Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын албан тушаалтнууд байсхийгээд л авлига, албан тушаалын хэрэгт холбогдон шүүхээр гэм буруутай, эсэхээ дэнслүүлдэг. Олонхынх нь гэм буруутайг шүүх тогтоож, ял шийтгэл оноодог, цөөнгүй хүний хэргийг прокурор, шүүхийн шатанд хэрхсэн нь тодорхойгүй замхардаг билээ. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхны шалгасан, тус төвийн албан тушаалтнуудад холбогдох хэрэгт нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлджээ. АТҮТ-ийн тасгийн дарга болон инженер албан тушаал хашиж байсан П.Б, Д.Ө нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон”, 22.4-3-ын “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” хэмээн буруутгаж, улмаар гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх хоёр албан тушаалтан мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлснийхээ хариуд хахууль авч байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэнэ. Харин тэдэнд Б.О гэх хүн хахууль өгч иргэдийг шалгалтад тэнцүүлэх хүсэлт тавьж байсан нь тодорхой болж, дээрх хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчаар татагдан шүүхэд хэрэг нь очсон байна. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлигын дөрвөн хэрэг багтсаны нэг нь дээрх АТҮТ-ийн тасгийн дарга, инженерийн холбогдсон үйлдэл.
Уг хэргээс гадна хүүхдийн цэцэрлэгийн удирдлагын холбогдсон, гааль, хилийн цэргийн албан тушаалтнуудын өдүүлсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.