Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Малчдад туслах аян”-д нийслэлийн зургаан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд идэвх санаачилгатай оролцож, тус хүрээнд цугласан 140 сая төгрөгийн бүтээгдэхүүн тусламжийг Баянхонгор, Дархан, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Булган аймгийн малчдад хүргэхээр "Хайрцаг дүүрэн хайрын цуваа" цуваа өнөөдөр нийслэлээс хөдөллөө.
Тус нийгэмлэгээс Монгол Улсад зудын гамшиг 2.5 жилийн давтамжтайгаар тохиож буй энэ цаг үед зорилтот бүлгийн 4500 малчин өрхөд нийт 1.2 тэрбум төгрөгийн тусламж үзүүлээд буй гэнэ.
Нийслэлийн боловсролын газартай хамтран хэрэгжүүлсэн энэхүү аянд ерөнхий боловсролын нийт 75 сургууль, 121 цэцэрлэгийн хүүхэд багачууд оролцжээ. Хандивын аянд Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль, 223 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль, 103 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль, 175 дугаар цэцэрлэг болон Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургууль, 113 дүгээр цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, 211 дүгээр цэцэрлэг, Баянгол дүүргийн Хүслийн өргөө сургууль, 197 дугаар цэцэрлэг идэвх санаачилга гарган, бусдыгаа манлайлан оролцсон байна.
Аяны хүрээнд нийт тусламжийг 200 хүртэлх малтай, орлогын эх үүсвэргүй малчин өрх, 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх, 16 хүртэлх насны таваас дээш хүүхэдтэй малчин өрхөд олгох аж.