Улс, хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч , ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг 2018.01.15-02.10-ны өдрийг хүртэл 25 хоногийн хугацаанд зохион байгуулж эхэллээ.
Уг арга хэмжээнд Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх зорчигч тээврийн төв, Налайх, Багануур, Багахангай болон 21 аймаг дахь Цагдаагийн газар, хэлтсийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид, Автотээврийн хяналтын улсыг байцаагч, Хөдөлгөөний удирдлагын мэргэжилтэн, тээвэр зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн, зохицуулагч нар хяналт шалгалт хийж ажиллах юм.
Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд:
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, гэрээгүй эсхүл гэрээний хугацаа дууссан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийлгэхгүй байх.
Улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хөдөлгөөнт эргүүлүүдийг ажиллуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг зохион байгуулж,
Налайх, Багануур, Төв аймгийн Өндөр дов болон Лүн, Баянчандмань, Хэрлэнгийн гүүр, Холтын постуудыг дамжин өнгөрч байгаа автозам дагуу цагдаагийн хөдөлгөөнт пост байгуулж, байнгын хяналт, шалгалтын ажил зохион байгуулан ажиллаж байна.
Жолооч та өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмийн дагуу, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: Замын цагдаагийн алба