Гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэж Сангийн яам болон Монголбанкнаас мэдээлсээр буй ч зах зээлд үүний урвуу үзэгдэл эрчимжиж, ам.долларын төгрөгтэй харьцах ханш тасралтгүй өссөөр байна. Монголбанкнаас зарласан ханшаар “ногоон” өчигдөр 3562 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд 3585-3588 төгрөгөөр худалдан авч, 3600-3605 төгрөгөөр борлуулж байсан юм. Албан ба хар захын ханшийн зөрүү 38-43 төгрөгт хүрэв.
Өнгөрсөн оны сүүлчээр ам.долларын ханш 3400 төгрөгтэй тэнцэж байв. Үүнээс хойш тасралтгүй чангарсаар өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр 3600-гаас ийнхүү давж, төгрөгийн ханш түүхэн доод түвшинд хүрлээ.
Дэлхийн зах зээлд “ногоон”-ы ханш буурч байгаа ч Монгол Улсад эсрэгээрээ эрэлт өндөр, төгрөгийн эсрэг тасралтгүй чангарч буй нь нүүрсний экспорт тасалдсан, олон улсад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан, ам.доллароор төлөх гадаад өрийн хэмжээ үлэмж ихэссэн зэрэгтэй холбоотой. Түүнчлэн манай улс хөрөнгийн биржээр нүүрсээ борлуулж, худалдан авагчдад өндөр шаардлага тавьж эхэлсэн нь үүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Ийм атал Засгийн газар, Сангийн яам, Монголбанкныхан бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөхгүй “Гадаад валютын нөөц хэвийн буй, түүхэн дээд түвшинд хүрсэн” гэх зэргээр илт ташаа мэдээлэл түгээж, эсвэл “Гадаадын орнууд руу аялах иргэдийн тоо өссөнөөс ам.долларын эрэлт эрс нэмэгдсэн”, “Найман шарга”-ынхан “ногоон”-ы ханшийг зориудаар өсгөж байна” хэмээн бурууг бусдаас эрж эхэлсэнд иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандахболсон. Зарим эдийн засагч “Төвбанк ямар ч валютгүй болчихоод Засгийн газрыг “зохиомол тоо”-гоор хангаж байна. Үгүй бол ам.долларын ханш хэдийн буугаад, тогтворжчих байсан” гэхтаамаглал дэвшүүлэв.
Н.Мишээл