Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” жүжгээрээ Унгар улсын Үндэсний театрт болох “MITEM 12” олон улсын нэр хүндтэй театрын наадмыг нээж оролцохоор өчигдөр эх орноосоо хүлгийн жолоо заллаа. Монгол Улс, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ жилтохиож буй бөгөөд түүхэн ойн хүрээнд театрын урлагаар дамжуулан хоёр ард түмний оюун санаа, сэтгэл зүрхийг илүү ойртуулах болсондоо баяртай байгаагаа зохион байгуулагчид онцлов.
Б.Цогнэмэхийн зохиолоор Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын амилуулсан “Тэнгэрийн хүү” туульсын жүжгийг Будапештын олон улсын наадмын хүрээнд толилуулахаас гадна энэ сарын 24-нд Унгарын Үндэсний театрын тайзнаа монголчууддаа зориулсан “Theatre Night” концерт тоглох аж. Энэ үдэш Монголын театрын урлагийн сор болсон уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулж, сонгомол жүжгийн дуунууд, үе үеийн шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах юм байна.
Л.Аргамжин