Орхон аймагт ИТХ-ын сонгуулийг дахин явуулах болсонтой холбоотойгоор өнөөдөр Mongol news-д мэдээлэл хийлээ.
Тодруулбал 2016 оны сонгуулийн өмнө Орхон аймгийн Ардчилсан нам дотоод зөрчлөөсөө болж “Шинэ ардчилал клуб” буюу тухайн үеийн аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Мягмарсүрэнгийн толгойлж байсан ШАК фракц, нөгөө нь “Шонхор” гэсэн хоёр фракц болон хуваагдаж дотоод зөрчилтэй байсан.
2016 оны зургаадугаар сарын 29-ний өдөр болсон сонгуульд хуульд заасан хугацааны дотор багтаж улс төрийн хүчнүүд аймгийн Сонгуулийн хороонд материалаа бүрдүүлж өгсөн. Гэтэл аймгийн АН-ын хувьд ИТХ-ын 22 тойрог 33 мандатад 66 хүний нэр дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл нэг фракцаас нь 33 хүний нэр бүхий метериал, нөгөө фракцаас нь мөн 33 хүний нэр бүхий материалыг цонхоор шидэж өгсөн байдаг. Эндээс асуудал үүдэлтэй. Нэг хэсэг нь Сонгуулийн хорооны хаалгыг дарж байгаад, цаг харж байгаад өгсөн. Нөгөө нэг нь цонхоор материалаа шидэж өгсөн.
Сонгуулийн тухай хуулийн 155.1-д “…нам тухайн орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлнэ” гэж заасан. 155.2-т “…нам нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн хурлын сонгуулийн тойрог тус бүрт ногдсон мандатын тоотой адил тооны хүнийг нэр зааж нэр дэвшүүлнэ. Нийт нэр дэвшигчдийг тойргийн дугаарын дагуу дугаарласан байна” гэж заасан. Орхон аймгийн ИТХ 33 мандаттай байтал АН тухайн үедээ 33 тойрогт 66 нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн. Энэ үед орон нутагт АН-ынхан эрх барьж байсан. Тухайн үеийн аймгийн Сонгуулийн хороо зөв ажиллаж Сонгуулийн ерөнхий хорооноос зөвлөмж авсан байдаг. Сонгуулийн Ерөнхий хорооноос хариу ирүүлэхдээ “Итгэмжлэл”-д нь тулгуурласан байдаг. АН-ын дарга нь аймаг, дүүргийн намын хорооны даргадаа сонгуульд намаа зохион байгуулж оруулах итгэмжлэл олгосон байсан. Тухайн үед АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд АН-ын С.Сувдаад итгэмжлэл олгосон. Ингээд итгэмжлэгдсэн тал болох С.Сувдаагийн гарын үсэгтэй ирүүлсэн 33 хүний материалыг аймгийн Сонгуулийн хороо хүлээн авсан. Гэтэл тэрхүү 33 хүний материал доторх 15 хүний бичиг баримтын бүрдэл дутуу байсан учир хасагдаж 18 хүн үлдэж сонгуульд нэр дэвшихээр болсон. Гэсэн ч сонгуулийн хороо уян хатан хандаж бүрдэл дутуу18 хүний материалаа гүйцээж өгөхийг зөвшөөрсөн байдаг. Энэ үед Орхон аймгийн АН дотор хоёр фракц маргаан үүсгэсээр шүүхэд хандсан байна. Ингээд АН-ын дотор хоёр фракц шүүхдэлцэхэдээ анхан шатны шүүхээс нөгөө 33-ийг нь бүртгэх шийдвэр гаргасан ч тухайн үедээ сонгууль болоод өнгөрсөн юм.
Ингээд шат дараалан шүүхээр явсаар саяхан Улсын дээд шүүхээс шийдвэр гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүнээс улбаалан Орхон аймагт дахин сонгууль явуул гэдэг шахалт ирж байна. Үүнээс улбаалан зөвхөн нэг нам буюу Ардчилсан намын өөрийнх нь дотоод зөрчлөөс шалтгаалсан будлианаас болж Орхон аймагт дахин сонгууль явуулах, түүний бүх зардлыг улсын төсвөөс гаргуулах асуудал яригдаж байна. Мөн нөгөө талаас сонгуульдаа хуулийн дагуу оролцоод сонгогдсон МАН-ын төлөөлөгчдийн эрх ашиг хөндөгдөж байна.