Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын 8-нд Төрийн ордонд 10.00 цагаас Зам тээврийн салбарт нэгэн чухал үйл явдлыг авчрах хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болох гэнэ. Тодруулбал, олон жил яригдсан тарифийн хэлэлцээр буюу "Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" юм. Хэлэлцээрт ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар гарын үсэг зурна. Хэлэлцээр баталгаажснаар Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлтийг эдлэх юм байна.