Улс төр судлаач А.Тэнгис, олон улсын харилцааны мэргэжилтэй Х.Билгүүн хоёр мал маллаж үзэхээр шийдэн, хөдөө гарч буй тухай манай сонин өнгөрсөн аравдугаар сард анх сурвалжлан хүргэж байсан билээ. Хэний ч шахалт шаардлагагүйгээр, өөрсдийнхөө итгэл үнэмшил, сэтгэлийн дуудлагаар хөдөөг зорьсон тэд тахиа жилийн тачигнасан жавартай хатуу өвлийг, хайруу хавартай нь даваад, дэлгэр зунтай золгож буй энэ үед хоёр “нийслэл хүү” дээр дахин очив.
Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир гуай хүүгийнхээ гэрийг “Өнгөрсөн жил та нарыг очиход байсан намаржааныхаа доохон талд зусаж байгаа” хэмээн утсаар зааж өгсний дагуу Уртын голын адгийг зорилоо. Өвгөн малчны тодорхойлсончлон “Инновац нэвтрүүлсэн хашаа”-гаар нь тэднийхийг олж очиход их гэрээс түрүүлж гарч ирсэн хөл нүцгэн залууг А.Тэнгис гэж танихын аргагүй өөрчлөгджээ.
Өнгөрсөн намар хөдөө өмсөх хувцас хунараа зэхэж явахад нь “Нарантуул” худалдааны төвд анх уулзсан хотын дэгжин залуус өдгөө хүдэр чийрэг, хөрслөг бор малчдаас ер ялгарахааргүй болцгоосон байв. Нөгөөхөөсөө арай илүү нүүрэмгий, хэлэмгий А.Тэнгис “Бид хоёрыг энэ хавийнхан андахгүй ээ. Намайг “хараа”, Билгүүнийг “шараа” гээд хоч хүртэл өгчихсөн байгаа. Хавар ч ёстой айхтар харласан шүү. Одоо харин овоо цайчихаад байна” гээд инээхэд нээрээ л шүд нь яралзаад эрхгүй ялгарах аж.
Д.Гомбо-Очир гуай өнгөрсөн намар “10 000 ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гаргаж, гэр бүлээрээ хөдөө амьдарч, мал маллах сонирхолтой иргэдийг бүртгэж эхлэхэд “Алтан гар” хөдөлмөрийн биржид хамгийн түрүүнд очсон хүмүүс нь Х.Билгүүн, А.Тэнгис нар юм. Зургаан хүүхдээс нь ганцаараа мал дагаж үлдсэн, жилийн дөрвөн улирлын турш хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа хүү Г.Энхтөрдөө тус дэм болгох үүднээс туслах малчны эрэлд гарсан түүнийх шиг зовлонтой манай мянгатууд хэдийнээ нүүр тулсан.
Ялангуяа энэ өвөл шинэхэн “илгээлтийн эзэд” байтугай хашир малчдын зүрхэнд хүртэл “шар ус хуруулсныг” хэн хүнгүй мэднэ. Харин хатуу өвлийг Х.Билгүүн, А.Тэнгис хоёр ажралгүй даван туулж, хавар 600 гаруй хурга, ишиг бойжуулж, төлийн хорогдолгүй зунтай золгосон тухай баяртай мэдээтэй биднийг угтлаа. Гэрийн эзэн Г.Энхтөр алдсан дааганыхаа сургийг гаргахаар сумын төв рүү яваад эзгүй байв.
2017.10.13
“Та хэдийг ирнэ гэж мэдсэнгүй. Дуулгахгүй яав” гэсээр Х.Билгүүн бор цай, бин дөхүүлээд, галаа өрдлөө. А.Тэнгисийг бага гэрээс борц оруулж нүдэх хооронд тэрбээр гурил зуурч элдээд, тогооны таган дээр хайрч, хэрчээд гялалзуулах нь тэр. Хөдөө байхад ээж минь гэрт гийчин ирэх тоолонд ингэж хоол үйдэг нь санаанд буугаад, энэ бүхэн нэг л танил дотно санагдсаныг яана.
“Эндээс 70 орчим км-т орших Буушинтын өвөлжөөнд оторлож энэ өвлийг давсан. Цас зудны хажуугаар сүүлтэй, сүүлгүй чононуудаас малаа харж хамгаалах том ажил байдаг юм билээ. Эхэндээ юм мэдэхгүйгээр нь далимдуулж зэргэлдээ сумын залуус “элэг барих” маягтай байснаа сүүлдээ гайгүй болсон. Ер нь мал маллах гэдэг бол зөвхөн биеийн хүчний ажил бус, давхар оюуны хөдөлмөр байдаг юм байна.
Хүн цагаа тулахаар их тэвчээртэй болчихдог гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон” хэмээн хоол болох зуурт А.Тэнгис хуучиллаа. Хавар мал төллөх үеэр үүрийн таван цагт босож, нэг нь хээлтэй хонь, ямаагаа, нөгөө нь хургалж, ишиглэсэн эх малаа дагаж борви бохисхийхгүй зүтгэсний хүчинд хамгийн чухал үеэ давж, малчдын хувьд нуруугаа амраадаг зуны дэлгэр цагтай золгоод буй нь энэ аж.
“Монгол хүнд, тэр тусмаа өмнөө тавьсан зорилготой залууст бол мал маллах тийм ч хүнд хэцүү, дааж давшгүй ажил биш юм билээ. 1000 мал төллүүлэх бол одоо бидний санаанд багтаад байгаа” хэмээн Х.Билгүүн нэмж хэлэв. Тэрбээр жилийн гэрээгээ дуусахаар хот руу буцахгүй, мал дээр гарахаар шийдсэн талаараа бидэнд нуулгүй ярьсан юм. Чухам энэ хавиараа байх уу, Дундговьд очиж мал маллах уу гэдгээ хараахан шийдээгүй аж.
2018.06.08
Гадаадад амьдарч байгаад ирсэн, Орхон аймаг дахь унаган багын найз нь түүнийг хөдөө гарвал араас нь эхнэртэйгээ хамт очиж, малчин болохоор шийдсэн тухайгаа ч дуулгасан гэнэ. Хүмүүний ертөнцийн утга учир хийгээд улс орны хөгжил, амар тайван амьдралын нууцын талаар эргэцүүлэн боддог залуус хөдөө гарч, мал маллахыг хоцрогдсон бүдүүлэг хүмүүсийн хийдэг ялтай ажил бус, “амьдралын шинэ хуудас” гэж хардаг болж эхэлж байгаа ч юм бил үү. Хэрэв тийм бол энэ хоёрын маань нэг зорилго биелж байгаа хэрэг.
“Ажилд сайн, аливаад сэтгэлтэй, зүтгэлтэй учраас эднийг хэрэв хөдөө гарахаар бол би бас малчнаар авчих санаатай” хэмээн энэ үед яриан дундуур орж ирсэн хүнийг Энхбаатар гэдэг. “Хөөрхөн” хэмээх Энхбаатар гэж өөрийгөө танилцуулсан алиа ах хүүгийн Гөөгөн гэдэг хоч нь бараг л түүний овог болтлоо нутагтаа дэлгэрчээ. “Хотоос ирсэн хүмүүст тараг, өрөм амсуулъя.
Далимд нь та хоёр ч бас цагаан идээ хүртээд ав” гээд урд саахалтын гэр рүүгээ довтолгосон түүнийг Мөөеө аваргын ойрын хамаатан гэж дуулаад анзаарвал үнэхээр их төстэй аж. (Г.Энхтөрийн эхнэр сумын төвд хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөж, хардаг учраас сурагчдын зуны амралтаар тэднийг хөдөө гарч иртэл үнээ сааж, гүү барих тухай саналтгүй бололтой). Айл саахалтынхнаараа орж, хол, ойрын сонин хачныг “буу халах” цаг зав өдийд л хөдөөгийнхөнд гардаг хойно “Хөөрхөн” ах хонио энгэр бараадуулчихаад энэ хоёр дээр ирсэн юмсанж.
Хөдөөд охид бүсгүйчүүд “нүдний гэм” болсон талаар, гиюүрсэн харчуулын ярианы топ сэдэв нь “Хаанаас эхнэр олж авах вэ” хэмээх мэтгэлцээн гэдгийг, А.Тэнгис өвөл нэг өдөр хониныхоо араас морьтой хөөгөөд гүйцэхгүй байсан нь мал биш, зээр байж хөглөснөө, цаашлаад “Яг түүн шиг”, “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын тухай гээд ярих зүйл ч мундахгүй юм.
Хөдөө байхад хамгийн “том” асуудал нь ариун цэвэр сахих гэнэ. А.Тэнгисийн үс их ургасан тул хэд хоногийн өмнө МҮОНТ-ийнхнийг очих сургаар үсний машинаар хоёр хажуу талаа авч, хэрэндээ л гоёжээ
Тэд 15.00 цагаас цаг агаарын дэлгэрэнгүй мэдээ сонсчихоод тус тусын ажилдаа гарахаар болов. Энэ жил хаа сайгүй бороо хур багатай, гандуу байгаа учраас тэнгэр царайчлахаас өөр аргагүй. “Өвөл цас битгий ороосой гэж цаг агаарын мэдээ хардаг байсан бол одоо бороо их ороосой гэж хүсдэг боллоо. Дөрөвдүгээр сарын эхээр манай энд нэг сайн бороо орсон. Тэрний ачаар тавдугаар сарыг гайгүй давлаа.
Одоо дахиад нэг сайн орчихвол ч...” гэхийг нь сонсоод, манай хоёр зөвхөн гадна төрхөөрөө ч бус, сэтгэл зүрхээрээ малчин хүний жаргал, зовлонг ойлгодог болжээ гэж бодогдов. Тэд ажилгүйдээ энд ирээгүй, малчны хотноос монгол ухааныг түмэнд түгээх зорилго нь илүү том, алсын хараатай гэдгийг бид өмнөх сурвалжилгандаа онцолж байсан. “Монгол Улс цаашид ямар замаар явах ёстой юм, бидний тогтвортой хөгжлийн гол суурь, тулах багана нь юу байх вэ, монголчуудыг ямар нэгдмэл үзэл санаагаар хэрхэн зангидах вэ” гэсэн асуулт Х.Билгүүн, А.Тэнгис хоёрыг энэ хүртэл авчирсан билээ.
Тиймдээ ч өнгөрсөн найман сарын хугацаанд хоёр хоёр удаа л хотод ирцгээжээ. Харин гэрийнхэн нь Шинэ жил, Цагаан сараар тэднийг эргэж очихдоо “G mobile”-ын 3G модем бэлэглэсэн тул өвөл ажлаа дуусгаад фэйсбүүкт орж, “Алтан дээд Гэрэгэ” хэмээх түүх, соёлын хосгүй үнэт бүтээлийн тухай малчны хотноос залууст мэдээлэл түгээж байсан гэнэ. Зуслан дээр нь интернэтийн сүлжээ доголдох болсон тул тэр бүр фэйсбүүкт орж чадахаа байснаа тэд түлээ хөрөөдөж, хагалах зуураа сонирхуулав.
“Монгол мал тонгойж л байвал болдог. Битүү цастай байсан ч доор нь өвсний үнэр байгаа учраас тэр. Хаврын цагт мал нэг алхам илүү явбал ядардаг. Намрын мал нэг илүү алхахад л өөх нь хайлдаг юм шүү” гэх зэргээр Д.Гомбо-Очир гуай монгол малчны арга ухаанаар шалгарч батлагдсан “бичигдээгүй шинжлэх ухаан”-аа тэдэнд харамгүй заадаг учраас өвгөнийг “амьд гүүгл” хэмээдэг юм билээ. “Хонины бэлчээр гэдэг бол хүн өөрийгөө чагнах, дотоод ертөнцөө таних бясалгалын орчин” хэмээн тодотгосон А.Тэнгис энэ орчинд их дассанаа саяхан хот орохдоо мэдэрсэн гэнэ.
“Сая найзынхаа төрсөн өдөрт очоод, бааранд ортол их төсөөрсөн байна билээ. Би энд ирснээс хойш тамхи татах тухай бодохоо ч больсон. Орчин хүнд их нөлөөлдөг юм билээ” хэмээгээд тэр жуумалзав. Малтай харьцана гэдэг бол хүнтэй зөв харилцахын эхлэл гэж үздэг тэрбээр өөртэй нь хамт хөдөө гарч амьдрах эмэгтэй олдвол үргэлжлүүлээд мал маллахаас буцахгүй гэдгээ хэлсэн. Харамсалтай нь, тэр найз охиноосоо энэ л шалтгааны улмаас хоёр тийш болжээ.
“Хангайн болон төвийн бүс нутгаар бэлчээрийн даац хэд дахин хэтэрсэн тул малчид хоорондоо муудалцах нь энүүхэнд юм билээ. “Чи хоолноосоо салах уу, би хоолтойгоо үлдэх үү” гэдэг өрсөлдөөн их. Ялангуяа цөөхөн малтай айлуудын хувьд мянгатуудын дэргэд тэсэж үлдэнэ гэдэг хэцүү санагдсан. Тэр хүмүүсийг мянгат малчид туслахаараа ажиллуулаад, жил болгон төл өгөөд байя гэхнээ хэдэн жилийн дараа бэлчээрээс нь булаалдахуйц олон малтай болчихвол хэцүү.
Тиймээс “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” гэдэг шиг хүсэл сонирхол нэгтэй залуусыг хэсэг хэсгээр нь хөдөө гаргаж, монгол малчдын арга ухаанаас суралцуулах, бэлчээрийн даацаа харгалзан мянгат малчдыг зохих газрууд руу нь нүүлгэх гэх мэт зохион байгуулалтын ажил төрөөс хийх хэрэгтэй гэж боддог” хэмээн Х.Билгүүн бодит байдалтай нүүр тулсан хүний хувьд санал бодлоо хуваалцлаа. Нар баруунтаа хэвийх агшинд тэрбээр буриад дээл, бүрх малгайгаа өмсөж, чихэвчээ зүүгээд баруун хойд энгэрээр бүрхэн бэлчсэн хонио ойртуулахаар мордов. Утасны чихэвчээр дуу сонсоод явахад ханьтай, бас өдөр амархан өнгөрдөг гэнэ лээ.