Байгаль, түүхийн дурсгалт газар, олон ястны өв соёл, уламжлалд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Ховд аймгийнхан энэ жил цөөнгүй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллага ч энэ санаачилгыг нь дэмжин, Ховдыг дотоодын жуулчлалын онцлох аймгаар зарлаад буй. Энэ сарын 11, 12-нд тус аймагт “Захчин түмний наадам” урлаг, спортын уралдаантай.
Харин ирэх есдүгээр сард “Цайны замын өв соёл” анхдугаар наадам болно. “Гурван цэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах эл наадам нь Ховдын хязгаар дахь түүхэн, дурсгалт газрууд, өдгөө тэнд амьдран буй 13 ястны соёл, ахуйн онцлогийг сурталчлан таниулах зорилготой аж. Олон улсын хөөмийн, уран нугаралтын бэсрэг наадам энэ үеэр болох нь.
Ирэх есдүгээр сард болох “Цайны замын өв соёл”-той холбоотойгоор Ховд аймгийн ЗДГТ, БОАЖГ-аас аяллын тусгай чиглэлүүд гаргасныг танилцуулъя.
- Гурван цэнхэрийн агуй-Хар ус нуур-Хар нуур-Дөргөн нуур-Жанжин овоо-Дарви сум-Сутай хайрхан-Цэцэг сум-Алдар толгой- Баатархайрхан
- Гурван цэнхэрийн агуй- Баянзүрхийн буган хөшөөний цогцолбор-Бодончийн хавцал-Алтай сум-Ямаан ус-Тахийн ус-Бүдүүн Харгайт- Байтаг Богд уул-Гурван хүүхэд уул-Булган сум-Үенчийн хавцал-Их улаан даваа
- Гурван цэнхэрийн агуй-Манхан сумын дурсгалт газрууд-Гоогийн гурван хайс-Мөнххайрхан сум-Хөх нуурын хүрхрээ-Долоон нуур-Дуут сум
- Гурван цэнхэрийн агуй-Хар ус нуур -Ховд сум-Баянбулаг зуслан-Хөх сэрхийн нуруу-Шургийн гол-Тарвагатайн гол-Бөөрөг нуур-Цамбагарав уул-Шижигтийн хавцал
- Гурван цэнхэрийн агуй-Чандмань хар үзүүрийн хадны сүг зураг-Норжин хайрхан уул-Буянт гол-Ховд гол-Мянгад сум-Чандмань толгой-Дөргөн сум-Хар нуур-Жанжин толгой.