Монгол, Франц улс хамтран хэрэгжүүлж эхэлж буй уран олборлох төслийг хэрэгжүүлэгч “Бадрах энержи” ХХК-ийн удирдлага өчигдөр үүнийг эсэргүүцэгч иргэдийн төлөөлөл болсон 14 хүнтэй 14.00 цагт уулзсан юм. Эсэргүүцэгч иргэд “Нэг аймаг тэр чигтээ хордсон. Олон хүний амь, эрүүл мэнд хохироод байна. Тийм учраас Монголоос зайл” хэмээсэн. Харин Дорноговь аймгийн Улаанбадрах сумд “Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлэгч “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард “Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоогоод 60 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын хувьд гуравдагч хөрш гэгдэх оронтой хэрэгжүүлж буй стратегийн ач холбогдолтой хамгийн том төсөл бол энэ юм. Бид үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд 100 гаруй зөвшөөрөл авсан” хэмээн тайлбарласан.
Гэвч энэ уулзалт уран эсэргүүцэгчдийн таалалд нийцээгүй бөгөөд тэдний нэг эмэгтэй нь “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдан толгой, нүүр рүү цохиж, “Чамайг алчихъя л даа” хэмээн давшилж цамцаар нь боомилох оролдлого хийсэн юм. Цагдаагийн байгууллагад энэ талаарх дуудлага мэдээлэл өчигдрийн 14.40 цагийн үед ирсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн ажилтнууд тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дахь “Ай си си тауэр” барилгад очиж болсон явдлыг тодруулахаар ажиллалаа. Дээрх хүмүүс “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас гадна Хөдөлмөрийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалал, орон нутаг хариуцсан захирал Ц.Энхжаргалын биед мөн халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан аж. Дугаар шилжих мөчид Марк Мелеард, Ц.Энхжаргал нарын биед халдсан цагаан цувтай эмэгтэйг хэн болохыг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байсан юм.