Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд болон сум, багийн иргэдийн төлөөлөл аймгийнхаа Засаг дарга Д.Батсайханыг огцрохыг шаардан энэ сарын 7-нд тайван жагсаал хийх болсноо мэдэгдэв.
Тэдний хэлж буйгаар Засаг дарга Д.Батсайхан нь томилогдсоноосоо хойш мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа эхлүүлээгүй бөгөөд хээл хахууль авч хүмүүсийг албан тушаалд томилж буй гэнэ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд энэ талаар “Д.Бат сайхан өмнө нь аймгийн ИТХ-ын даргын алба хашиж байхдаа албан тушаалаа урвуулан төрийн албан хаагчдад зориулан барьсан таван давхар 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож, 120 гаруй сая төгрөг завшсан. Хууль, хяналтын байгууллага үүнийг нь тогтоосон байдаг. Анхан шатны шүүхээс төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жил хасаж, жирийн дэглэмтэй хорих ангид хоёр жил ял оноосон боловч эцэст нь түүнийг 10 сая төгрөгөөр торгоод л өнгөрсөн. Төрийн алба хашихыг хориглосон хугацаа нь дуусаагүй байхад аймгийн Засаг дарга болчихлоо. Захиргааны ажилчдыг дарамталж, байнга татаас авч баяр, ёслол тэмдэглэдэг байдал манай аймагт энгийн үзэгдэл болсон. Тиймээс бид Д.Батсайханыг огцрохыг шаардаж байна” гэлээ.