АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Нэш болон албаны бусад хүмүүстэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай хоёр дахь компакт гэрээ байгуулах тухай төгсгөлийн шатны хэлэлцээнд орж, эцэслэв.
Хоёр дахь компакт гэрээний хүрээнд Монголд буцалтгүй тусламж хэлбэрээр орж ирэх 350 сая ам.долларын санхүүжилтийг Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх тухай төсөлд зарцуулах бөгөөд гэрээг талууд хоёр талын дээд хэмжээний айлчлалын үеэр байгуулахаар эцсийн шатны бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Дашрамд, Монгол Улс нь 2008-2013 онд МСК-ийн Нэгдүгээр компакт гэрээний шугамаар 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авч, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, хот орчмын бэлчээрийн менежмент, хөрөнгийн эрх, авто зам, цэвэр агаар зэрэг 6 төслийг амжилттай хэрэгжүүлсэн.