Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Элизабет Барсак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр орны харилцаа, тэр дундаа гамшигтай тэмцэх болон онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
2010 онд гарын үсэг зурсан Санамж бичиг нь гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг нь арилгах чиглэлээр хамтран ажиллахад чухал түлхэц болсон. Одоо Санамж бичгийг өргөжүүлж гэрээ байгуулах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.
Францын нэр бүхий хоёр компани Онцгой байдлын ерөнхий газрыг нисдэг тэрэгний флоттой болгож, засвар үйлчилгээг нь хариуцах, багийн бүрэлдэхүүнийг сургах, гал унтраах, аврах албаны автомашин нийлүүлэх, гал сөнөөгчдийг сургах төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна. Компаниудын төлөөлөл өмнө нь манай улсад ирж цаг уур, газар нутгийн онцлог, гал унтраах албаны одоо ашиглаж байгаа автомашин зэргийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийжээ.
Францын Засгийн газрын зээлийн санхүүжилт бүхий энэ төслийг нэн даруй хэрэгжүүлж эхлэхэд бэлэн байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв. Зээл нь нэн хөнгөлөлттэй буюу 50 жилийн хугацаатай, 0,25 хувийн хүүтэй байхаар урьдчилан тохиролцсон байна.
Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Гамшигтай тэмцэх газар 2010 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд эрэн хайх, аврах, гамшгийн үеийн удирдлага, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр олон сургалт явуулж иржээ.
Дашрамд дурдахад, 2009 онд болсон үер, 2009-2010 оны зуднаар БНФУ 90 гаруй мянган еврогийн үнэ бүхий дулаан хувцас, хүнсний болон эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, хүнсний тусламж үзүүлсэн юм.