Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судас, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчнүүдийг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйлийн нэг нь сүүлийн жилүүдэд маш хурдацтай нэмэгдсээр байгаа илүүдэл жин, таргалалтын асуудал юм. Үүний улмаас аливаа улс орны эрүүл мэндэд зарцуулах зардал жилээс жилд өсөж, цаашид улам нэмэгдэх хандлагатай байгааг эдийн засагчид нэгэнт тооцоолж, эмч нар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломж байгааг сануулсаар байна.
Илүүдэл жин, таргалалтын асуудал нь зөвхөн насанд хүрэгчдийн дунд нэмэгдсэн төдийгүй дэлхий дээр 5-19 насны 340 сая хүүхэд илүүдэл жин, таргалалттай гэсэн судалгааны дүн гарсан байна.
Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэнд нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнхи архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолжээ.
Манай улсын хувьд хүн амын 25 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлж байна. “Монголын хүн амын хоол тэжээл” Үндэсний тавдугаар судалгааны дүнгээр 6-11 насны сурагчдын 22.2 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна. Илүүдэл жин, таргалалттай байсан нийт хүүхдийн 50 хувь нь амьдралынхаа туршид тарган хэвээр үлддэг гэнэ.
Хэрэв ямар нэг хариу арга хэмжээ авахгүй бол энэ тоо жил бүр нэмэгдсээр байх ба илүүдэл жин, таргалалтын хувь нэмэгдэхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлж байна. Үүнд:
Хооллолтын мэдлэггүй, буруу дадал
Хөдөлгөөний идэвхи хангалтгүй:
ТВ үзэх, компьютер тоглоом, гар утас зэрэг нөлөөлж байгаа бөгөөд мөн судалгаагаар 4 сурагчийн 1 нь өдөр бүр ядаж 60 минутын идэвхитэй хөдөлгөөн хийдэг бол 4 сурагчийн 3 нь идэвхитэй хөдөлгөөн хийдэггүй байна.
Хоол, хүнсний эрсдэлтэй орчин:
Хүүхдүүд хоол, хүнсний эрсдэлтэй орчинд амьдарч байгааг “Сургуулийн хоол, хүнсний орчин: хоол хүнсний зар сурталчилгаа” (2012)-ны дүн баталж байна.Тухайлбал:
- “Үдийн цай”-гаар өгч буй бүтээгдэхүүний 40 орчим хувь нь “эрүүл бус хүнс”-ний ангилалд хамаарах бүтээгдэхүүнүүд байна
- Буфетээр худалдаалж буй нийт 285 нэр төрлийн ундаанаас 240 буюу 85 хувь нь чихэр ихтэй, хийжүүлсэн ундаа байв.
- Сургуулийн ойр орчинд 1459 брэнд бүтээгдэхүүний зар сурталчилгаа илрүүлсэн бөгөөд 92 хувь нь “эрүүл бус” хоол хүнсний зарсурталчилгаа байжээ.