Гитарын аялгуу эшиглэв. Хоньчин өвгөн говийн нар, салхинд борлож, хар бор ажилд эвэршсэн хуруугаараа гитарын нарийн, бүдүүн утсыг нэг нэгээр нь чичрүүлэн имэрнэ. Шороонд дарагдаж, үл ялиг өлөн хир суусан саравчтай, улаан малгайгаа толгойноосоо салгах дургүй, хүрэн бор эр хөхөлбөр тэнгэрийн дор, хөдөөх буйд ертөнцөд нь сэтгэлийн хань болдог гитарынхаа хөгийг шалгаж байгаа нь тэр. Өмнө нь огт сонсоогүй нэгэн аяыг хэсэг тоглосноо “Нутгийн дуугаа дуулна аа” гэж инээвхийлээд, барилтаа өөрчлөв.
Харин тэр нь танил аялгуу. Хоньчин эр гитарын аялгуутай хоршуулан:
Тэртээ Алтайн уулсын
Үзүүр Гурван сайхан
Тэмээн сүргийн говьдоо
Тэнгэр шүргэм бараатай...
хэмээн үл ялиг баргил хийгээд сөөнгөтсөн хоолойгоор дуулж гарлаа. Гэр доторх хүмүүс түүний дуулахыг сонсоод, хөшсөн мэт ажин түжин. Саяхан хот, хөдөөгийн сонин сайхнаас ам уралдан хуучилж байсан хүмүүс гитарын содон аялгуунд автаж, бахдан баяссан, гайхширч сонжсон харцаар түүнийг “бүсэллээ”.
Улаан мотоциклоороо хонио бөөгнүүлж, өдөржин “хоржигнуулсан” өвгөн “үндсэн” ажлынхаа ард гарч, амсхийж суугаа нь энэ. Тэр ингэж өөрийгөө болоод өрөөл бусдыг цэнгүүлэх дуртай. Дараагийн дуу, дахиад л өөр аялгуу... Энэ зуурт тэдний гэрийн, сүлжээ сайн барьдаг цэг буюу цонхны тавцан дээр тавьсан гар утас нь хангинав. Суудлын автомашин худалдаж авахаар Улаанбаатар руу явсан бага охин Т.Чимгээ нь шинэ тэргээ хөлөглөн, ахынхаа хамт гэрийн зүг хөдөлж буй мэдээг түүнд дуулгажээ. Татварын эдийн засагч мэргэжил эзэмшиж, дараа нь бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан танхи охиныхоо боловсролыг мялааж, басхүү хаврын хахирт ээж, аавдаа хань болсон урмыг нь бодож тэрбээр суудлын тэрэг худалдан авч өгсөн аж.
Говийн бүүдгэр, айвуу үдшийг техникийн гэрлүүд эвдэн, холдож, ойртон гялбалзах нь тавцан дээр нь дөрөв, таван гар утас эгнүүлэн тавьсан том цонхоор харагдана. Мөнөөх алдартай, арвин нөөцтэй, арай дордуулж хэлбэл амны зугаа болж буй, дээрдүүлбэл амьдрал тэтгэж байгаа Тавантолгойн орд тэнд бий. Уул уурхай хөдөөгийн амьдралд хэрхэн нөлөөлж, хувьсган өөрчилж байгааг харуулах зорилгоор дэлхийд энтэй Тавантолгойн уурхайгаас хойш 16 км-т, Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Цагаан эргийн хоолойд нутагладаг орчин цагийн малчныд бид зочилсон нь энэ.
Хулдангийн Туяагийнх анх 2001 онд эцэг өвгөдийнхөө өвөлжөө бууцыг өвлөн, малчин удмаа залгамжилсан. Атгахан шагай тараасан юм шиг цөөхөн айлтай сумынхаа төвөөс нүүж, одоо амьдран суугаа нутагтаа бууриа засахад Тавантолгойн ордод “жижиг” хэмээн нэрийддэг “Тавантолгой” хувьцаат компани л үйл ажиллагаа явуулж байжээ. Эл компани Даланзадгад, ойр хавийн хэдэн сумыг л эрчим хүчний нүүрсээр хангадаг байв. Орон нутгийн “Тавантолгой” компани 2005 оноос Тавантолгойн ордоос өмнөд хөрш рүү нүүрс экспортолж эхэлсэн юм. Улмаар “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компани 2009 онд тэндээс нүүрс экспортолж эхэлснээр “уул уурхайн тэсрэлт” болж, Цогтцэций сумын дүр зураг ч өмнөхөөс шал ондоо өнгө будаг, хачир чимэг “зүүв”. Х.Туяагийн амьдралд ч мэдэгдэм хувьсал гарч, одоо тэднийх тоос шороо манарган, түмэн техник сүлжилдсэн уурхайн хаяа бараадсан айл болжээ.
Уул уурхайн энэ “тэсрэлт”-ийн үе Өмнөговь аймгийн хатуу өвөлтэй давхацсан юм. Малчид малаа үхүүлж модоо барин, халаглаж суухтай зэрэгцээд нүүрс экспортлох том төслүүд “хөдөлсөн” нь тэдэнд амьжиргаагаа залгуулах гарц болсон. Буянт сүргээ хуугаар нь алдсан айлууд Цогтцэцийн төв рүү нүүж, зарим нь уурхайн, тал нь нүүрсний тээврийн компаниудын хаяа түшжээ. Тавантолгойн орд газар нутагт нь байрладаг, Х.Туяагийн амьдран суугаа Цагаан-Овоо баг энэ шуурганаар 20 гаруйхан малчин өрхтэй үлдсэн гэнэ. Тавантолгойн ордод шинэ уурхайнууд нээгдэж, коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд тонн нь 300 “ногоон” шүргэсэн 2011 оны үед Цогтцэций хүн, техникээр дүүрч, сумын төв нь өргөжин, зочид буудал, ресторан зэрэг үйлчилгээний газар олноор бий болж, өнөөгийн төрхөө олжээ. Төв гудамжаар нь машин тэрэг тасралтгүй сүнгэнэлдэж, хүмүүс үймэн бужигналдах нь нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй захын хороололд очсон мэт мэдрэмж төрүүлэх Цогтцэцийд өдгөө 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.
Анх 2500 хүн амтай байсан бол өдгөө тэндхийн бүртгэлтэй иргэн 7500-д хүрчээ. Түр оршин суудаг иргэдээ оролцуулбал 15-20 мянган хүн амьдарч байгааг тус сумын ИТХ-ын дарга Г.Бацмаа дуулгасан. Цагаан-Овоо баг, Цогтцэций сум, Өмнөговь аймгийн иргэдээс гадна уул уурхайн хаяа түшиж, амьдралаа дээшлүүлэхийг зорьсон залуус эх орны өнцөг булан бүрээс тэнд цуглажээ. Их хэмжээний мөнгө эргэлдэж, бүтээн байгуулалт өрнөдөг уул уурхай гэгч салбар хүмүүсийг соронз мэт татан, өөртөө уусгадаг ажгуу.
Цогтцэций суманд ашиглалтад оруулаад удаагүй байгаа 50 мВт-ын хүчин чадалтай “Цэций” салхин цахилгаан станцын хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлэх төсөл удахгүй хэрэгжих нь. Тэнд “Оюутолгой” төслийг цахилгаанаар хангах, Тавантолгойн цахилгаан станцыг барихаар зэхээд буй. Мөн урд хөрш рүү нүүрс тээвэрлэх 260 км төмөр зам тавих төсөл улс төрийн шийдлээ хүлээж байгаа. Үүгээр зогсохгүй алт, зэсийн арвин нөөцтэй Хармагтайн ордод уурхай нээхээр дуншиж байна. Эл мега төслүүд хэрэгжсэний дараа малчин Х.Туяагийн амьдрал, Цогтцэций сум, Өмнөговь аймгийн төрх хэрхэн өөрчлөгдөх бол. Бум бужигнаж, түм түжигнэсэн том хот босох нь гэсэн төсөөлөл танд бууж байна уу. Цаашлаад Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар хувь нэмэр оруулах нь бүр ч сонин.
Х.Туяагийнх тэр их хахир зуднаар 700 богоосоо 44 хонь, дөрөвхөн ямаатай хоцров. Амьжиргаагаа тэтгэх малгүй болсон аав, ээж хоёрыгоо хүүхдүүд нь сумын төвд суурьшиж, уурхай түшиглэн амьдрахыг ятгасан боловч нэгэнт малчин удмаа залгамжлахаар шийдсэн учраас үгэнд нь орсонгүй. Харин ч тэр айлын мал ацаглан хариулж, төлийнх нь 50 хувийг хөлсөнд нь авснаар байгалийн гамшигт алдсанаа эргүүлэн олж авчээ. Одоо тэднийх 1000 гаруй богтой. Энэ хавар 500 ямаа самнаад ноолуурыг нь тушаатал 27 сая төгрөгийн үнэд хүрчээ. “Хонио хяргаад ноосыг нь тушаачихна. Тэгэхээр нийт орлого маань 30 гаруй сая төгрөг давах байх” гэж тэрбээр илэн далангүй өгүүлсэн юм. Улаанбаатарын дундаж өрхөөс хоёр дахин илүү орлоготой малчин маань малын хөлийн татвар төлөхийг хүсдэг нэгэн.
Гэхдээ түүнд нэг болзол бий. “Эрхээ өчнөөн эдэлж байна. Үүргээ хүлээж, улс орондоо нэмэр хандив болоход татгалзах зүйл алга. Нэг малд 1000 төгрөгөөр тооцоод сая төгрөгийн татвар төлчихөд болохгүй юмгүй. Харин малын хөлийн татвар төлсний төлөө малчдын нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалыг бөглөдөг болмоор байна” гэж ярив. Тэрбээр нэр алдарт дургүй, тэрүүхэндээ тэрс үзэлтэн. “Мянгат малчин” болохыг хүсдэггүй нь энэ араншингийнх нь илрэл. Өнгөрсөн жил 300 богоо борлуулж байж “мянгат малчин” болохоос зугтжээ. Тэгвэл өнөө жил 300 богоор нутгийн залуусаа малжуулахаар сумынхаа удирдлагуудтай тохиролцсон. 100 хургатай хонь маллууллаа гэхэд залуу малчин нэг жилийн дараа төлийг нь өөртөө үлдээгээд, эхийг нь тоо ёсоор эргүүлэн өгөх “болзол”-ыг гэрээндээ тусгах гэнэ. Цаасан дээр гэрээ байгуулан, залуу малчидтай хамтарч ажиллах нь Монголын хөдөөд содон үзэгдэл гэлтэй.
Өөрөө ажиллахыг хүсээгүй ч улс оронд нь, тэр тусмаа нутагт нь уул уурхай цэцэглэн хөгжинө гэдгийг мэдэрсэн тэрбээр гурван хүүгээ хүнд машин механизмын жолооч болгожээ. Аймагтаа толгой цохиж, улсын олимпиадад оролцдог бага хүүд нь МУИС-ийн физикийн ангийн урилга гардуулахад ч тэр явуулаагүй гэнэ. Том хүү нь хүнд даацын хоёр машинаар Тавантолгой ордоос Хятад руу нүүрс тээвэрлэдэг бизнестэй. Дундах нь “Энержи ресурс” компанийн урдаа барьдаг экскаваторчин, бага нь тэнд хүнд даацын дамп трак жолооддог. Дунд хүүгээрээ бахархсан Х.Туяа шилэн хоргонд өлгөсөн нэгэн батламж үзүүлэв. Дунд хүү Т.Бадамдорж нь энэ оны нэгдүгээр сарын 10-ны шөнийн ээлжинд ажиллахдаа 255 машинд нийт 23 627 шоо метр уулын цул ачиж, дэлхийд цагт 1050 шоо метр байдаг үзүүлэлтийг 2132 болгон шинэчлэн, онцгой амжилт гаргажээ. “Хүү минь ус ч уух завгүй ажиллаж байж дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн” гэж хэлэхэд түүний нүдэнд баяр бахдлын оч гийв.
Х.Туяа зургаан хүүхдээ мэргэжилтэй ажилчин болгож амьдралд эрт хөл тавиулахыг сэтгэлийн чанаддаа тээжээ. Даланзадгадын МСҮТ-ийн барилгын засал чимэглэлчний ангийг дүүргэсэн Т.Чимгээ нь харин “том толгой” гарган, дээд сургуульд элсэх шалгалт өгч, эцэстээ “абаа”-гаа дийлжээ. Хүүхдүүд нь түүнийг ингэж авгайлна. Нэгэнт дийлдсэн “абаа” охиноо дөмөгхөн боловсролтой болгохоор магистрын зэрэг хамгаалтал нь дэмжиж, арыг нь даав. Эцэст нь машин авч өгч, эрхлүүллээ.
Нэгэн өглөө барилгын материал ачсан хүнд даацын машин малынх нь өтөг бууцыг манаруулан тэдний гадаа иржээ. Уул уурхайд ажиллаж чамгүй орлого олж, өндөр цалин авдаг гурван хүү нь аав, ээждээ шинэ байшин барьж өгөхөөр бараа материалаа дөхүүлсэн нь тэр байж. Хөвгүүд нь тохилог сайхан байшин барьж, доторх тавилгыг нь хүртэл шинээр авч өгчээ. Сүүлийн нэг жилд коксжих нүүрс үнэд орсон учраас том хүү нь дориун ашиг олж байгаа аж. Овоо хэдэн төгрөг халаасалсан хүү нь аавдаа өнгөрсөн хавар суудлын тэрэг авч өгсөн байв. Уул уурхай түүнд ийн хишиг буянаа хайрлажээ.
Говийн айл гэхээр аараг толгод, аль эсвэл элстэй бутан дунд, гаднаа ганц ботго аргамжсан монгол гэрийн дүр төрх эрхгүй санаанд буудаг. Уран зураг, баримтат киноноос эхтэй энэ түгээмэл зураглалыг Х.Туяагийнх ор тас мартуулна. Тэднийх тоосгон байшинтай, гаднаа гурван машин “сойчихсон” орчин үеийн айл. Байшингийх нь өмнө жижиг, том гурван нарны дэлгэц зоолттой. Цонхон тушаа нь таримал мод, телевизийн олон сувгийн антенн шовойно. Байшингийнх нь зүүнтэй хоёр гэр бариастай байх. Томд нь эд бараагаа хадгалж, жижиг бор гэрт хоол ундаа хийж, сүү саалиа боловсруулдаг. Байшингийнх нь хойморт нимгэн дэлгэцтэй зурагт заларсан буй. Унтраалга даруут саруул гэрэл асна. Нарны цахилгаан хураагуурын том зайг 220 вольтын хүчдэл гаргах өсгөгчөөр нэмж тоногложээ. Тиймээс тэднийх цахилгаан тасрах зовлонгоос ангид. Жаран насны босго давсан өвөө, эмээ хоёр хонио хотлуулсныхаа дараа ухаалаг утсаа “ухаж”, хүүхдүүд, ач, зээ нартайгаа фэйсбүүкээр “чаталдаг” гээд бод доо. Тэд хотын биднээс дутахааргүй мэдээлэлтэй байдаг нь ч энэ “хөдөлмөр”-тэй нь холбоотой.
Нарны галтайд тэднийд буусан бид гэрийн эздийг дагаж, дэмий баахан гүйлдсээр нэг л мэдэхэд “дуу хуурын цаг”-тай золгосон сон. Тэгээд л “Тэмээн сүргийн говь”-ийг эгшиглүүлсэн хэрэг. Гитарын хоёрдугаар утас тасарч, хэсэгтээ л даамжрах шинжтэй байсан дуу хуур өндөрлөв. Хань болдог гитараасаа дурамжхан салсан эр өнөөхөө ханандаа өлгөөд, ухаалаг утсаа ширтэн буйдандаа шигдлээ. Түүний гэргий Ө.Өлзийбаяр ч утсаа “маажаад” чимээ алга. Гэрт хэсэгтээ л анир алдрав. Гэтэл тэнгэр нүргэлэх мэт чимээ ойртон ойртсоор нам гүм байдлыг эвдэж орхилоо. Уурхайг зорьсон хүнд даацын машин түн тан хийх чимээ гарган, тэдний хаяагаар өнгөрөөд, дуу нь намсан намссаар алсарлаа. Өдрийн хугаст сонсогдсон энэ чимээ чихэнд бүр дасал болж орхижээ. Шатахуун, бараа материал, эсвэл техник ачсан хүнд даацын машинууд Х.Туяагийн гэрийн хажуугаар цагаан тоос манаруулан өнгөрөх нь тоо томшгүй. Мөнөөх машины гэрэл говийн намхан толгодыг шаргалтуулан, өмнө зүгт Тавантолгойн тийш алсрах нь цонхоор харагдана. Гэрийн эзэгтэй цонхныхоо хөшгийг хаалаа. Говийн ганц айлд саатсан эхний өдөр ийн жаргав.
Өглөө эртлэн боссон Х.Туяа энгэртээ “Ухаахудаг”, ар нуруундаа “Энержи ресурс” гэсэн бичигтэй, зэвхийж гандсан улбар шар өнгийн уурхайчны хүрмээ өмсөн, толгойноосоо салгах дургүй саравчтай улаан малгайгаа духдуулаад, “Улаан шонхор”-оо угзрангаа бор цай оочиж суулаа. Тэр шаггүй тамхичин. Нэгийг татаж дуусав уу, үгүй юү, нөгөөг гаргаад салаандаа хавчуулчихна. Төд удалгүй асаагуураа чадхийлгэн дуугаргаад, утаа манаруулж эхэлдэг. “Энержи ресурс”-ийн ажилчны хүрмээр гангарсан түүнтэй анх уулзахдаа “Аргагүй л уул уурхайтай нутгийн малчин даа” гэж бодсоноо нуух юун. Гэрийн эзэгтэй ч “За зодог шуудгаа өмсөнө өө” гэсэн нь бас л уурхайчны улбар шар цамц байв. Тэднийд баахан тухалсан нэгэн явуулын хүн мордохдоо гэрийн эзэн Х.Туяаг “Өлзийбаяр ах аа баяртай”, эзэгтэйг “Туяа эгч ээ сайн сууж байгаарай” гэж сүрхий салах ёс хийж, хөглөсөн гэнэ лээ. Нэрийг нь сольж, хольж дууддаг хөгжилтэй яриагаар өглөөний цайгаа хачирласан хоёр маань нэг нь хонио усалж, нөгөө нь ишигнүүдээ амлуулахаар яарлаа.
Өглөө бүр ус ууж заншсан сүрэг зүүн хойд хөтлийн цаахнатай байх худаг руугаа цувлаа. Малч эр улаан мотоциклоо “хоржигнуулан” хонио хэсэг туугаад, тэртэй тэргүй усан дээрээ очихыг нь мэдэх учраас онгоцоо дүүргэхээр худгийн зүг түрүүлж давхив. Тэдний худаг гэж хөдөөдөө бол инновац шингээсэн эд байх. 30 метрийн гүн өрөмдсөн худагтаа 220 вольтын хүчдэлээр ажилладаг, сорох хийн шахуурга (насос) суурилуулжээ. Хийн шахуургаа ажиллуулахын тулд нарны зай хураагуурын зургаан дэлгэц байрлуулсан нь толь мэт гялалзаж, сүртэй харагдана. Товчлуур дарахад л ялтсан хоолойгоор онгоц руу ус олгойдов. Эхэндээ хүчтэй садарч байснаа аажмаар татарлаа.
Наран сөрөг харахдаа мушийх нь “Мөнгөн буйл” киноны Гочоо зааны дүрд тоглосон, жүжигчин Ж.Дорлигжавын төрхийг санагдуулам, говийн хүний хүрэн бор царайтай Х.Туяа “Усны ундарга муу байгаа биз. Манай говьд ус бол амь, амьдрал юм. Ер нь хаана ч ус амь тэтгэх хамгийн чухал эрдэнэ” гэлээ. Хаа сайгүй задгай устай хангай нутгийнхан “Хар ус харамладаггүй” гэж даналздаг бол говийнхонд ийм араншин ер тохирохгүй. Тэд үнэ цэнийг нь хэн хүнээс илүү мэддэг, мэдэрдэг учраас балга усыг ч хайрлаж, хармын сэтгэлээр хандана.
“Манайх хүссэн цагтаа малаа ундаалдаг, усаар баян айл. Дундаа нэг худагтай, тэндээс нь олон айл малаа усалдаг тохиолдол говьд өчнөөн байна. Зарим нь хүний худгаас ус худалдан авч буй. Би өдөр бүр малаа услахаар найман тонн ус худалдаж авдаг байсан бол энэ зэрэгтэй амьдрахгүй” хэмээн ярих тэрбээр мал нь усгүйдэх зовлонгоос ангид буйд сэтгэл хангалуун байдаг ч бусдадаа санаа зовж буй нь царайнаас нь илэрхий мэдрэгдлээ. Арвин устай тэднийх худгаасаа холгүй барьсан хоёр том хүлэмжтэй. Тэндээ өргөст хэмх, манжин, тарвас, лууван, улаан лооль зэрэг нарийн ногоо тарьдаг. Худгаас газар доогуур гүйлгэн татсан хоолой ашиглан ногоогоо дуслын системээр усалчихна. Хөрс нь аргуу, шим муутай ч намар подхийсэн ургац хураачихдаг гэсэн. Цэргээс халагдаж ирээд, сумынхаа холбоонд монтёроор арав гаруй жил ажилласан, радио, зурагтын нарийн схемийн учрыг олоод засчихдаг түүнд гэрээ, худгаа цахилгаанжуулах, усалгааны системтэй хүлэмж барих нь алга урвуулахтай адил хялбар ажил.
Усанд санаа зовдоггүй ийм нэгэн айл байхад худгаа булаацалдан нэгийнхээ амийг бүрэлгэсэн эмгэнэлт явдал Цогтцэцийд өнгөрсөн өвөл гарчээ. Ганц худаг бараадан буусан айлын эрс уснаас болж ам зөрөхдөө нэгийгээ буудаад хөнөөчихөж. “Говьд ус хүний аминаас үнэтэй байна. Уул уурхай, эрчим хүчний станц их хэмжээний ус хэрэглэдэг. Усны төлөө хүн үхэж байхад хангайгаас говь руу ус нийлүүлэх “Хэрлэн-Говь”, “Орхон-Говь” төслөө яагаад хэрэгжүүлж болдоггүй юм бэ” гэж тэр асуулаа. Даанч өнөөдөр түүний асуултад хэн ч хариулж чадахгүй байгаа нь харамсалтай. Бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид нь “Хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхгүй” гэж хоёр талд хуваагдан, гацаагаад буй эл төсөлд говийн малчид ийн чих тавин, хүлээж сууна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийнхан манайхаас зүүн тийш холгүй, Ханхонгор сумын нутагт байдаг Балгасын улаан нуурын гүний усыг ашиглах гэж улайрсан. Бид тэр усыг өгөхгүй. Усгүй бол нутагтаа эзэн болж амьдарч чадахгүй” гэж тэрбээр үргэлжлүүлэв. Уугуул нутгаа сэтгэлдээ тээж, байгаа жаахан усаа барчих вий гэж үргэлж санаагаа чилээж явдаг түүний хүүхдүүд уул уурхайд ажиллаж, амьдрал ахуйгаа төвхнүүлж байгаа ч тэр “Энержи ресурс” компанийнхантай нэгэнтээ “тулаад авчээ”. Тэдний ажилчид өвгөнд “Бид 500 метрийн гүний усыг ашиглаж байгаа, санаа зоволтгүй” гэж хэлдэг ч хашир эр тэднийхийг өнгөний ус ашигладаг гэж харддаг. Үүнийгээ ч ний нуугүй хэлсэн. “Хэрэв усны зохистой бодлого баримтлахгүй бол Цогтцэций Хэрмэнцав шиг болно гэж төсөөлдөг. Газрын гүндээ усгүй болчихоор энд шумуул, бялзуухай ч нисэхгүй. Хамаг юм үхнэ, хатна” гэж тэр халагласан. Энэ бол түүний улаан голоос угзарч байдаг мөнхийн айдас.
“Оюутолгой”, “Тавантолгой” төслөө хөдөлгөж, өмнийн говьд олон шинэ уурхай нээгдсэн 2010 оноос Хэрлэн голд далан байгуулж, хурын ус хуримтлуулан, сан үүсгээд, тэндээсээ яндан хоолойгоор говь руу шахах төслийн техник, эдийн засгийн судалгааг хувийн хэвшлийнхэн боловсруулсан байдаг. УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй, Хэнтий аймгаас гаралтай улстөрчид Хэрлэн голынхоо усыг говийнхноос харамласнаар энэ төсөл зогссон. Дараа нь Орхон голоос говь руу ус шахах хувилбар дэвшүүлсэн ч бас л дэмжээгүй. Энэ нь цахилгаан станц байгуулах, говийн бүсийг усаар хангах хосолмол зорилготой төсөл байв.
Саяхнаас “Онги-Говь” нэртэй бас нэг төслийн сураг дуулдаж эхэллээ. Орхон голоос яндан хоолойгоор ус уул давуулан шахаж, Онгийн урсацыг нэмэгдүүлэх энэ төслийг хэрэгжүүлэх, эсэх, Засгийн газар бодлогоор дэмжих, дэмжихгүй нь тодорхойгүй байсаар. Төсөл боловсруулагчид Онги голын урсацыг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт байх Улаан нуурын савыг дүүргэн, тэндээс уурхайнууд руу ус шахна гэж тооцоолжээ. Хэрэв эл төслүүдийн нэг нь ч болов хэрэгжиж, хангайн усыг говьд хүргэвэл Х.Туяагийн магнай тэнийж, далд айдас нь үргэх нь дамжиггүй. Бид энд уул уурхайнхны балгаар гол, нуур бохирдсон, урсгал нь татарсан тухай хэрүүл хийж, тэмцэлдэж байхад говийнхон ундны усандаа санаа зовниж сууна.
Ус ханатлаа “гүзээлсэн” хонин сүргийн сүүлч бэлчээртээ гарч, худаг дээр өрнөсөн “айдаст яриа” шувтрах үед цэнхэр өнгөтэй “Портер” маркийн ачааны машин зүүн талаас тоос босгон айсуй. Тэднийхтэй саахалт амьдардаг, ганц бие эмэгтэй О.Сайнбуян Х.Туяагийн худгийн амбаарт буй малчны шар хөлдөөгчинд нь махаа хийхээр хурдалсан нь тэр байжээ. Улаан цоохор алчуур хүзүүндээ намируулсан дэгжин байрын хижээл бүсгүй гэрийн эзний мэндийг мэдүүтээ л “Өнөөдөр ёндоотой хө. Сая манай хажуугаар өнгөрсөн ачааны машины түлшний сав цоорчихож. Шатахуун нь гоожоод сүйд. Жолооч нь гуйгаад байхаар нь 100 литр түлш авлаа. Литрийг нь 1300 төгрөгөөр бодож авсан. Энэ ёндоо биз” гэж уулын цуурай мэт дуржигнуулан яриа дэлгэв. Аз тохиовол уул уурхай иймэрхүү байдлаар ч хажуу хавиргандаа “хишиг”-ээ хүртээдэг бололтой. Тэр “Портер”-оор хонио хариулдаг гэсэн. Энэ бол Монголын хөдөөд ховор тохиох төрх.
Хоолой, хондоор нэг тарсан хонио бөөгнүүлж хотлуулаад, бас л банзан гитараа “балбан” баахан дуулж, үдшийн бүрийд хөг нэмсэн, өглөө нь өмнөх янзаараа малаа услан бэлчээрт гаргасан Х.Туяа шатахуун нь дууссан машинаа жолоочтой нь замын голд “гээж” орхичихоод хугас өдөр шахам хайгаад олоогүй Эрдэнэтийн залуугийн эрэлд туслахаар зэхэж байлаа. Тэднийхээс зүүн тийш 50 км-ийн алсад нутагладаг, хэдэн хонио алдчихаад сураглан ирж хоноглоод, үүр цүүрээр эрэлдээ мордсон гэр бүлийн хоёр нөгөө хэдийгээ олсныг 40 гаруй ямаа хайж яваа Ханхонгор сумын бас нэгэн “хайгуулч” дөрөө мулталж, амны цангаа тайлах зуураа дуулгав.
Улаанбаатар, Өмнөговь аймгийн төвөөс Тавантолгойн орд замын гудаст нутагтай энэ айлаас явуулын хүмүүс салдаггүй. Тэд хоёр зорилготой л ирдэг. Нэг нь, хужаа мотоцикл унасан малын эрэлчин, нөгөөх нь жийп хөлөглөн зам асуух “томчууд”. Малын эрэлчид бакаалаа пижигнүүлээд л гэрт хээвнэг ороод ирнэ. Тэд монгол ёсоор цай цүй ууж, боов боорцог идэн, сураг чимээ гарвал хэл дуулгахыг захиад мордоно. Харин “жийптнүүд” гадаа нь ирээд, гэрээс хүн гарч ирэхийг хүлээнэ. Хэн нэгэн гарч ирвэл машиныхаа хаалганы шилийг буулгаад “Тавантолгой орох зам аль вэ”, “Хар зам руу хүрэхэд хаагуур явах ёстой вэ” гээд байцааж гарна. Зарим нь бүр үүдээр шагайна. Олонх нь нүдний хар шил зүүж, хээнцэр хувцасласан эрэгтэй байх. Өдөрт хэдэнтээ давтагдах ийм нэгэн дүр зургаас нүүдлийн хийгээд суурин иргэншил, эгэл малчин болон уурхай дагасан бизнесмэнүүдийн ялгааг харж болмоор. Газар, тэнгэр шиг өөр ахуйн энэ ялгаа заагийг тод томруун харуулах огтлолцол нь Цагаан эргийн хоолой дахь говийн ганц айл байлаа.
Түрүүхэн гэрийнх нь хажуугаар түн тан хийн дуугарч, тоос татуулан өнгөрсөн хүнд даацын дөрвөн машины алсарч буй өмнө зүг рүү Х.Туяа хүүгийнхээ авч өгсөн “Ниссан” маркийн суудлын тэргээр шороо манарган одов. Тавантолгойгоос Хятад руу нүүрс тээвэрлэн, амьдралаа өөд нь татахаар Эрдэнэтээс гарсан хоёр залуугийн түлшгүй болсон машиныг эрэхээр тэр ийн явсан юм. Шөнө байтугай өдөр явахад ч толгой эргэмээр, аалзны тор шиг хэрсэн олон салаа замын алинд нь машинаа үлдээсэн юм бол. “Ингэж явсан санагдана. Хажууд малын хороо, өмнө нь тод гэрлүүд харагдаж байсан” гэхчилэн зүүд зэрэглээ шиг балархай зүйл ярих залуугийн яриа биднийг ийм асуултаар ээрсэн юм.
Олон уурхай нээгдэж, өмнөд хөрш рүү нүүрс экспортолдог болсноор Өмнөговь аймгийн газар нутгийг тэмээлзгэнэ мэт урт, жаран хөлт шиг олон дугуйтай хүнд даацын автомашинууд талхлах болсон. Боох ус, хэрэх уулгүй тал нутаг учраас уурхайг зорьсон жолооч нар хүссэн газраараа давхилдан, газрын хөрсийг шороогоор нь эргүүлж, “наадсан” нь нүдэнд илт харагдана. Цагаан-Овоо баг, цаашлаад чухам хэчнээн ам км газрын хөрсийг ургамал соёлохооргүй болтол улаан шороогоор эргүүлж, сүйтгэснийг тооцоолбол сүрдмээр тоо гарах нь дамжиггүй гэсэн бодол төрөв. Арын хонд, баруун шил, зүүн хоолой гээд ер нь хаа сайгүй, дөрвөн зүг найман зовхист машины тоос манарна.
Уг нь Улаанбаатараас Даланзадгад хүртэл хатуу хучилттай авто зам тавиагүй байхад Цагаан-Овоо багийн нутгийг ийм олон зам хэрээгүй байжээ. Харин Даланзадгад хүртэлх дардан замаар хэсэг яваад, Тавантолгой руу зүглэх сонирхолтой жолооч нар харсан зүгтээ давхидаг болсноор эл газрыг түйрэн болгож орхижээ. Автомашинуудын босгож буй нарийн тоос ургамлын үндэсний угт шигж, ургах боломжгүй болтол нь “боомилж” буйг хонины бэлчээрт өнждөг Х.Туяа анзаарчээ. Олон жил талхлагдаж, сүйдсэн хөрсөнд ургамал ургах нь битгий хэл, ямар ч чийг, шим нэвтрүүлэхгүй болтлоо хатдагийг ч тэр мэднэ. Тэрбээр “Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, озоны цоорол гээд дэлхий нийтийн асуудал болоод буй гамшгууд бүгд уул уурхайн зохисгүй ашиглалт, хүмүүс эх дэлхийтэйгээ буруу харьцсанаас үүдэлтэй. Байгаль доройтоход өөр олон шалтгаан бий ч эцэстээ хүний үйл ажиллагаа л нөлөөлдөг. Бид утас “маажаад”, интернэт ашиглаж байгаагаа хөгжчихлөө, амьдрал сайхан болчихлоо гэж бодоод байна. Даанч тийм биш юм. Эх дэлхий маань улам л доройтож, сүйдэж байна” гэж халагласан.
Уул уурхай, замбараагүй олон зам байгаль дэлхийгээр зогсохгүй хүний мөс чанарыг ч дордуулжээ. Тоо томшгүй хэрсэн замаар хаа сайгүй зорчиж буй жолооч нар Х.Туяагийн хониноос “суйлж” зугтаасан тохиолдол олон гэнэ. Зөвхөн тэднийд л ийм зовлон тохиогоогүй. Говьд эсэн бусын гэмт хэрэг гарах нь сүүлийн үед олширсон тухай нутгийнхан дуулгасан юм. Энэ нь мөнөөх л уул уурхай, түүнийг чиглэсэн их хөдөлгөөнөөс үүдэлтэй. Говийн малчид гэрээ цоож цуургагүй орхиж, дайрч өнгөрсөн хүн эзний гар харалгүй хооллож, ундалчихаад явдаг хүн чанарын “тос даасан” уламжлал өнөө цагт домог яриа болон хоцорчээ. Одоогийн говийн айл барагтай бол гэрээ эзэнгүй орхихгүй, эсвэл дангинатал цоожилчихоод малдаа явдаг болж.
Хулгай зэлгий, балмад танхайг хуулиар зохицуулдаг. Тэгвэл байгаль дэлхийгээ уул уурхайнхны дарамтаас хэрхэн хамгаалах вэ. Хоньчин эр эл асуултад “Уул уурхайн хүнд даацын машин зорчих, суурин газруудыг холбосон хатуу хучилттай авто зам, нүүрс тээвэрлэх төмөр замыг нэн түрүүнд шийдэх” гэж хариулсан. Манай улс нүүрс тээвэрлэх төмөр зам тавих бодлогын баримт бичгийг аль найман жилийн өмнө баталсан, уг нь. Энэ дагуу Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам тавих төслийг эхлүүлсэн юм. Гэвч 2012 оноос жаахан эрчимжсэн эл төсөл улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөөх тэмцэл дунд гацчихаад байгаа. Хэнбугай нь төмөр зам тавих гэж зүтгэсэн, улс төр, бизнесийн ямар бүлэглэл эсэргүүцэн гацаасныг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ая дан, өнгө будагтай нь мэдээлсэн учраас энд нурших нь илүүц биз ээ.
Дэд бүтэц, замаас болоод говийнхон, тэр дундаа малчид ямар хохирол амсаж буйг нүдээр үзэж, биеэр мэдэрсэн хэнд ч “Ядаж л Цогт-Овоо сумаас Цогтцэций, тэндээс Даланзадгад хүртэл хатуу хучилттай авто зам тавьчихаасай” хэмээх бодол, эмзэглэл төрөх болов уу. Хэрэв үүнийг хэрэгжүүлбэл малчид замаас үүдэлтэй нэг бус, нэжгээд зовлонгоосоо ангижрах нь дамжиггүй. Гэрийн эзэгтэй “Гэрийн хажуугаар дөрөв, таван машин өнгөрөхөөр жорлон харагдахаа байтал улаанаар эргэлддэг” гэж ярьсан нь инээдэм биш эмгэнэл гэлтэй.
Автомашины хөлөөр босож буй тоос, шороо амьсгалын замын өвчин дэлгэрүүлж, Үндсэн хуулиар олгосон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэж үзсэн Цогтцэций сумынхан Хүний эрхийн үндэсний комисст хандсан байна. Комиссынхон ч “Уул уурхайг дагасан дэд бүтэцгүй төвлөрөл хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Орон нутагт нь ямар ч тус дэмгүй гэж Цогтцэцийнхэн үргэлж ад шоо үздэг “Эрдэнэс Тавантолгой” компани сумын төвөөс Тавантолгойн уурхай хүртэл 13 км хатуу хучилттай авто зам тавих гэрээг Өмнөговь аймгийн Засаг даргатай байгуулжээ. Цогтцэций сумын ИТХ-ын дарга Г.Бацмаа “Энэ замыг тавьчихвал тоосжилт арай багасна” гэж баярлаж сууна.
Хэрэв уурхайнхан үүнийгээ биелүүлбэл хоньчин эрийн хүсэл, бодол нэг алхмаар ч болтугай урагшлах нь. Х.Туяа уул уурхайг ашиглахын өмнө байгаль дэлхийг доройтуулахгүйн тулд зам тавьж, усан хангамжийг нь заавал шийдүүлдэг байх хууль батлуулахыг мөрөөддөг. Өөрөөр хэлбэл, уурхайг ашигласны дараа бус, ажиллаж эхлэхээс нь өмнө хариуцлага нэхдэг тогтолцоо хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ цаг хугацааны тоолуур түүний мөрөөдлийн эсрэг гүйдэг учраас өнөөдрөө л мэддэг, маргаашаа хардаггүй, өөрийгөө л боддог, ард түмнээ ойлгодоггүй улстөрчидтэй байгаа цагт Монгол Улс алс хэтээ харж, байгаль дэлхийдээ ээлтэй замаар хөгжиж чадах уу гэдэгт эргэлздэг. Тиймээс ч “Морио унаад, тэмээндээ гэрээ ачаад нүүдэг, гэрээ цоожлохгүй малдаа явдаг, энгийн ахуйдаа буцаад очмоор байна” гэж тэрслэн ярьсан нь тэр биз.
“Уурхайнуудыг бүгдийг нь хаачихвал яах вэ” гэсэн “эсэргүү” асуултад хоньчин эр “Хэдэн жилийн өмнө нүүрсний үнэ унаж, зарим уурхай түр зогсоход цогтцэцийнхэн төдийгүй өмнөговийнхон баларсан шүү дээ. Уурхайд ажиллаж өндөр цалин авдаг, нүүрсээ тээвэрлэж чамгүй орлого олж, жийпээс өөр унаа хөлөглөхөө больсон залуус алтны “нинжа” болсон тохиолдол хүртэл бий. Дэлгүүр хоршоо, баар цэнгээний газрууд бүгд хаалгаа барихад хүрсэн. Уул уурхай өмнөговийнхны амьдралын салшгүй хэсэг болсныг энэ явдал гэрчилсэн” гэв. Түүний отгон охин Т.Чимгээ ч “Өмнөговиор зогсохгүй, Монгол Улсын эдийн засаг сөхөрнө” хэмээн аавынхаа хэлснийг тодотгосон юм. Үүнийг батлахын тулд хэдэн статистик баримт дурдахад л хангалттай. Уул уурхайн салбар, түүнийг дагалдан бий болсон жижиг бизнес манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг бүрдүүлдэг. Цаашлаад гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувь нь уул уурхайн салбар руу “урсаж”, нийт экспортын бүтээгдэхүүний 90 хувийг ашигт малтмал эзэлж байна. Уул уурхайн холбогдолтой энэ бүх үзүүлэлтийг эдийн засгаасаа хасчихъя гээд төсөөл дөө.
Монгол Улс ангал руу шууд л унаж, ажилгүйдэл, ядуурал газар авч, эдийн засгаар тогтохгүй нийгмийн хямрал нүүрлэх нь тодорхой. Өөрийнх нь амьдралд өргөстэй тор мэт ороолцолдсон уул уурхайг Х.Туяа хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй. Гэхдээ долдугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гарч, тэмээ хариулж явсан тэр өвөлжөө бууц, мал хуйгаа үр хүүхдүүддээ өвлүүлж, малчин удмаа залгамжлуулах нууцхан хүсэлтэй. Бага хүүгээсээ нэгэнтээ “Эцэг өвгөдийнхөө өвөлжөө бууцыг өвлөж, малчин болох уу” гэж асуухад “Эхнэр л мэднэ дээ” гэснээс өөр тоймтой хариу хэлээгүй гэнэ лээ.
Тоос татуулан өмнийг зорьсон “манай хоёр” өчнөөн давхиад эрлээс хоосон ирлээ. Олон замын алинаар нь явснаа үл санаж, нэгэнт зүгээ алдан дүйнгэтсэн Эрдэнэтийн залуу “Утсаа чагнаад хүлээж бай. Одоо хаана гэж хайж явах вэ. Жолооч чинь замд тааралдах машинаас шатахуун аваад утасны сүлжээтэй газар бараадмагцаа чам руу залгах байлгүй” гэсэн хашир өвгөний зөвлөгөөг дагав. Тэр хэрсэн олон замын аль нэгээр найз нь машинтайгаа гараад ирэх болов уу гэж горьдсон бололтой, овоолсон аргалын сүүдэрт өдөржин сууж баруун, зүүнийг харуулдлаа. Говийн хурц илчтэй, шаргал нар баруунтай гудайх үест түүний утас хангинав. Найз нь шатахуун олоод, Цогтцэцийд хүрчихсэн байгаагаа дуулгажээ. Багагүй түвэг удсан, урилгагүй зочноо замын машинд дайчихаад “хоржигнуулж” ирсэн Х.Туяа аанай л урьдын янзаар ханан дахь гитараа шүүрэн авч
Мандах жаргах бүрийдээ
Зэсэн улаан наран
Манхан шаргал говьдоо
Илчээ шингээн уусна...
дахиад л “Тэмээн сүргийн говь”-ио дууллаа. Эгшиг дуутай энэхэн үест “Түүний бага хүү хэзээ ч малчин болохгүй. Уурхайдаа ажилласаар насыг элээх байх. Ингээд нэгэн малчин удмын залгамж тасарна. Уурхайн хаяа бараадсан, говийн ганц айлын шинэ төрх болсон Х.Туяагийнх уул уурхай нүүдлийн соёл иргэншил, өв уламжлалыг аажмаар “залгиж” байгааг, хөдөө аж ахуйн оронд уул уурхай эргэлт буцалтгүйгээр ноёлсныг, тэр нь нийгэм, эдийн засаг, байгаль орчныг хэрхэн өөрчилж буйг харуулах бодит төрх юм даа” гэсэн бодол тархинд зурсхийв. Магадгүй тэр ээдрээт амьдралын энхэл донхлыг мартаж, сэтгэлийн жаргал эдлэх гэсэндээ ийн дуулдаг байж мэднэ.
Бэлтгэсэн: Т.Энхбат, Ж.Сувдмаа