Орчлон ертөнцийн тайлагдашгүй нууцуудын оньсыг тайлах, хүн төрөлхтний ирээдүйг шинжлэх ухааны “нүд”-ээр тольдох боломжийг олгодог “Science conference-2025” нэгдсэн арга хэмжээг өчигдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэхүү эвент нь ирээдүйн эрдэмтэн, судлаач, инженер, техникчдэд урам зориг, итгэл найдвар, сэдэл санаа өгөх зорилготой, Монголын шинжлэх ухааны салбарын хамгийн том цугларалт болоод буй билээ. Гурав дахь жилдээ болж буй тус арга хэмжээнд өнөө жил 1000 гаруй оролцогч эх орныхоо өнцөг булан бүрээс ирж, шинжлэх ухааны ололт, бүтээл, туршилт, судалгаануудаа танилцуулав. Тэд энэ удаад “Квантын эрин” үндсэн сэдвийн дор нэгдэж, тархи оюуныхаа цангааг ийнхүү тайлцгаан, туршлага солилцон, мэдлэг хуримтлууллаа.
Шинжлэх ухааны ололт амжилт, тэр дундаа квантын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн хүмүүсээр Соёлын төв өргөө өчигдөр дүүрсэн байв. Төв танхимд Монголын сор болсон эрдэмтэн, судлаачид судалгаа, туршилт, нээлтүүдийнхээ талаар илтгэл хэлэлцүүлж, нөхөрсөг маргаан өрнүүлсэн нь олны сонорыг ихэд мялаасан. Мөн өргөөний нэг, хоёр, гуравдугаар давхрын хонгилууд тэр чигтээ хүүхэд, оюутан, залуусын шинжлэх ухааны үзэсгэлэн, бүтээлүүдээр “амилсан” нь хүмүүсийн нүдийг хужирлана лээ. Тэд нарны аймаг, дагуул гараг, од, эрхэс, орчлон ертөнцийн зүй тогтол, ургамал, амьтан, ус, агаар, байгалийн хууль, эрүүл мэндийн шинжлэх ухааны ололт амжилт гэхчлэн юмс үзэгдлийн талаар хүмүүст сурталчлан таниулахдаа бодит үзүүлэн дээр төрөл бүрийн арга, загвараар сонирхолтой туршилтууд явуулж байсан юм.
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд оронорныэрдэмтэд квантын “хаалгыг” нээж, түүгээр олон гайхамшгийг бүтээсээр ирсэн. Тэгвэл квант физик гэж юу вэ, үүний хариултыг онолын физикч Б.Билгүүний илтгэлээс иргэд хамгийн товч бөгөөд цэгцтэй ойлгож авсан гэдэгт итгэлтэй байна. Харин классик физикт захирагдах манай ертөнцийн зарим нэгэн нууцыг квант физик тайлсаар байгаа. Тэр тусмаа квант компьютер олон салбарт хүчээ авч, ирээдүйд улс орнуудын мэдээллийн аюулгүй байдал энэ технологид тулгуурлах ба улмаар квант криптограф эрчимтэй хөгжихийг ШУА-ийнМатематик, тоон технологийн хүрээлэнгийн Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч Б.Отгонсувд “Квант криптограф: Тоо юу, сүлд үү” илтгэлээрээ “зөгнөв”.
Мөхсөн амьтдыг буцаан амилуулах нь саяхныг хүртэл уран зөгнөл байсан. Тэгвэл шинжлэх ухаан асар хурдан хөгжиж, молекул биологи ба генетик инженерчлэлийн салбар гайхамшгийг бүтээсээр буйг “Юрийн галавын цэцэрлэг айсуй юу” сэдвийн хүрээнд МУИС-ийн Биологийн тэнхимийн доктор, дэд профессор Д.Лхагвасүрэн, анагаах ухааны доктор, дэд профессор Э.Одхүү нар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн БНСУ-ын Чэжүгийн үндэсний их сургуулийн Байгалийн ухааны факултетийн “Квант космологийн групп”-ийн судлаач, доктор Т.Гансүх орчин цагийн шинжлэх ухаанд асуултын тэмдэг хэвээр буй “Харанхуй энерги гэж юу вэ” илтгэлээрээ сүүлийн үеийн судалгаануудынхаа үр дүнг танилцууллаа. Түүнчлэн хүн төрөлхтөн удамшлын өвчнийг төрөхөөс нь өмнө эмчилж, амьдрах хугацааг нь уртасгахын сацуу ховордон устаж буй зүйл организмыг аварч, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуйц үр тариаг гарган авах боломжтой, эсэхийг доктор Ө.Болортуяагийн илтгэлээс, эдгэшгүй хүнд өвчнүүд, хорт хавдар, хөгшрөлт, нөхөн сэргээгдэхгүй гэмтлийг эмчлэхэд хүний эс ямар чухал үүрэгтэйг АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн багш, доктор Ч.Гансүхийн илтгэлээс, “Квант компьютер, хиймэл оюун хамтарвал яах вэ” сэдвээр хиймэл оюун ба квант компьютерын салбарт ямар “дайн” өрнөж буйг, хэрэв хиймэл оюуныг квант компьютерт хөгжүүлбэл юу болох талаар МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Ц.Гантөмөр болон “Болорсофт” компанийг үүсгэн байгуулагч, программ хангамжийн архитектор С.Бадрал нарын ярилцлагаас иргэд олон сонирхолтой мэдээллийг олж сонссон юм.
Мөн Бархасбадийн дагуул Европа руу хөөрсөн шинэ аянчны талаар, сансарт хөвөх солироос багагүй хэмжээний дээж авчирсан “Osiris rex”-ийн тайлан, аварга том оддыг савх шиг барьж авсан инженерийн гайхамшиг, ийм хурдан бодит болно гэж төсөөлөөгүй квант чипүүдийн тухай салбарын судлаач, эрдэмтэд хүүрнэсэн. Арга хэмжээний хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг нь “Change my mind” бөгөөд дээрх хэлэлцүүлгийн явцад тэнд цугларсан олны хэвшмэл ойлголт эвдэгдэж, бодол санаа, ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгдөн, аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах ёстойгоо бага ч болов ухамсарладаг нь хамгийн үзүүштэй гэж зохион байгуулагчид онцоллоо.
М.Гэгээ