Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн цаг уурч Ч.Сарантуяагаас энэ сард тэнгэрийн араншин ямар байхыг тодруулахад:
-Цас ихтэй байгаа төв болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Баруун аймгийн урд хэсэг, Алтайн өвөр говиор дулаавтар байх төлөвтэй. Энэ сард цас бага орох хэдий ч хүйтний эрч нэмэгдэнэ. Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгэ аймгийн зүүн хэсгээр цочир хүйтрэх нь.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар бага зэргийн цастай. Зам даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй. Сарын гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч чангарч, Идэр, Тэсийн хөндий, Дархадын хотгороор шөнөдөө -42-47, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар -32-37 градус хүрч болзошгүй.
-Өдгөө аль аймгийн нутаг цас ихтэй байна вэ?
-Өнгөрсөн сарын сүүлийн 10 хоногт баруун, төв, зүүн аймгийн нутгаар их хэмжээний цас орж, шуурсан. Одоогоор нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтоод буй. Өвөрхангайн Бүрд, Булганы Дашинчилэнд 30-40, Баян-Өлгийн Сагсай, Хөвсгөлийн Галт, Архангайн Хашаат, Булганы Рашаант, Төв аймгийн Эрдэнэ, Баянжаргалан, Мөнгөнморьт, Хэнтийн Баянмөнх, Цэнхэрмандал, Дорнодын Халхгол сумын нутаг 11-20 см зузаан цастай байна.