Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас өвөл, хавар хурдан морь уралдуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Үүний дагуу хүйтний улиралд уралдаан зохион байгуулахгүй байхыг аймгийн холбогдох байгууллагуудаас уяачдад анхааруулсан байна. Тус аймагт Хангайн бүсийн хаврын хурдан морины уралдааныг жил бүрийн гуравдугаар сард явуулж хэвшсэн аж. Хэрэв энэ мэт уралдаан зохион байгуулж, түүнийх нь уршгаар хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул эрсдэл учирвал уралдаан зохион байгуулсан уяачдын холбоо, иргэд өөрсдөө хариуцлага хүлээхийг сануулжээ.
“Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц болон үндэсний бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тушаал гаргаж, арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд болсон уралдаануудад хүүхдээр морь унуулахыг хориглосон шийдвэр гаргасан байдгийг баримтлахыг анхааруулъя” гэж тус аймгийн холбогдох албаныхан мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад, Шадар сайд Ө.Энхтүвшин өвөл, хаврын морины уралдаанд зарим зохицуулалт хийх Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулахаар ажиллаж буй аж.