Монгол Улс ардчиллын индексээр ухарсаар автократ буюу дарангуйллын дэглэмд шилжиж буй орны тоонд ороод байна. Энэ бол хаах, хорихыг л шийдэл гэж үздэг коммунист намыг ес дэх жилдээ төрийн эрхэд залж яваагийн үр дүн. 35 жилийн өмнө олж авсан ардчилсан тогтолцоо, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө хумигдсаар өнөөдөр ийм байдалд хүрчээ. Ардчиллын үнэт зарчмыг хамгаалах сөрөг хүчингүй болгосон энэ цаг үеийг ашиглаж, эрх, эрх чөлөөг нэгмөсөн устгахаар МАНынхан санаархаж буй юм биш биз.
Хууль зүйн байнгын хорооны уржигдрын хуралдааны үеэр гишүүн Ж.Алдаржавхлан фэйсбүүк сүлжээг гурван сарын турш хаах санал гаргав. Тэрбээр “Дуртай нь лайв хийж, юм зардаг, хүн доромжилдог хэрэгсэл болоод байна” гэжээ. Монгол Улс ардчилсан тогтолцоогоо арай алдчихаагүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх Үндсэн хуульд хэвээрээ байгаа. Гэтэл хууль тогтоогч хүн “Хүмүүс дураараар үзэл бодлоо илэрхийлээд байна” гэж ярих нь хэвийн зүйл үү.
ХЯЗГААРЛААД САЙЖРАХГҮЙ
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаар мэдээлэл сонссон юм. 2019-2023 онд 19 хүртэлх насны нийт 253 хүүхэд амиа хорлосон гэсэн эмгэнэлтэй тоог энэ үеэр дуулгасан. Гэхдээ үүний шалтгаан нь 100 хувь цахим хэрэгсэл ашигласан дээрэлхэлт, дарамтаас болсон, үгүйг тогтоосон нарийн судалгаа үгүй. Хүүхдүүдийн ар гэрийн нөхцөл байдал, сэтгэл зүй гээд гол шалтгааныг илрүүлж, түүнд анхаарахын оронд “Тэгвэл цахим платформыг нь л хаачихъя” гэв. Энэ бол МАН-ынхны үндсэн үзэл санаа гэхэд болно. Өнгөрсөн хэдэн жилд ийнхүү хааж, хорьсон маш олон шийдвэрийг тэд гаргасан. Улаанбаатарын автомашины түгжрэлийг бууруулахын тулд орон нутгийн дугаартай машинаас татвар авдаг болоод буй. 48 цагаас дээш зорчвол хоног тутамд 5000 төгрөг авдаг. Нийслэлд өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг гэнэ. Тэгэхээр татвар тавиад хорьчихвол ачаалал буурна гэж үзсэн байх нь. Мөн хотын дарга Х.Нямбаатар автомашины дугаар олгохыг хязгаарласны үр дүнд нь энэ төрлийн бизнес цэцэглэн, үнийн хөөрөгдөл бий болж, хэсэг хүний хэтэвчийг л зузаалж байгаа. Тэг зогсоод ирмэгц тэгш, сондгойгоор нь хязгаарлаад хэдэн сараар ч уг шийдвэрээ үргэлжлүүлнэ. Харин тээврийн хэрэгсэл, авто зам ашигласны татвараа хэд нугалж нэмнэ, гэхдээ ашиглаагүй, яваагүй өдрийг нь ялгаж хасахгүй, заавал бүтэн төлнө. Хязгаарлаж, хорих нь хэсэг хүнд ашигтай, нийтэд хөнөөлтэй байгааг энэ мэт олон шийдвэр нь харуулсаар буй юм.
Гэтэл үүн дээр нэмээд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж, олон улсын фэйсбүүк платформыг хаахыг санаархав. Гишүүн Ж.Алдаржавхлан “Үүнгүй бид амьдраад болоод байсан. Одоо хаахад ямар нөлөө харагдах нь вэ. Гэмт хэрэг буурах нь уу” гэжээ. Хааж, хорихгүйгээр судалгаа хийгээд, дүгнэлт гаргах яам, агентлаг, нэгж манайд мундахгүй олон. Мөн өмнө нь нийгмийн сүлжээ хөгжөөгүй байсан, харин одоо цаг үе өөр болчхоод буй. Дэлхий даяар техник технологийн давуу талыг ашиглан хөгжиж байхад манай улс үүнээс татгалзаж, хөмөрсөн тогоо руугаа буцах ёсгүй. Өмнө нь болоод л байсан юм гэдэг үзлээр хандвал хувийн өмчгүй, эрх баригчдаа шүүмжилж нэг ч үг хэлэх эрхгүй, сөрвөл шоронд ачигддаг нийгэм буцаад ирнэ. Одоо ч ийм хандлага газар авсаар байна. Гэвч гишүүний эл санааг
Боловсролын сайд П.Наранбаяр “Маш сонирхолтой, шинэлэг” хэмээн магтав. Гэхдээ үүнгүй болчихвол дагагч нартаа мэдээллээ яаж түгээх билээ гэж хэсэг гайхширна лээ. Тэрбээр “Энэ туршилтыг симуляцын аргаар хийж болох юм. Бодит байдалд шууд хаах нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбогдож магадгүй учраас болгоомжтой хандах хэрэгтэй” гэжээ. Олон хүн нийгмийн сүлжээ ашиглан үзэл бодлоо хуваалцаж, мэдээлэл түгээхээс эхлээд хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлдэг. Фэйсбүүк бол энэ чиглэлээр маш том талбар болчхоод буй. Бусдыг доромжлох, гүтгэх тухайд холбогдох хуулиараа арга хэмжээ авдаг.
Мөн “Фэйсбүүк дандаа муу муухай мэдээлэл харуулдаг” гэсэн гишүүний үгэнд олон хүн эгдүүцжээ. Та өөрөө ямар мэдээлэл харахыг хүсэж сонгоно, түүнд нь нийцсэн өгөгдлийг санал болгодог алгоритм ажилладаг. Сонголтоо зөв хийвэл гэгээлэг, сайн сайхан мэдээллийг түүж харах, сурч, мэдэх, өөрийгөө хөгжүүлэх олон боломж нийгмийн сүлжээнд бий.
“ЧИГЛЭЛ” ӨГӨХ ХҮНГҮЙ БОЛ ХЭЦҮҮДНЭ
Манай Засгийн газар, УИХ ч ялгаагүй, аливаа шийдвэр гаргахдаа нийгмийн сүлжээнд оролцогчдын байр суурь, саналыг харгалзах нь түгээмэл. Судалгаа, тооцоогүй, гэнэтийн шийдвэр байнга гаргана. Улмаар нийгмийн сүлжээнд иргэд ямар байр суурь, хариу үйлдэл үзүүлж буйг хэсэг ажиглана. Тэгээд таагүй хандлага давамгайлж байвал цуцална. Уг нь эхлээд бодит нөхцөл байдлыг судалж, үүндээ тулгуурлан шийдвэр гаргах ёстой. Харамсалтай нь, судалгаанд тулгуурладаг байх зарчим манай улсад алдагдаад удсан. Судалгаа, тооцоолол гэж бараг байхгүй. Нэг өглөө босоод ирэхэд л автобусны чиглэлийг орвонгоор нь эргүүлчихсэн, хөл, толгой нь олдохгүй болчихсон байдаг. Сонсголон хавийн хүмүүсийг зүгээр л хаячихсан, хааш хаашаа 3-4 буудал алхаж байж хөл дүүжлэх унаа олохоор болгочихсон нь ч бий. Тэнд хүмүүс амьдардаг, олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хотын төвийн А бүсэд байдаг дарга нар төсөөлөөгүй бололтой. Хэдэн өдөр иргэдээ бухимдуулж, ажил, амьдралд нь гай тарьж, хараалгуулж байж нэг юм сэтгэл хөөрлөөр гаргасан өнөөх шийдвэрээ цуцалсан. Ямар сайндаа л иргэд “Юу ч хийхгүй, байгаа юмыг хэвээр нь үлдээгээч” гэж МАН-ын дарга нараас хүсдэг болсон байх вэ.
Тэгэхээр нийгмийн сүлжээ үгүй бол тэд шийдвэрээ хэрхэн хянуулж, “чиглэл” авах билээ. Мөн төрийн бүх байгууллагын ажил фэйсбүүк сүлжээгээр өрнөдөг болсон. Хэвлэлийн албад нь мэдээллээ тусгай групп чатаар дамжуулан түгээдэг. Утсаар ярьж дуулгах, имэйл бичих мэтийн албан ёсны харилцаа бараг ихэнх байгууллагад үгүй. Нийгмийн сүлжээгүй болчихвол тэд минь дарга нарынхаа мэдээллийг хэрхэн дамжуулах билээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын тоо ч олон болсныг хэлэх үү. Улс төрчид хувийн пэйжээрээ дамжуулан хийж буй ажлаа сурталчлан, эгогоо тэжээхээс эхлээд олон “ажил” нь зогсоно. Боловсролын сайд гэхэд л 101 мянган дагагчдаа мэдээллээ яаж түгээх билээ гэж бодож байна шүү дээ. Нийгмийн сүлжээний ач холбогдлыг энэ мэт “ажлын” голдуу харилцаанаас гадна Засгийн газрыг шүүмжилсэн иргэд, УИХ-ын гишүү¬ дийг ч харлуулахад ашигладгийг бүгд мэднэ. Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах төдийд гишүүн Ч.Лодойсамбууг хэдэн долоо хоног тролл армиараа дамжуулан харлуулсан. Нийгмийн сүлжээгүй бол тэр олон тролл ажилгүй болно, Засгийн газрын хар пиар зогсоно. Ерөнхий сайд өөрийгөө ялгаж, “цагааруулж” харагдуулах боломж нь илт буурна. Тэгэхээр хүссэн ч, хүсээгүй ч цаг үе өөрчлөгдөж, нийгмийн сүлжээ иргэдийн ч, төр засгийн ч өдөр тутмын ажил, амьдралын нэг хэсэг болжээ. Үүнээсээ салах эр зориг эрх баригчдад үгүй байх. Иргэдийн дууг хорихтой нь зэрэгцээд өөрсдийнх нь тархи угаах боломж хумигдах учраас тэр. Дэлхийд техник, технологи хөгжиж, түүний давуу талыг олон эерэг зүйлд ашиглаж байна. Гэрэл байхад сүүдэр гардгийн адилаар цахим гэмт хэргээс эхлээд сөрөг зүйлс дагалдах нь мэдээж. Тэглээ гээд улс орнууд бүгд нийгмийн сүлжээгээ хаахгүй байгаа биз. Гэтэл манай улс төрчид л энэ мэтээр дураар авирлах нь өрөвдмөөр. “Мета”, “Юүтүб”, “Тик ток”-ийнхон та нартай ер нь ямар байдлаар харилцдаг юм, асуудал тавихад хэр хурдан хариулж байна” гэж дээрх гишүүн сонирхжээ. Манай улс “Мета” компанитай 2019, “Юүтүб”-тэй 2020, “Тик ток”той 2024 оноос цахим гэмт хэрэг, хууль бус контенттой тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, Ази, Номхон далайн бүс хариуцсан салбарын мэргэжилтэнтэй нь шууд харилцдаг гэнэ. Хотын дарга болчхоод нийслэлийн иргэдийн тэвчээрийг барж буй Х.Нямбаатар өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа “Мета” компанийн Төв Ази хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь халуулах тухай бичиг өргөж явсан нэгэн. Төв Азийн нэг жижиг орны сайд хүсэлт гаргамагц л “Мета” компани нэг захирлаа халчихна гэж бодож чадаж байгаа нь өөрөө их “гэгээлэг” юм даа. Зарим тэнэглэл, дарангуйлах их хүслээ зөвхөн улс дотроо нуугаад л явж байвал уг нь зүгээр байгаа юм, МАН-ынхаан.
С.Туул