Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын эдийн засгийн чуулган-2018”-ыг нээж үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлийг түүвэрлэн хүргэж байна.
- Бид өмнөх алдаа оноогоо дэнсэлж, цаашид бодлогоо зөв зүйтэй, тогтвортой авч явах вэ гэдгийг ярилцаж дотооддоо ойлголцон, шийдлүүдээ хэрэгжүүлж эхлэх нь маш чухал.
- Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ. Итгэл үнэмшил арилж, эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтийн байдалдаа цэг тавих цаг болсон.
- Бид дотооддоо бодлогоо, эрч хүчээ нэгтгэх цаг болсноор барахгүй бүр оройтчихоод байна.
- Бид урагшаа харж, өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, бүр манлайлж алхах нь туйлын чухал байна.
- Монголтой бизнес хийж болж байна, бизнес хийж болно гэдгийг гадны түншүүддээ тодотгож хэлье. Бид хуулийн хүрээнд асуудлаа шийддэг, байгуулсан гэрээгээ биелүүлдэг.
- Энэ оны эхний байдлаар худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 6.1 хувьд хүрч, гадаад валютын нөөц 3.2 тэрбум долларт хүрээд байна.
- Миний тэргүүлж байгаа Засгийн газар 2.8 их наяд төгрөгийн өрийг барагдууллаа. Энэ бол түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэг төрлийн амжилт. Үүнийг Та бид хамтдаа хийж чадсан.
- Бид бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, макро эдийн засгийн эрсдэлийг бууруулахад онцгой анхаарч байна.
- Бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын орчныг илүү сайжруулах, шударгаар татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг бууруулна. Бид ХҮЧЭЭ НЭГТГЭЖ хамтдаа энэ бүхнийг хийх болно.
- Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэй. Миний зүрх, сэтгэл Монголоо гэсэн Та бүхэндээ ямагт нээлттэй байгааг хэлье.