Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, хор нөлөө жилээс жилд нэмэгдэж буй. Үүнд манай улсын малчид хэр бэлтгэлтэй байгаа, орон нутгийн иргэдийн ахуй амьжиргаанд ган, зуд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх зорилготой “Шилжилт хөдөлгөөн ба уур амьсгалын өөрчлөлт” судалгааг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), байгаль орчин, тогтвортой хөгжлийн “Паблик лаб Монгол” төрийн бус байгууллага хамтран хийжээ.
Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт хамгийн их өртсөн Завхан, Төв, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн малчдыг судалгаанд хамруулахад 41 хувь нь ган, зудыг даван туулах бэлтгэл, чадамж сайн, 59 хувь нь дунд, муу гэж хариулжээ. Санал асуулгад Хөвсгөлөөс оролцсон малчдын 72, Төв аймгийнхны 79, завханыхны 84, сүхбаатарынхны 94 хувь нь гамшгийн улмаас ямар нэгэн байдлаар хохирол амсаж, амьжиргааны эх үүсвэрээ алдан, өрхийн санхүү нь муудсан гэжээ. Судалгаанд оролцогчдын 53 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь уур амьсгалын өөрчлөлт шилжилт хөдөлгөөний гол шалтгааны нэг гэж үзсэн байна. Сүхбаатар, Завхан, Хөвсгөлийн гурван малчин тутмын нэг, Төв аймгийн дөрвөн малчин тутмын нэг нь нүүх, шилжих бодолтой хэмээжээ. Малчид төв суурин газар бараадахад, үе удам дамжин нутаглаж ирсэн газраасаа нүүхэд байгаль, цаг уурын өөрчлөлт зонхилон нөлөөлдөг бол ажлын байрны хүртээмж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, дэд бүтцийн хангамж зэрэг нь хоёрдогч шалтгаан болдгийг дурджээ. Түүнчлэн байгаль, цаг уураас улбаатай эрсдэлээс үүдэн мал маллах уламжлалт арга барил ихээхэн өөрчлөгдөж, байгалийн нөөц, бэлчээрийн хомсдол тулгамдсан асуудал болж буйг орон нутгийн иргэд хөндсөн байна.
Ж.Сувд