Монгол Улсад өдгөө нэг сая 196 мянган хүн ажил эрхэлж байгаагийн 563 мянга нь эмэгтэйчүүд. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48.6 хувьтай байгаа нь хөгжингүй орнуудтай харьцуулахад бага үзүүлэлт аж. Судалгаагаар Ази, Номхон далайн орнуудын эмэгтэйчүүд дэлхийн бусад улстай харьцуулбал дөрөв дахин их цагийг үнэ төлбөргүй асрахуйн ажилд зарцуулдаг байна. Ажиллах хүчний харьцаан дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 26 хувиар өсгөх боломжтой гэсэн тооцоолол гарчээ.
Улсын хэмжээнд 2024 оны байдлаар 15 аймаг, зургаан дүүргийн Хүүхэд харах үйлчилгээний төвд 315 асрагч эмэгтэй ажилладаг бөгөөд цаашид асрахуйн эдийн засгийг хөгжүүлж, бүсгүйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг бий болгох шаардлагатай байгаа аж.
Л.Чимэг