Одоогоос 19 жилийн өмнө буюу 2006 оны есдүгээр сарын 20-ны лхагва гарагийн №221 (2875) дугаарт “Монгол ньюс” ХХК-ийн 10 жилийн ойд зориулсан “Хөл бөмбөгийн талбай дахь “Өнөөдөр”-ийнхөн нийтлэлийг дахин хүргэж байна. “Таванцагариг” сонины сэтгүүлч Ж.Баяржаргал энэхүү хөгжилтэй нийтлэлийг бичиж байсан юм.
Германд болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дуулиан татраагүй байна. Ганачууд танк мэт дайрч, бразил залуус хүүхэд шиг уйлж, Зидан нутгийн индиан адил хүн мөргөж унагаж байсныг мартах болоогүй. Хамгийн сонирхолтой нь энэ үеэр “Монгол ньюс” компанийнхан ч нэлээд ширүүн “доргиж” байсныг одоо болтол авах цалингүй гуяа ганзагалж яваа сурвалжлагч Б, хамаг цалинг нь хуу хамсан С нарын бодит амьдрал бэлхнээ харуулж буй. “Монгол ньюс”- ийнхэн ногоон талбайд биш, цагаан цаасан дээр бооцоо тавин өрсөлдсөн энэ наадмын үеэр дээрхийнх шиг дайрсан дайруулсан, уйлсан уйлуулсан, мөргөсөн мөргүүлсэн зүйл гараагүй ч шарх сорви зөндөө үлдсэн юм.
Хөл бөмбөгийн давтагдашгүй уур амьсгалд автсан “Өнөөдөр” сониныхон ногоон талбайг тойрсон асуудлаар ширүүн мэтгэлцэж, хэн нь ширэн бөмбөгний шилдэг мэргэжилтнээ харуулах гэсэн шиг бооцоо тавьж байлаа. Хамаг мөнгөө хайртай багтаа даатгасан нэг нь харамсалтай байдлаар ялагдахдаа “Би тэрний оронд байсан бол гоол хийчих байсан юм” хэмээн толгойгоо шааж суусан удаатай. Зургаан сарынхаа цалинг гурван сарынхаа шагналын 50 хувьтай хамт 90- хэн минутын дотор тавиад туучихсан хүн тэгж суухаас ч яахав. Хамт ажилладаг нөхрөө авгай, хүүхэдтэй нь идэх хоолгүй шахам болгочихсон, бага гэхээргүй зоос халаасалсан нөгөөх нь юу ч болоогүй мэт баяр жаргал, бахархалдаа багтарч явахыг харах нүд халтирмаар юм билээ.
Ийнхүү хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуусаад хоёр cap өнгөрсний хойно бооцоонд дийлдсэн, дийлэгдсэн хамтаараа ногоон талбайд гарч, амьдрал дээр хэн нь юу чаддагаа батлан харуулах сонирхолтой мөч ирээд байна. Арван жилийнхээ тэгш ойтой золгож байгаа “Өнөөдөр” сониныхон түүхт өдрийнхөө баярын арга хэмжээний нэг болгож дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдгийн шилдэг хөл бөмбөгчдөөс бүрдсэн “Бэлгэдлийн шигшээ баг”-тай нөхөрсөг тоглолт хийхээр тов тогтоосон нь өнөөдөр юм.
Би бээр тус тоглолтыг сурвалжлах эрхийг үнэ хаялцан байж, тендерээр авсан цорын ганц сэтгүүлч болохоор “Өнөөдөр”-ийнхөн багаа хэрхэн бүрдүүлж, дасгалжуулагчаа яаж сонгосон талаарх мэдээллийг үг, үсэг, цэг тэмдгийн зөрүүгүй түгээх үүрэг хүлээсэн юм.
Багийн бүрэлдэхүүний сонголтоос өмнө түүнийг удирдах хүнийг томилох ажил хамгийн ярвигтай нь байдаг. Тиймээс “Өнөөдөр”- ийнхөн үүн дээр нэлээд нухацтай хандаж, хэдэн өдөр долоон давхар хэсэн хэлэлцсээр хэд хэдэн хүний нэр дэвшүүлсэн нь “Монгол ньюс” ХХК-ийн захирал Ц.Балдорж, Реклам, сурталчилгааны албаны дарга Б.Бунд, Гэрэл зургийн албаны дарга Р.Чулуун, тоймч И.Рэнчинханд нар байлаа. Ингээд нууц санал хураалтаар Б.Бундыг ахлахаар, Р.Чулууныг туслах дасгалжуулагчаар томилжээ. Харин үлдсэн нэр дэвшигчдийг тоглолтод оруулахаар шийдвэрлэсэн нь тэдний угийн спорт булчирхайтай холбоотой аж. Ц.Балдорж “Монгол ньюс” ХХК-д анх ажилд орохдоо л драфтын буюу сонгон шалгаруулалтын №1 волейболчноор тодорч, тэр чанараа он удаан жил хадгалсаар ирсэн тул хөл бөмбөгийн хоёрдугаар давхарт найдвартай тоглох нь дамжиггүй гэж үзсэнээс түүнийг талбайд шууд гаргах болсон биз ээ. Энэ зуур нэг жижигхэн сонин дуулгахад дасгалжуулагч Б.Бунд, Р.Чулуун нар түүнд “Гараараа тоглочихов доо” гэж аминчлан захиж байх нь харагдсан. Насаараа волейбол нүдсэн хүн хөл бөмбөгийг бариад авахад үгүй гэх газаргүй л дээ. И.Рэнчинханд ах харааны шил зүүдэг тул андуураад талбайгаас гараад алхчих вий гэж хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Сарангэрэл тэргүүтэй шигшээ багийн Удирдах зөвлөлийн гишүүд санаа зовниж байна лээ. Рэ ахыг багт заавал тоглуулах ёстой гэсэн байр суурийг “Weekend” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Ю.Төгсжаргал хатуу баримталж байсан нь тэд адилхан нүдэндээ шилтэй, “Давхар нүдтэний холбоо”-г үүсгэн байгуулагчид болохоор аргагүй биз ээ.
Эцсийн дүнд Удирдах зөвлөлийнхөн Рэ ахын ширээний теннис тоглох үедээ зүүн талаасаа хүчтэй довтолж, оноо түүдэг статистик үзүүлэлтийг нь харгалзан, багийн хагас хамгаалалтын зүүн жигүүрт тоглуулахаар тогтов. Хуралд оролцсон гишүүдээс сураг сонсоход тэд түүний зүүн гараараа даацтай цохидог чанар зүүн хөлөнд нь бас байх ёстой гэж үзсэн гэнэ.
Багийн бусад бүрэлдэхүүнийг бүрдүүлэх ажил эхлэхэд хаалгачийн байрлалд Реклам, сурталчилгааны албаны ажилтан Ч.Жавзанхорлоогийн нэр өрсөлдөгчгүйгээр сонгогдов. Ганц нэг хүмүүс түүнийг 160 см-ээс доош өндөртэй хэмээн гоочилж байсан ч ихэнх нөхөд түүний хурдан шаламгай, хөдөлмөрч чанарыг үнэлж байв. Ялангуяа дөрвөн давхраас хашгирахад нэг давхарт явж байгаа хүний чихэнд хүртэл ханхийн цуурайтдаг хангинуур хоолой нь балиашгуудын чих дөжрөм шуугианы үед талбайн тоглогчдоо удирдахад тустай гэж үзсэн байна.
Нөөц хаалгачаар “Лэйбор”-ын сахал Б.Даваажавыг нэрлэсэн. Аргагүй л дээ. Хамт олонтойгоо хааяа салхинд гарахдаа босоо төмөр шон л харагдвал очоод зогсчихдог, уяулж сурсан хурдны морь шиг хүн юм чинь. Гэхдээ үүнийх нь төлөө өрөвдөөд багт авсан гэвэл эндүүрэл болно. Олон удаа багаа хожигдлоос аварч, шагналын тавцанд аваачиж байсан гавьяаг нь үнэлсэн хэрэг. Уг нь тэр үндсэн хаалгач байвал байхаар хүн л дээ. Өндөр нь Жавзаагаас хамаагүй илүү буюу 161 см. Гэвч талбайд тамхи татдаг зуршлаасаа болж улаан хуудас хүртэх магадлал өндөр байгаа юм. Хэзээ ч билээ дээ, манайдаа л Коллина-д дөхөж очих Ц.Балдорж шүүгч олон нийтийн газар ёс бус авирлаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж чадсангүй гэж түүнд улаан хуудас өгч байсан юмдаг.
Хамгаалалтын шугамд Реклам, сурталчилгааны албаны дарга Н.Оюунчимэг, түүний цэрэг “Өндөр” хэмээх Ц.Энхцэцэг, “Монгол ньюс”-ын найман давхар байрны дарга, найман шарга Г.Сүхбаатар, макетчин Б.Ариунаа нар дэвшээд шууд батлагдаж байна лээ. Ингэхээс ч аргагүй юм. Учир нь одоохондоо тэднийг даваад гарчих хүчирхэг хамгаалагч ‘‘Өнөөдөр”-т үгүй. Гандан бууршгүй “Ночи” хэмээх Н.Оюунчимэг, Б.Ариунаа нар хэнтэй ч тулгарсан, хуягт мэт л дайраад гарах яс, үс, мэх, бяр, арьс, шөрмөстэйгөөолон жилийн өмнөөс харуулсан. Итгэхгүй хүн байгаа бол “Монгол ньюс”-ын сагсан бөмбөг, волейболын тэмцээнд оролцож үзсэн хүнээс асуугаад үзээрэй. Ночи, Ариунаа нар талбайн тоглогчдыг хэрхэн тариа хадаж буй мэт ханаруулдгийг тэд батална. Ц.Энхцэцэгийн гол давуу тал нь түүний 175 см өндөр нуруу. Ийм хүн л хоёрдугаар давхарт Чехийн шигшээ багийн хоёр метр өндөртэй довтлогч Ян Коллерыг зогсоож чадна шүү дээ. Түүнчлэн түүний зүтгүүр чанар нь багийн дасгалжуулагч Б.Бундад таалагдсан байх учиртай. Яагаад гэвэл саяхны нэг волейболын тэмцээний үеэр тэр урт мөчөө хуга үсрэх магадлалтайг үл тоон шууд шалан дээр пидхийн унаж, бөмбөг авч байсныг Б.Бунд дасгалжуулагч хоёр нүдээрээ харсан юм. Зарим нэг хүнЦ.Энхцэцэгийн тэрхүү хосгүй техникийг “Өндөр хүн чинь гуалин унаж байгаа юм шиг, эсвэл “Хоёр өндөр” нурж байгаа шиг хэцүү харагдах юм” хэмээн буруугаар дүгнэж байсныг ахлах дасгалжуулагч эрс үгүйсгэж байсан. Байрны дарга Г.Сүхбаатар Ночи шиг бахим бие, Ц.Энхцэцэг шиг өндөр нуруугүй ч нэг чухал байж болох шалгуураар шигшээ багт багтжээ. Туслах дасгалжуулагч Р.Чулууны үнэлснээр тэр яаманд байхынхаа л сампин нүдэж, цэцэрлэгт орохоосоо л тооны машин өвөртөлж, урдуураа улаан хөлтэй буруу тоо гаргахгүй чамбай занд суралцсан болохоор ямар ч байсан байрлалаа орхиод доншуучлаад байхааргүй итгэлтэй хамгаалагч аж.
Хагас хамгаалалтын байрлалд хамгийн олон хөл бөмбөгчин өрсөлдсөн бөгөөд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийн дүнд Ц.Балдорж эрхлэгч нь өөрийн нэгдүгээр орлогч эрхлэгч “Миша’’ хэмээх С.Батбаатарт багийн цөм байх үүргийг хүлээлгэсэн. С.Батбаатар болбоос аль нэг спортод зүрхээ мэдүүлсэн хүн биш гэдгээ хэд хэд харуулсан. Уран сайхны гимнастикаас усан доогуурх аялал хүртэлхийг тэр хийж чадна. Тиймээс хөл бөмбөг энэ тэр түүнд “чепуха” байх нь мэдээж.
Харин баруун жигүүрийг их чухал хүнд оноосон нь А.Баасандорж. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчоор тодорсон Зинедин Зидан тус тэмцээний бэлгэдлийн багт багтсан учир Бааскаг талбайд гаргах зайлшгүй хэрэг гарсан. Учир нь франц хэлтэй тэрбээр Зидан “Өнөөдөр”-ийн тоглогчийг мөргөхөөр дөхөх үед энхийг сахиулах үүрэг хүлээх учиртай. Аргагүй байдалд хүрвэл саяхан хэвлүүлсэн Зиданы тухай номоо барьж очоод л гал унтраачихаж болно гэдгийг Б.Бунд ба түүний багийнхан гярхай олж харжээ. Харин довтлогчоор тоглох хүний сонголтод нэлээд маргаан үүссэн. Тоглогч статустай Ц.Балдорж хүртэл томчуудын мэтгэлцээнд хошуу дүрж байгаад цалингийнхаа 20 хувиар торгуулсан. Ингээд олон хоногийн маргааны дүнд багийн үндсэн довтлогчоор “Өнөөдөр”-ийн орлогч Л.Болормаа, тоймч Д.Сайнбаяр нар нэрлэгдэв. Дасгалжуулагчид хөнгөн шингэн Л.Болормаа гараа, барианы хурдаа ашиглан Роналдо, Анри нар шиг жирийж мэдэх юм, нөгөө талаар уйгагүй тэмцэх чадвартай хэмээн дүгнэжээ.
Ийнхүү хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах “Бэлгэдлийн шигшээ”-тэй тоглох “Өнөөдөр”-ийн “Холимог баг”-ийн гарааны бүрэлдэхүүн тодорсон. Тоглолт дугаар шилжих мөчид болсон тул та бүхэнд тус тоглолтын явцыг товчлон хүргэе.
Жалсрайн Баяржаргал