“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зарим аймаг, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагыг дэвшилт тоног төхөөрөмжөөр хангалаа. Тодруулбал, ЭМЯ, ДЭМБ-ын тусламжаар нийт 114.4 сая орчим төгрөгийн үнэ бүхий LD-3100 загварын 97 центрифуг төхөөрөмж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлд өчигдөр хүлээлгэн өгөв. Уг тоног төхөөрөмж нь цус болон биеийн бусад шингэнийг шинжлэх дээж ялгах зориулалттай бөгөөд нэг удаад 24 сорьц ялгах автомат тохиргоотой, хамгийн сүүлийн үеийн загварынх аж.
ДЭМБ, Солонгосын Олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг хөгжүүлэх нь” төслийг ЭМЯ хэрэгжүүлж буй. Эл төслийн хүрээнд 2017 онд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгаас тус бүр нэг сум, Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс Өрхийн эрүүл мэндийн нэг төв сонгон, нийт 23 нэр төрлийн 310 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, 45 эмч, мэргэжилтнийг сургасан байна. Тэгвэл өчигдөр Увс, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн төвд 52 сая төгрөгийн үнэ бүхий “GeneXpert” тоног төхөөрөмж олголоо. Ийм төхөөрөмжтэй болсноор орон нутагт сүрьеэгийн төгс оношилгоо, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх боломж бүрдэж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ДЭМБ-ын тусламжтайгаар 21 аймгийн 84 суманд центрифуг аппарат олгосноор иргэд заавал хоёр дахь шатлалын эмнэлэгт хандах бус, анхан шатанд шинжилгээ хийлгэх боломж бүрдлээ. “GeneXpert” рентгэн зураг шаардахгүйгээр цэрнээс нь шинжилгээ аваад тухайн хүн сүрьеэгийн халдвар авсан, эсэхийг тодорхойлдог төхөөрөмж” хэмээн ярилаа. Дорноговь аймгийн Айраг сумын Эрүүл мэндийн төвийн дарга Х.Байгалмаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр манай аймагт 80-аас дээш хувьтай хэрэгжиж буй. ДЭМБ-аас шинэ дэвшилт тоног төхөөрөмж өгснөөр иргэд орон нутагтаа шинжилгээ өгч, зардал чирэгдэл багасна” гэв.