Хүн амын өсөлтөд “хуруу шил” ч хамаатай. Үүнийг дэлхий нийтээр хэдийн хүлээн зөвшөөрч, үр шилжүүлэн суулгах эмчилгээг олон улсад өргөн нэвтрүүлээд буй билээ. Эл аргаар төрсөн дэлхийн анхны хүүхэд өдгөө 50 гаруй настай аж. Өөрөөр хэлбэл, үр шилжүүлэн суулгах эмчилгээг хүн төрөлхтөн нэвтрүүлээд хагас зуун жил болжээ. Харамсалтай нь, манай төр засгийнхан өнгөрсөн хугацаанд анагаах ухааны энэхүү оргил эмчилгээг улсын эмнэлгүүддээ нэвтрүүлэх, бодлогоор дэмжих ажилд хойрго, сэтгэлгүй хандсаар ирэв. Нөхөн үржихүйн насныхны дунд олон шалтгаанаар үргүйдэх өвчин газар авсаар буй өнөө үед ганц, хоёрхон эмнэлэг л төрийн ачааг сүүлийн 10 гаруй жил нуруундаа үүрч ирсэн нь үнэн.
Цөөн хэдэн сэтгэл зүтгэлтэй эмч нарын ачаар үр шилжүүлэн суулгах эмчилгээ манайд нэг үеэ бодвол харьцангуй тогтворжсон. Тэгвэл энэхүү дэвшилтэт аргыг дагаад олон улсад хамгийн эрэлттэй болсон нэг үйлчилгээ нь үрийн банк билээ. Энэ нь үргүйдэх өвчний улмаас шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэхээс өөр асуудал л даа. Орчин цагт эмэгтэйчүүд өндөр боловсролтой, нийгэмд эзлэх байр суурьтай, эдийн засгийн хувьд ч бие даасан байхыг илүүд үзэх болсон. Тэр хэрээр гэрлэх, хүүхэд төрүүлэх нас нь оройтох болсныг эмч нар хэлж буй. Эрчүүд ч хүүхдээрээ аав болохыг хүсэхгүй, ажил, амьдралаа төвхнүүлсний дараа хариуцлагатай эцэг байхыг илүүд үзэж байна. Ийм тохиолдолд гэр бүлээ төлөвлөх боломж нь үрийн банк юм.
Ид хөдөлмөрлөх насандаа хүүхэд төрүүлэх цаг завгүй хосууд нас залуу, цус шингэн байхдаа бэлгийн эсээ үрийн банканд хадгалуулж, боломжтой үедээ түүнийгээ шилжүүлэн суулгуулдаг. Уг үйлчилгээг Монголд анх нэвтрүүлсэн эмнэлэг бол үргүйдлийн оношилгоо, эмчилгээг цогцоор нь хийдэг “Юнимед интернэшнл”-ийнхэн юм. Үүний дараа буюу 2015 онд ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл, нөхөн үржихүйн төвийнхөн үр шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлсэн байдаг. Тус төвөөр үүнээс өмнө нь жилд дунджаар 2000 гаруй хүн үйлчлүүлдэг байсан бол уг аргыг нэвтрүүлснээс хойш ачаалал нь 4-5 дахин нэмэгдсэн аж. Үрийн банк нь гэхэд л 2015-2020 онд хөлдөөсөн 300 орчим эс хадгалж байсан бол түүнээс хойш жил бүр 40-50 үр хөврөлөөр “бүл” нэмдэг болжээ. Тэдний зөвлөж буйгаар өндгөн эс залуу байх тусмаа үр хөврөл үүсгэх чадвар өндөр, чанар нь сайн байдаг. Үрийн банканд өндгөн эсийг -196 хэмд 10-аас дээш жил чанарыг нь алдуулахгүй хадгалдаг гэвэл та итгэх үү. Үрийн банканд эсээ хадгалуулсан залуу хосын нэг нь автын ослоор амиа алдсан ч эхнэр нь нөхрийнхөө спермийг шилжүүлэн суулгуулж, хүүхэдтэй болсон тохиолдол Монголд бий гэнэ. Энэ мэт эрсдэл, мөн хожуу насанд жирэмслэхэд тохиолддог өөр олон асуудлыг үрийн банк шийдэх болжээ.
“Юнимед” эмнэлгийнхэн ч үр шилжүүлэн суулгах оношилгоо, эмчилгээ, үргүйдэл, үрийн банктай холбоотой мэдээллийг иргэдэд нээлттэй өгдөг. Тэд “Эр бэлгийн эс, төмсгийн эд, өндгөн эсийг чанарыг нь алдуулахгүйгээр удаан хугацаагаар хадгалах технологийг үрийн банк гэж нэрлэдэг. Бэлгийн эсийг -196 хэмийн шингэн азотод хөлдөөдөг. Ямар тохиолдолд иргэд эл үйлчилгээг авах хэрэгтэй вэ гэхээр хавдрын туяа, химийн эмчилгээ хийлгэхээс өмнө, чихрийн шижин, дархлааны өвчтэй, өндгөвч болон төмсгийн хагалгаанд орохоос урьтаж бэлгийн эсээ банканд хадгалуулахыг олон улсад ч зөвлөдөг. Ирээдүйд үр шилжүүлэн суулгуулахаар хадгалж буй таны эс залуу, өндөр чанартай байхаас гадна гэнэтийн золгүй явдлаас урьдчилан сэргийлэх давуу талтай. Хөлдөөсөн эмбрион шилжүүлэн суулгаж, жирэмслэхэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Ерөнхийдөө “хуруу шил”-ний аргаар мэндэлсэн хүүхдүүд бусдын л адил. Эхнэр, нөхрийн бэлгийн эсийг лабораторийн орчинд үр тогтоож, умайд шилжүүлэн суулгаж буй л үйл явц шүү дээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид 8000 гаруй гэр бүлд аз жаргал бэлэглэсэн. Нөгөө талаас бүр боломжгүйд нь хий хоосон найдвар төрүүлж, итгэлийг нь эвдэхийг хүсдэггүй. Онош тогтоосон л бол “болно, бүтнэ”, эсвэл “болохгүй, бүтэхгүй” гэдгийг үнэнээр нь хэлчихдэг. Энэ бол тангараг өргөсөн эмчийн ёс зүйн л асуудал юм” гэлээ.
Шинжлэх ухаан, техник, технологи асар хурдацтай хөгжиж, дэлхийн бөөрөнхий бус, хавтгай болчхоод буй өнөө үед манай төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад үргүйдлийн эмчилгээ, үйлчилгээг өргөн нэвтрүүлэх шаардлага үүсээд буй юм байна. Учир нь хүн амын нөхөн үржихүйн насныхны 8-10 хувь нь үргүйдэх өвчтэй гэсэн тойм судалгаа бий. ДЭМБ-ын томьёолсноор тогтмол бэлгийн харьцаанд ордог хосууд жилийн хугацаанд хүүхэдтэй болохгүй байхыг үргүйдэлтэй гэж үздэг. Үрийн банк бол энэ төрлийн эмчилгээний нэг л хэлбэр буюу эс хадгалах үйлчилгээ гэдгийг эмч нар хэлсэн. Үүнээс гадна өндгөвч сэдээж, жамаараа жирэмслэх боломж олгодог OITI, угаасан эр бэлгийн эсийг умайд цацах IUI, үр шилжүүлэн суулгах IVF зэрэг эмчилгээний аргыг дэлхий нийтээр ашиглаж буй.
Харин манай улсад эмэгтэйчүүдийг 37-гоос дээш насанд амаржихыг эрсдэлтэйд тооцож, аль болох жирэмслэхгүй байхыг зөвлөж буй. Шалтгаан нь хожуу төрөлтөд аутизмын эмгэг болон дауны синдромын эзлэх хувь нэмэгддэг, бусад ургийн гажиг үүсэх магадлалтай гэж үздэг учраас тэр аж. Гэвч үргүйдэх өвчтэй болон оройтож гэрлэсэн хосуудыг “хөгширсөн хойноо хүүхэд төрүүлж болохгүй” хэмээн хорьж цагдах нь хүний эрх талаасаа ч байж боломгүй харгислал. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд л шинжлэх ухаанчид зогсоо зайгүй ажиллаж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний ололт, дэвшлийн ачаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалтай гэр бүлүүд өнөөдөр үрийн зулай үнэрлэх боломжтой болоод буйг дээр дурдсан.
Монголд өдгөө үр шилжүүлэн суулгах эмчилгээг 4-5 эмнэлэгт хийж буй. Гэсэн ч үйл ажиллагаа нь төдийлөн тогтворжоогүй, зарим нь үйлчлүүлэгчдийнхээ зовлонд дөрөөлж бүртгэлгүй эм, тариа зарж борлуулсан, залилсан, бизнес болгосон асуудлаар хуулийн байгууллагуудад хүртэл шалгуулж, эрхээ хасуулсан нь бий. Тиймээс иргэд үйлчлүүлэх эмнэлгээ сайн судалж, сонгох, үр шилжүүлэн суулгах эмчилгээний амжилт, хувийг нь харгалзах шаардлагатай аж. Эрүүл хосууд нэг удаагийн бэлгийн хавьтлаар хүүхэдтэй болох магадлал 25 хувьтай байдаг бол үр шилжүүлэн суулгах эмчилгээний дэлхийн дундаж амжилт 30-35, зарим улсад 50 хувьд хүрсэн гэнэ.
Анагаах ухааны доктор, профессор Р.Хадбаатар “Үр тогтох магадлалыг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн үр хөврөлийг эхийн умайд суулгадаг. Эмэгтэйчүүдийн нас ахих тусам жирэмслэх магадлал нь буурдаг. Тиймээс 38-аас дээш насны, эсвэл өмнө нь үр шилжүүлэн суулгуулаад амжилтгүй болсон тохиолдолд тухайн үйлчлүүлэгчид үр тогтсон өндгөн эс гурвыг шилжүүлнэ. Үр хөврөлүүд амжилттай тогтвол гурав, хоёр нь бэхлэгдвэл хоёр ихэр хүүхэд төрнө л гэсэн үг. Ерөнхийдөө 35-аас дээш насанд өндгөн эс хөгширч, гадна талын тунгалаг бүрхүүл нь зузаарч, тэр хэрээр умайд бэхлэгдэх магадлал нь багасдаг. Энэ тохиолдолд лазераар тунгалаг бүрхүүлийг нимгэлэх эмчилгээг хийнэ. Ер нь үргүйдлийн эцсийн оношилгоог дурангаар хийлгэх нь хамгийн тохиромжтой. Ингэснээр аарцгийн эрхтэн тогтолцоо, наалдац, сувгийн битүүрэл, хавдар бий, эсэх, өндгөн эсийг татаж авах боломжтой, үгүйг оношилно. Монголд үргүйдлийн шалтгаан эрэгтэй, эмэгтэй хүйсэд тэнцүү хувьтай болсон. Гол шалтгаан нь үрэвсэлт болон бэлгийн замын халдварт өвчин, дотоод шүүрлийн өөрчлөлт, эрчүүдийн хувьд гэмтэл бэртэл ч нөлөөлдөг. Үүний улмаас бэлгийн эсийн нөөц шавхагдсан бол донороос шилжүүлэн суулгаж болдог. Сүүлд шинэчилсэн, Донорын тухай хуулиар хүүхдийн хүйс захиалахыг “хориглосон”. Энэ нь хэтдээ хүйсийн тэнцвэрт байдлыг алдагдуулах аюултай. Түүнчлэн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн оргил нас нь 28 гэж үздэг. Түүнээс хойш танд ямар нэгэн асуудал гарвал аль болох эрт үед нь оношлуулж, цаг алдахгүй эмчилгээ хийлгээрэй” хэмээн зөвлөсөн. ТэгвэлЭХЭМҮТ-ийн Үргүйдэл, нөхөн үржихүйн төвийн эрхлэгч Н.Алгирмаа “Улсын эмнэлэгт үр шилжүүлэн суулгах цор ганц төв байдаг нь манайх. Өнгөрсөн хугацаанд нөөц боломждоо түшиглэн үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулж ирсэн. Гэсэн ч эмчилгээний амжилт, чанар төдийлөн ахихгүй байгаа нь тоног төхөөрөмжийг өнгөрсөн хугацаанд нэг ч шинэчлээгүйтэй холбоотой. Тэгэхэд олон улсад үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүн жил ирэх тусам нэмэгдсээр зарим улсад хоёр оролдлого тутмын нэг нь амжилттай болж байна. Харин манай төвд 10 оролдлого тутмын 1-2 нь л “байгаа” онодог. Адаглаад төр засаг үргүйдлийн тархалтын судалгаагаа ч үндэсний хэмжээнд одоо болтол хийгээгүй. Энэ төрлийн тусламж, үйлчилгээ үндсэндээ орхигдсон. Гэтэл нөгөө талд жил бүр 8-9 мянган хүн манай төвд хандсаар л байдаг. Эрэлт энэ хэрээр өндөр байна гэсэн үг шүү дээ” хэмээн ярилаа.