Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулсан “Үндэсний дээд лиг”-ийн 17 дахь удаагийн тэмцээний медалийн төлөөх тоглолтууд ширүүхэн болж, багууд ана мана өрсөлдсөн. Хүрэл медалийнтөлөөх тоглолтод Я.Бэгз ахлагчтай “Итгэлт санхүү грүпп-мастерс” клубийнхэн “УБ синема” багийг 2:0-ээр хожиж, хүрэл медалийнэзэн боллоо. Тэгвэл үзэгчдийн анхаарлыг татаж, түрүүлэх магадлалтайд тооцогдож буй “Төмөрт өргөө”, Сүхбаатар аймгийн “Цайрт минерал” багийнхны тоглолтын харьцаа 1:1 болж тэнцсэн. Шигшээ багийн тамирчдаас гадна ур чадвартай, туршлагатай шилдгүүдээр хүч сэлбэсэн хоёр багийн аль нь түрүүлж, аваргаар тодрохыг алтан медалийн төлөөх өрсөлдөөн харуулах нь. Улирлын хоёр тойргийн тоглолтод эмэгтэй тамирчдын чансааг Г.Болор-Эрдэнэ 35 оноогоор тэргүүлж, түүний ард М.Ундрам (33), Ө.Балжинням (30) жагсаж байна. Эрэгтэйчүүдээс М.Манлайжаргал мөн 35 оноогоор жагсаалтын эхэнд бичигдсэн бол А.Билгүүн дэд (33) , М.Тэмүүлэн III байрт (32) эрэмбэлэгдлээ.