Орхон аймагт 300 мм-ийн голчтой, дөрвөн метрийн гүнд байрлах цэвэр усны шугам энэ сарын 22-нд задарснаас Согоот баг нийтээрээ буюу орон сууцны 19 байрны 1432 өрхийн 5273 иргэн, VII хорооллын “Надежда”, “Hope town” хотхоны 300 өрх хэрэглээний усгүй, гэрийнхээ жорлонд бие засаж ч чадахгүй дөрөв хоножээ.
“Эрдэнэт ус” компанийнхан газар дээр нь өдөр, шөнөгүй ажиллаж, “Эрдэнэт үйлдвэр”-ээс шаардлагатай техник хэрэгслээр тэдэнд тусламж үзүүлсэн ч гэмтлийг бүрэн засаж дуусаагүй аж. Тиймээс “Эрдэнэт ус” компанийн мэргэжилтнүүд оршин суугчдыг зөөврийн усаар хангаж буй гэнэ.
Орхон аймгийн хэмжээнд цэвэр, бохир усны шугам сүлжээг бүхэлд нь хариуцдаг дээрх компанийн ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн үүнийг механик гэмтэл гэж үзэж буй бөгөөд “Манай аймгийн инженерийн хангамжийн шугам сүлжээ хоттойгоо чацуу, насжилт өндөртэй. Жилд дунджаар 30 гаруй удаа эвдэрч, гэмтдэг. Одоогийн байдлаар гэхэд л инженерийн шугам сүлжээтэй холбоотой таван гэмтэл гараад байна” хэмээв.
“Эрдэнэт ус” компанийн шуурхай үйлчилгээний албаныхантай өчигдөр 15.00 цагийн үед холбогдож, нөхцөл байдлыг тодруулахад “Хэзээ засаж дуусахыг хэлэх боломжгүй. Ямартай ч шугам хаанаа гэмтсэнийг олсон. Хөрөнгө, хүч шаардсан ажил болохоор цаг хугацаа нэлээд зарцуулж байна” гэсэн. Засварын ажил үргэлжилж буйтай холбоотойгоор зарим хороолол, аж ахуйн нэгжийн халуун, хүйтэн усны хэрэглээг ч түр хугацаагаар хязгаарлажээ.