдрэмж гээд юм юм л шаардах биз ээ. Асар том техник ажиллуулах хийгээд атганд багтах шагайг “удирдахад” ав адилхан мэдрэмж шаарддаг ч байж мэдэх. Тэрбээр шагайн харвааны улсын дархан мэргэн. 20 гаруй жил харваж байгаа Л.Сэргэлэнбаатарын энэ жилийн наадмын бэлтгэл хараахан эхлээгүй байгаа гэнэ.
12.00 цаг. Хүчит техникүүд нааш, цааш сүлжилдэх талбайгаас бид Бор-Өндөрийн УБҮ-ийн төв байрыг зорилоо. “Нэг өдөр”-ийн дараагийн “дүр” тэнд бий. Харин уурхайчид хоолондоо орохоор үлдэв.
Баргилтын төмрийн ил уурхай хуурай соронзон аргаар 52, нойтон соронзон аргаар 65 хувийн агуулгатай баяжмал үйлдвэрлэж экспортолдог. Ингэхдээ энд хуурай соронзон, УБҮ-ийн төв дахь үйлдвэрт нойтон аргаар баяжуулдаг. 2014 оноос хуурай аргаар баяжуулах, туузан дамжлагат соронзон төхөөрөмж ашиглалтад оруулснаас хойш 513.939.0 тонн баяжмал экспортод гаргасан байна. УБҮ-ийн баяжуулах фабрикийн жоншны баяжмал үйлдвэрлэх шугамыг ашиглан, жилд 240 мянган тонн төмрийн хүдрийн “Fe-65” маркийн баяжмал үйлдвэрлэх технологийг 2013 онд нэвтрүүлсэн аж.
13.00 цаг. Баяжуулах фабрикийн төв корпусын хөөсрүүлэн баяжуулагч Б.Энхтуяагийн ажлын байран дээр ирлээ. “Жонш одоогоор баяжуулахгүй байгаа. Та хоёр төмрийн хүдэр баяжуулахыг л харах нь дээ” гэсээр тэд биднийг угтсан юм. Тэрбээр Бор-Өндөрийн УБҮ-ийн 1200 орчим ажиллагсдын дөрөвний нэг болсон эмэгтэйчүүдийн төлөөлөл. Хамгийн олон эмэгтэй ажилладаг цех нь тэднийх аж.
Энд 26 дахь жилдээ ажиллаж буй Б.Энхтуяа баяжуулагчаар бараг 22 жилийг үджээ. Өмнө нь өтгөрүүлэгчийн машиничаар ажиллаж байсан юм билээ. Бор-Өндөрийн УБҮ-ийн сургалтын төвийн “бүтээгдэхүүн” болсон түүнийг албан ярианд “Дадлагажсан мэргэжилтэн” гэх аж.
Тэрбээр “Тухайн үед ажиллаж байсан хүмүүс надад, бидний үеийнхний ой тойнд ортол зааж өгдөг байж дээ. Тэр үед хүн нэг бүрт шинэ ажилчдыг даалгаж, хариуцуулдаг байсан. Өдий зэрэгтэй яваа минь надад харамгүй зааж, сургасан хүмүүсийн л ач” хэмээж байлаа.Тиймээс ч дадлага хийх болон ажиллахаар зорьж ирж байгаа хүмүүст хэрэндээ л зааж, сургахыг хичээдэг гэнэ. Түүнийг үйлдвэрийнхээ сургалтын төвд суралцаж байх үед одоогийнх шиг их, дээд сургууль, коллежууд баяжуулагч мэргэжлээр тусад нь бэлтгэж байгаагүй юм билээ.
Олборлосон хүдрээ буталж, ялгахад бэлэн болгоод тээрмийн машин руу хийж, 0.074 мм болтол нь нунтаглаад баяжуулагч нарт илгээдэг аж. Тэд тэндээс авч хаяхаа ялгана гэсэн үг.
1980-1985 онд жилд 400 мянган тонн жоншны хүдэр олборлон 100 мянган тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар дан ганц олборлох бус, боловсруулдаг, олон улсын стандартад нийцсэн үйлдвэртэй болсон гэдэг. Түүний тасралтгүй ажиллах баяжуулах машин руу зааж “Тэрийг хар даа. Төмөр нь харлаж, гялтганаад ийм гоё. Баяжуулсан жоншныхоо агуулгыг бол багцаалаад хэлчихнэ.
Баргилтад. Ажил хүлээлцэх хурал
Агууламж өндөртэй хүдэр орж ирвэл дагаад сэтгэл хүртэл сайхан байдаг. Намайг дөнгөж баяжуулагч болж байхад агуулга маш сайн байсан” гэж ярих түүний гялалзсан нүднээс ажилдаа, мэргэжилдээ хайртайг мэдэж болно. Үргэлжлүүлэн тэрбээр “Намайг баяжуулагчаар анх ажиллаж эхлэхэд дандаа жонш баяжуулдаг байсан. Жонш бүр ямар гоё гэж санана” гэсэн юм. Харин сүүлийн үед залуучууд энэ сайхан мэргэжлээр сурч, төгсчихөөд хэргийг нь гаргаж, ажиллахгүй байгаад сэтгэл дундуур явдгаа тэр нуусангүй.
Тэдэн шиг танхимд сууж номыг нь сонсоогүй ч мэргэжлээрээ хэний ч өмнө бардам ажиллаж байгаадаа бахархдагаа ч хэлэв.
Төрсөн нутгаараа бол тэрбээр Сүхбаатарынх. Аав, ээж нь Бүрэнцогтын гянтболдын уурхайд ажиллаж байсан бөгөөд татан буугдахаар нь Бор-Өндөрт ирж суурьшжээ.
Анх түүний ажиллаж, дадлагажсан баяжуулах машиныг 2009 онд шинэчилжээ.
Тодруулбал, “ФМ-6.3” баяжуулах машинуудыг “РИФ-8.5”, “РИФ-25” маркийнхаар сольж, удирдлагын системийг нь автоматжуулсан байна. Хуучныг нь бодвол хаягдал багатай баяжуулдаг, сайхан эд гэнэ. Тухайлбал, жилд 550-600 мянган тонн хүдэр олборлоход хуучин машинаар 120 мянган тонн баяжмал гаргах хүчин чадалтай байсан бол одоогийнх нь 140 мянган тонныг ялгадаг гэнэ. “Хүдрээс аль болох ахиуг авч, хаягдлаа багасгах нь бидний ажил шүү дээ.
Дөнгөж баяжуулагч болчихоод сайн ойлгодоггүй байж. Цаашид техник, технологи хөгжихийн хэрээр 10-12 хувийн хаягдлыг дахин баяжуулах боломж бүрдэнэ. Тухайн үед техникийнхээ хүчин чадалд захирагдан хаягдал ихтэй гаргаж байсан болохоос бус, бидэнд хайрлан гамнах сэтгэл ямагт бий. Юм хөгжихийн сайхныг мэдэрч байна. Гар аргаар ажиллаж байсан бид өнөөдөр компютерт хэдэн тоо хийгээд л удирдаад сууж байна шүү дээ” гэсэн юм.
Түүх сөхвөл, фабрикт хүдрийн хамт орж байгаа хоосон чулуулгийг үндсэн шугамд орохын өмнө ялгахын хамт тунгаах төхөөрөмж ашиглан, хүндийн хүчний аргаар баяжуулах технологи нэвтрүүлснээр металлургийн бүхэллэг, “ФФ-92” маркийн баяжмал үйлдвэрлэх боломж 1991 онд бүрджээ. Улмаар 2000-2004 онд хаягдал болон гарч буй жонштой нунтаг хэсгийг үндсэн дамжлагад орж буй хүдэртэй хамт дахин флотацын аргаар цэвэрлэн баяжуулж, 85 хувиас доошгүй хайлуур жонш агуулсан баяжмалыг үндсэн шугамынхтай хослуулан бөөнцөглөх хэсгийг ашиглалтад оруулж, “ФБ-75”, “ФО-75” маркийн металлургийн хорголжин, шахмал үйлдвэрлэж эхэлсэн байна. Ингээд гидрометаллургийн арга хэрэглэн баяжмалыг шүлтгүйжүүлэх замаар “ФФС-97А” маркийн гагнуурын баяжмал үйлдвэрлэх дамжлагыг ашиглалтад оруулжээ.
Үйлдвэрлэлийн бүтээмж, хэмжээг нэмэгдүүлэх, түүний өртөг, зардлыг бууруулах зорилгоор хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсний нэг нь хайлуур жоншны кальцитын өндөр агуулгатай хүдрийг “Хий-вакуум” аргаар баяжуулах технологийн судалгааны ажлыг ОХУ-ын “Промпереработка” компанитай хамтран гүйцэтгэх аж. Мөн Баргилтын ордыг түшиглэн жилд 600 мянган тонн төмрийн хүдэр боловсруулж, “Fe-65” маркийн нойтон баяжмал үйлдвэрлэх ТЭЗҮ боловсруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зорилгоор баяжмал хатаах хэсгийн зуухны түлшийг мазутаас нүүрсэнд шилжүүлэх төсөл боловсруулахаар ажиллаж буй юм байна.
19.00 цаг. Газрын гадаргаас 218 метрийн гүн, далд уурхайн дөрөвдүгээр түвшин. Хоорондоо 50 метрийн зайтай түвшнүүдийн дөрөвдүгээрт зургаан метр/сек-ийн хурдтай өргөгч төхөөрөмжийн тусламжтайгаар хүрлээ. Үүнээс доош налуу малталтаар тавдугаар түвшинд хүрэх аж. Фабрикт одоогоор жонш баяжуулахгүй байгаа ч олборлолт тасралтгүй үргэлжилсээр. Лав л 20 орчим жил үргэлжлүүлэн ашиглах тооцоо бий талаар ээлжийн мастер Бат хэлсэн.
Магадгүй зургадугаар түвшин хүртэл ашиглаж болох аж. Тус цехийн дарга Д.Сүхбаатар “Хайлуур жоншны нөөц Монголд хангалттай. Харин манай далд уурхайн нөөц харьцангуй багассан. Эдийн засгийн хүндрэлийг одоо л давах гэж байна” хэмээсэн. Дорноговь аймгийн Өргөн, Дундговийн Баянжаргалан сум дахь Хөх дэлийн ил уурхай тус цехэд хамаардаг. Гэхдээ одоогоор үйл ажиллагааг нь зогсоож, ажилчдыг нь Баргилтын уурхайд шилжүүлэн ажиллуулж буй юм байна.
Шөнийн ээлжнээс техникээ хүлээн авч байна
Жоншны эрэлт, хэрэгцээ нэмэгдвэл хүмүүсээ татаж, ил уурхайгаа ажиллуулах юм байна. Дөрөвдүгээр түвшинд хүдрийг төмөр замаар тээвэрлэдэг бол нэгдүгээр түвшинд автосамосвал, дизель хөдөлгүүртэй ачигч машин ашигладаг юм байна. Өөрөө явагч дизель хөдөлгүүртэй техникийг Монголд анх хэрэглэсэн хүмүүс нь тэд аж. Цехийн даргын хэлснээр 1995 онд өөрөө явагч техник ашиглах ТЭЗҮ боловсруулж, 1999 оноос анх далд уурхайд хэрэглэсэн байна.
Жонш баяжуулах машины дэргэд
Энэ бол уулын цехийнхний ажиллах үндсэн талбар. 1983 онд анхны 13 монгол ажилчнаа авснаар уулын цех үүссэн гэж үздэг юм билээ. Гэхдээ далд уурхайн ажил бүр 1982 оноос эхэлсэн гэнэ. 1978-1982 онд хайгуул ашиглалтын анхны амыг нэвтэрсэн нь ингэж хэлэх үндэс болдог аж. Энд малтагч Б.Эрдэнэбилэг ажилладаг. Тэрбээр олборлогч, малтагч нарын бригадын ахлагч. Түүний бригад 12 хүнтэй. Тэд зөвхөн далд уурхайгаас 2016 оны аравдугаар сард зургаан сая дахь тонн хүдрээ олборлосон.
Газрын гүнд нэвтлэгчдийн өрөмдөж, тэсэлсэн зүйлийг малтагч хамж, ачих үүрэгтэй. Тэрбээр 2.2 шоо метр багтаамжтай, гурван тонн даацтай вагонд хүдрээ ачиж, баяжуулах фабрик руу илгээдэг. “Эр хүний хийдэг л ажил. Шантрах зүйл байхгүй” хэмээн нэг бус удаа хэлэх түүний аав нь мөн Бүрэнцогтын уурхайд ажиллаж байсан бөгөөд хүүхэд байхаасаа Бор-Өндөрт суурьшжээ. Ер нь тэнд Бүрэнцогтын уурхайгаас ирсэн хүн цөөнгүй байдаг бололтой.Тэрбээр 1991 онд наймдугаар ангиа төгсөн Бор-Өндөрийн уурхайд цахилгаанчнаар ажиллаж эхэлснээс хойш 23 оныг улираажээ.
Ээлжийн мастерын хамт
20.00 цаг. Малтагч Б.Эрдэнэбилэгт хоёрдугаар түвшинд очиж хийх ажил байсан тул бидний зам саллаа. Тэрбээр энэ өдөр 23.00 цаг хүртэл ажиллаж, ээлжээ дуусгав.