ОБЕГ-аас өвөлжилт, хаваржилтын талаарх мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Тус тайланд дурдсанаар өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтоод байгаа бөгөөд ЦУОШГ-аас гаргасан үнэлгээгээр Архангай долоо, Баян-Өлгий нэг, Булган 12, Говь-Алтай дөрөв, Дархан-Уул хоёр, Дорнод нэг, Завхан 18, Орхон хоёр, Өвөрхангай найм, Сүхбаатар 10, Сэлэнгэ гурав, Төв 16, Увс 13 сум, Ховд гурав, Хөвсгөл гурав, Хэнтий хоёр сум буюу нийт 12 аймгийн 66 сум “Цагаан зуд”-тай, 14 аймгийн 41 сум “Цагаанаар зудархуу” байна.
Үүний улмаас энэ өвөл нийт 710 940 толгой мал хорогджээ. Иймд Олон улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр 15000 боодол өвс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Улаан загалмайн байгууллагын дэмжлэгтэйгээр 2000 малчин өрх тус бүрт 240.0 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлж, малын эрдэс, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулжээ. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ““Ганд нэрвэгдсэн бүс нутгийн малчдын амьжиргааг болзошгүй зудын эрсдэлээс хамгаалах эрт арга хэмжээ” төслийн хүрээнд Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Дашинчилэн, Завхан аймгийн Сантмаргац, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Алтанбулаг сумын зорилтот бүлгийн 504 малчин өрхийг хамруулан тооцож нийт 68.845.820 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлээд байгаа аж.