Монгол Улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлнэ, ингэхийн тулд түүх, соёлын дурсгал, байгалиа хамгаална, ялангуяа Орхоны хөндийг өөд нь татаж, хангай болон говийн бүсийг холбосон маршрут гаргана гэж төр засгийн үе үеийн эрх баригчид, УИХ-ын гишүүд хэлдэг. Гэвч өнгөрсөн хугацаанд тэдний хэлсэн үгс зүгээр л амны хий байсан нь өдгөө илэрхий болов. Хамгаална, хөгжүүлнэ гэсэн Орхоны хөндийн экологийн тэнцвэрт байдал өдрөөс өдөрт доройтож, түүх, соёлын өвүүд нь яйрч унахад ойрхон байна. Тармаг замаар явж Эрдэнэзуу, Төвхөн хийд болон Улаанцутгалангаас өөр очих газар, үзэх зүйл тэнд байхгүй хэвээр. Өвөрхангай аймгийн удирдлага Орхоны хөндийг түшиглэн жуулчдыг татахаар зэхэж байгаа ч тэдний тэнхээ хүрэхгүй нь.
Уг нь Орхон Монголын хамгийн урт гол. Түүнээс тэжээгддэг хөндий, тэнд байрлах түүхийн үнэт олдворуудыг дотоод, гадаадын жуулчдад үзүүлж, эргэлтэд оруулбал Өвөрхангай төдийгүй Архангай аймгийн эдийн засгийн чадавх сайжрах боломжтой гэдэг. Гэвч өдгөө энэ голын урсац татарч, бохирдоод, модод нь шавьжинд идэгдэж, хөндий бүхэлдээ хогийн сав болсон талаар нутгийн иргэд ярив. Мөн түүхийн хосгүй үнэт дурсгалууд нь сүйдэж буй гэнэ. Хамгийн сүүлийн жишээг дурдвал Хархорин сум дахь Цогтын их сүмийг танхай этгээдүүд талхалж орхижээ. Цонхных нь шилийг цууртал чулуу шидсэн гэнэ. Мөн хашааг нь нурааж, шинийг барихаас өөр аргагүй болгожээ.
АСУУДАЛ ДАГУУЛСАН АЛТНЫ БАЛАГ АРИЛААГҮЙ
“Нэг үе Орхон улаанаараа эргэлдэж байлаа. Өдгөө тийм хэмжээнд арай хүрчихээгүй ч бохирдлын түвшин нь ихэссээр байна. Ийм балаг таригчид нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлож буй компаниуд” гэж Хархорин сумын иргэд ярьсан. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн намар Цэнхэр суманд жижиг, том 40 уурхай ажиллаж байжээ. Харин өдгөө тэдний 22 нь үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Тэнд алт олборлохын тулд байгаль сүйтгэсний горыг өдгөө Орхоны хөндийд аж төрж буй иргэд амсаж байгаа ажээ. Голын эхэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж, бохироо цутгаж буй учраас тэр юм байна.
Гэвч тэдэнд хариуцлага тооцоход хүндрэлтэй байдаг тухай албаныхан ярив. Орхоны хөндийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хараа хяналтад байдаг, мөн Архангай аймгийн холбогдох албаныхны мэдлийн бүсээс 4-7 км зайд үйл ажиллагаа явуулдаг болохоор хэн ч халдаж чаддаггүй гэнэ. Үүний уршгаар голын урсац татарч, амьтан, ургамал дайжиж байгааг Орхон голыг хамгаалах хөдөлгөөнийхөн тогтоосон гэнэ. Тэдний үйл ажиллагааг зогсоож, Орхоны хөндийг хамгаалж чадах эцсийн найдвар нь Монгол Улсын Ерөнхийлөгч болсон тул тэд Тамгын газарт нь хандаад буй аж.
ОРХОНЫ ХӨНДИЙГ ИРГЭД БОЛОН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫХАН МАНАДАГ
Хархорин сумын дунд сургуулийн VI ангийн сурагч хүү “Орхоны хөндийн хог арай хэтэрлээ. Арга хэмжээ аваач ээ” гэж Ерөнхийлөгч Х.Баттулгыг очих үеэр аминчлан захисан юм. Түүний хэлснийг томчууд алган ташин дэмжиж байлаа.
Хог, хаягдал, агаар, хөрсний бохирдлын адил үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн талаар амтай болгон ярьдаг. Тэгвэл Хархорин сум, ялангуяа Орхоны хөндий хогонд дарагдсан гэнэ. Амарч, зугаалж буй хүмүүсийн хаясан хогийг нэгдсэн журмаар цэвэрлэх хөрөнгө мөнгө сумын байтугай улсын төсөвт байхгүй. Тиймээс Орхоны хөндийн захиргааныханд цэвэрлэх үүрэг тохогджээ. Тэд менежмент хийж, түүнийх нь дагуу ойн нөхөрлөлүүд хөндийн хогийг цэвэрлэж байгаа аж. Ингэхдээ нөхөрлөлийн гишүүд өөрсдөөсөө хөрөнгө гаргаж машин, техникээрээ хог ачдаг тухайгаа ярив. Жилд ойролцоогоор 50-иад удаа нэгдсэн байдлаар хог түүдэг бөгөөд он гарснаас хойш таван удаа цэвэрлэгээ хийжээ.
Түүнээс гадна цаг агаарын дулаарлаас үүдэн хортон шавьж хөндий дэх моддыг идэж буй гэнэ. Улсын төсвөөр хортон устгах ажил хийхийг хүлээвэл хэтэрхий оройтож, шавьжнууд үржих гээд байгаа учраас хамгаалалтын захиргааныхан уг ажилд ханцуй шамлан оржээ. Өнгөрсөн сарын сүүлчээр тэд мөн л өөрсдийн хөрөнгөөр хор цацсан байна.
ЭРДЭНЭЗУУ МУЗЕЙ НУРАХ ДӨХӨЖ, ОЛДВОРУУД ТОНОГДСООР БАЙНА ГЭВ
Тус хөндийд түүх, соёлын хосгүй үнэт өв, дурсгал олон бий. Гэвч түүнийг нь хамгаалдаг хүн хомс. Үүний уршгаар булш, хиргисүүр, туурь, хөшөө дурсгал “орхигджээ”. Энэ талаар нутгийн иргэд “Эртний түүхт Хархорум хот буюу Хархорин сумыг зорьж ирсэн жуулчид Эрдэнэзуугийн хэдэн сүмээр орж, сумын төвтэй танилцаж, Мэлхий толгой дээр гараад буцах болдог. Уг нь бусад дурсгалыг арчилж, тордвол ядаж ганц, хоёр хоноод буцах байх даа. Гэтэл 100 гаруй иргэн л түүхийн дурсгалыг хамгаалж байна” хэмээн ярьсан. Тэр 100 гаруй хүн нь Өвөрхангай аймгийн Засаг даргын санаачилгаар ажиллаж буй идэвхтэн байгаль хамгаалагчид аж.
Өдөр, шөнөгүй ажилласныхаа төлөө тэд сард 100 орчим мянган төгрөгийн урамшуулал авдаг гэнэ. Тэднийг ажиллуулсны үр дүнд булш тонож, хөшөө, дурсгал сүйтгэгчдийн тоо цөөрчээ. Энэ талаар Орхоны хөндийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Банди “Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулж эхэлснээс хойш ийм зөрчил багассан. Мэр сэр л гарч байгаа. Бид тогтмол эргүүл хийж, зөрчил гарвал хуулийн байгууллагаар шийдвэрлүүлдэг” гэв.
Тухайлбал, 2016-2017 онд Хархорин сумын Орхон багийн нутаг дахь хоёр хиргисүүрийг тоносон байжээ. Мөн тус сумын Мойлтын ам дахь чулуун зэвсгийн олдворууд цөөрсөөр байгаа аж. Хүмүүс түүн, авч явсны гор энэ. Энэ талаар Өвөрхангай аймгийн холбогдох албаныхан “Байгалийн давагдашгүй хүчин зүйл болон Орхон голын нөлөөллөөр хадны зураг бүдгэрч, зарим булш, хөшөө гэмтэж байгаа. Заримаас нь дурдвал Бага хүрхрээ орчмын хадны зураг болон Бат-Өлзий сумаас Хужирт хүртэлх хиргисүүр усны нөлөөллөөр доройтсон. Шинээр олсон зарим булш ч эмзэг байна. Үүний хажуугаар шуналдаа автсан хүмүүсээр сүйтгүүлсэн олдвор цөөнгүй бий” гэсэн юм.
Харамсалтай нь, үүнд аймаг, сумынхнаас өөр анхаарч буй албан тушаалтан алга. 2015 онд олдсон, XIII зуунд амьдарч байсан гэх шарил усанд идэгдсэнийг аймгийн удирдлага бусдыг царайчилж байж засуулсан гэдгээс бүгд тодорхой болох биз. Тэр байтугай Эрдэнэзуу музейн барилга жилээс жилд муудаж, ан цав үүссээр байгааг нутгийн иргэд хэлсэн. Гэсэн атал “Түүхийн үнэт олдвороо хадгалж хамгаалах нь зүйтэй” гэж цээжээ дэлддэг хүмүүс таг дуугүй байсаар.
“Түүх, соёлын дурсгалыг арчлахдаа анхных нь хэв шинжийг алдагдуулж болдоггүй. Өөрөөр хэлбэл, музейн барилгыг цементээр засаж болохгүй гэсэн үг. Тусгай мэргэжлийн баг ажиллуулж анхных нь хэв шинжийг алдагдуулалгүй засах тулгамдсан шаардлага байна” гэж холбогдох албаныхан ярилаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Туркийн Ерөнхий сайд манайд айлчлах үеэрээ “Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөлд 120 сая ам.долларын хөрөнгө оруулна. Жилд туркийн 11 сая иргэн гадаад улсад аялж, амардаг. Тэднийг Монгол руу аялуулах боломж бий” гэж байсан. Мөн Торгоны замд нэгдэж, жуулчдыг татах мөрөөдөл бидэнд бий.
Харамсалтай нь, нөхцөл байдал энэ хэвээр байвал жуулчдын сонирхлыг татах бус, эсрэгээрээ үргээж мэдэхээр байна. Мөн өөрсдөө ч үзэж, харах зүйлгүй үлдэхэд ч ойрхон байгаа юм. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй жуулчны 31 бааз, 12 зочид буудал, рашаан сувиллын тав, амралтын зургаан газар л Орхоны хөндийг зорьсон жуулчдад үйлчилдэг гэх. Сайхан зүйл ярьж, иргэдийг сэнхрүүлэхээ больж, Орхоны хөндийг аврахгүй бол орвонгоороо эргэхэд ойрхон байна.
БАЙР СУУРЬ
Хариуцлагагүй уул уурхайг зогсоох нь нэн тэргүүнд хийх ажил
Т.АРИУНБОЛД (Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга):
-Архангай аймгийн Цэнхэр сумын нутгаас алт олборлож буй компанийн үйл ажиллагаанаас болж цогцолбор газар доройтоод байгаа юм. Орхоны хөндийг чиглэсэн аялал жуулчлал манай аймгийн зүрх гэж болно. Монгол Улсад ирж буй жуулчдын олонх нь энэ бүсийг зорьж ирдэг. Тиймээс аймгийн удирдлага хөгжлийн тэргүүлэх салбар нь аялал жуулчлал байна гэсэн бодлого баримталж, тийш чиглэсэн тодорхой ажлууд хийж байна.
Ялангуяа Орхоны хөндийг түшиглэсэн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх зорилготой. Тухайлбал, “Торгоны зам ба Хархорин” хэмээн нүүдэлчдийн ёс заншил, Орхоны хөндийн түүх, дурсгалыг харуулсан арга хэмжээ зохион байгуулж байгаа. Ирэх сард хоёр арга хэмжээ зохионо. Саяхан аймгийн ИТХ хуралдаж, аялал жуулчлалын хөгжлийн дэд хөтөлбөр баталлаа. Хангайн бүсийн аялал жуулчлалын чиглэл гаргаж, тэр хүрээнд Орхоны хөндийг хөгжүүлэх юм. Түүнчлэн аймгийн Засаг дарга Орхоны хөндийн аялал жуулчлалын стратеги баталлаа. Айл өрхүүдийг үүнд татан оролцуулж, тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх чиглэл барьж байна. Нүхэн жорлонгоос татгалзаж, аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх бодлого баримталж буй.
Гэвч тулгамдаж буй асуудал цөөнгүй бий. Хог хаягдал хамгийн том тушаа нь. Жуулчид хогоо замбараагүй хаяж байна. Үүнд хяналт тавих ямар ч боломж алга. Бид уг нь идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулдаг. Гэтэл тэдэнд өгдөг урамшуулал, цалин бага тул зун Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан л арчилж, торддог юм. Хог, хаягдлыг бууруулахын тулд төлбөр, хураамж авъя гэхээр нийтээс асууж, ХЗДХЯ-наас зөвшөөрөл авах ёстой гэдэг.
Түүнээс гадна түүхийн дурсгалт газар, булшийг эвдэж, тонох зөрчил бий. Холбогдох бүх алба, байгууллага оролцож, төсөв санхүүг нь шийдэн, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох нь нэн тэргүүнд хийх ажил болоод байна. Орхоны хөндийн гол түшиц нь Орхон гол. Гэтэл ус нь бохирдчихсон. Салбарын сайд, УИХ-ын гишүүдэд олон удаа хандсан ч асуудлыг шийдсэнгүй өдий хүрлээ.
Уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдоод байгаа юм биш
Н.БАЯНМӨНХ (Архангай аймгийн БОАЖГ-ын дарга):
-Алтны уурхайнууд саяхнаас үйл ажиллагаа явуулж байгаа юм биш. 1999 оноос эхэлсэн үйл явц. Тэгээд ч эдгээр компанийн буруу үйл ажиллагааны уршгаар Орхон гол бохирдоод байгаа юм биш. Өвөрхангай аймгийнхан голын хамгаалалтын зурваст жуулчны баазуудад газар олгочихсон. Тэдний үйл ажиллагаа хяналтгүй байгаа нь бохирдолд бас нөлөөлж байгаа. Зарим баазын эзэд нь нутгийн иргэд бус, Улаанбаатараас ирсэн хүмүүс байдаг. Уг нь хоёр аймгийг холбосон аялал жуулчлалын чиглэл байгуулах зорилт бий. Ингэхийн тулд хаана хаанаа анхаарах хэрэгтэй.
Бэлтгэсэн: Г.Цэцэг